Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэдний тухай бид хэр мэдэх вэ?


Сканданивын хойгын Швед орныг дэлхий нийт “Volvo” машин, “IKEA” брэнд,“ABBA” хамтлагаар сайн мэднэ. “Volvo” машин нь бөх батын дээр номер нэг аюулгүй техникийн нэрийн хуудас болдог бол “IKEA” нь тавилга, дэлгүүрийн сүлжээ үйлчилгээний брэнд, “ABBA”хамтлаг нь поп хөгжмийн амьд домог болдог.
Монголчууд “АВВА”-гийн дөрвөлийг 1980-аад оноос таньдаг болсон. Тэр үеийн социалист системд багтаж байсан,бусад соц улсуудаас арай чөлөөт нийгэмтэй байсан Унгар, БНАГУ, Чехословак, Польш, Югослав зэрэг оронд суралцаж байсан монгол оюутнууд болон тэдгээрт ирж очиж байсан манай гадаад дипломат төлөөлөгч, дарга сайд нар, тэдгээрийн хүүхдүүд анх “АВВА”-гийн дууг сонсож пянз, бичлэг бүхий хальсыг нь эх орондоо авчирч байв. Ингэснээр монголчууд дэлхийн нийтийн сонирхлоос хоцроогүй. Ялангуяа тэр үеийн хаагдмал нийгэмд манай Төв шууданд зарим хүний шуудангийн хаягаар Унгарын “Vilag” гэдэг сэтгүүл ирдэг, мөн манайд ажиллаж байсан Унгар, Герман, Польш, Югослав ажилчид, мэргэжилтнүүдээс үзэж сонирхдог байсан сэтгүүлээс монголчууд “АВВА”-гаас эхлээд “Queen”, “Pink floid”, “Beegees”, “Smokie”зэрэг барууны рок, попын хамтлагууд, Демис Русо зэрэг алдарт дуучидтай “танилцаж”  мэддэг болсон юм.

Манайхан “АВВА”-гийн дууг анхлан сонсож байсан 1980-аад оны үед тус хамтлаг дэлхийд хэдийнэ нэрд гарчихсан, бараг тарахдаа хүрчихсэн үе/хамтлаг 1982 онд тарсан/ байв. Магадгүй, ийм ийм явдлаас болж “Мода Монголоор дуусдаг” гэсэн яриа гардаг ч байсан байх. Гэхдээ тэр үеийн хаагдмал системд бид дэлхийнсоёл, урлагаас хоцроогүй.

“АВВА”-гийн дууг бараг “нууцаар” сонсдог байсан монголчуудын хувьд тус дөрвөлийн талаарх ойлголт гэвэл “Money, money” дуу, шаргал үст Агнета Фальтско-г өхөөрдөм хөөрхөн хүүхэн хэмээн шүтэн бишрэхээс илүү хэтэрдэггүй байсан гэхэд хилсдэхгүй. Харин тэр үед “АВВА” хамтлаг “Fernando”, “Knowing me, Knowing you”, “Dancing Queen” цомгуудаа аль хэдийн гаргачихсан, тэдгээр нь хөгшин Европоос хальж, Америк, Австрали, Японыг байлдан дагуулсан хит болчихоод байсан байв.

Бид “АВВА”-гийн дөрвөл эхнэр, нөхрүүд, шаргал үст, хөөрхөн ялдам бүсгүй Агнета Фальтског Бьёорны эхнэр гэдгийг мэднэ. Гэхдээ тэд дөнгөж есөн жил амьдарсныг сайн мэдэхгүй. Хүүхэд шиг энхрий царайтай Бьёорн Ульвеусын хувьд хамтлагийн гол дуунуудыг зохиосон хөгжимчин, аринжировшик нь, хамтлагийн менежер Стиг Андерсоноос дутахгүй үүрэгтэй нэгэн байв. Түүнийг “АВВА”-даа хамгийн “үнэнчээр” үлдсэн хүн гэж хэлж болох хамгийн сүүлийн жишээ гэвэл тэрээр “АВВА”-г мөнхлөх музейг байгуулах саналыг гаргаж, санхүүжүүлсэн явдал юм. Ингэхдээ уг музейд “АВВА”-гийн олон сайхан дууг төрүүлсэн өөрийн төгөлдөр хуураа тавьжээ. Ер нь “АВВА”-гийн дөрвөл бүгд ажилсаг, энэ талаараа нэг нэгнээсээ ялгарах зүйлгүй хүмүүс байв.
Хамтлагийн хамгийн гол хүн бол монголчууд бидний энхрий ялдамын шүтээн болсонАгнета Фальтскоюм.Түүнгүйгээр “АВВА”-г төсөөлөхийн аргагүй. Тэрээр европ зүстэйнорвеги гаралтай, немц цустайФридагаа бодвол жинхэнэ швед гаралтай. Хамтлаг тарснаас хойш хамгийн нууцлаг байдлаар сураггүй “алга болсон” хүн бол Агнета Фальтско юм. Үүнийгээ тэрээр өөрөө “Би нэг хэсэг хугацаанд даяанч байдлаар амьдарсан” гэж хожим хэлсэн нь бий. Гэрээсээ бараг гардаггүй байсан түүний нууцмал амьдралын учир шалтгааныг хүмүүс түүний хэлсэн“Бид хүмүүсийн ой тойнд залуугаараа, бидний дуу тэдэнд залуу насанд нь үлдсэн учир хүмүүс “АВВА”-гтэр үеийнхээр нь хүлээн авч, сэтгэл зүрхэнд мөнх байг гэж би бодсон юм” гэснээр нь ойлгодог. Гэхдээ тэр сүүлд ил гарч ирсэн.

Агнета Фальтско-г хамтлагийн хамгийн гол хүн гэдэг. Энэ нь ч олон учиртай. Тэрээр таван настайдаа төгөлдөр хуурын ард гарч, сүмд тоглон, 12-тойдоо Бахын хөгжим сурсан тэрээр удалгүй охидын хамтлаг байгуулж, 17-тойдоо анхныхаа дуугаа бичүүлж байсан зоримог мөртлөө энхрий ялдам, бас дураараа байсан нэгэн. Хэдийгээр Фрида “АВВА”-гын анхны ээж болсон хүн ч гэсэн Агнета, Бьёорн хоёрын гэр бүл “АВВА”-гынхнаас анхны хүүхдүүдээ төрүүлсэн нь. Хамтлаг ид хүчээ авч, нэрд гарч байх үед хүүхэд төрүүлсэн ч Агнета амаржсаныхаа дараа 14 хоноод дууныхаа бичлэгтээ орж байсныг бодоход бас дайчин бүсгүй. ... Хөгжим, бичлэг, аялан тоглолт, нүүдэл суудал гэсээр байгаад би хүүхдүүдээ буруу хүмүүжүүлчих вий гэдгээс их айж зовж байсан хэмээн Агнета хожим дурсан нь бий. “Баян хүнийг балаг тойрдоггүй” гэдэг шиг тэдний сая сая шүтэн бишрэгчид нь “АВВА”-гын дөрвөлийг аз жаргалтай хүмүүс хэмээн бодож байсан болох. Хэдий тийм ч хүн л болсон хойно зовлон, бэрхшээл, хагацал гуниг, шарх тэдний гадуур дайраагүй. Хамтлагийн оргил үед Агнетагын ээж амиа хорлож, жилийн дараа эцэг нь мөн нас барсан зовлонг Фальтско болон хамтлагийнхан үүрч явж байв. Агнетагийн сэтгэлийн хүнд дарамт, дээр нь хүүхдүүдээ гэсэн сэтгэл хоёрдсон байдал зэрэг нь удалгүй хамтлаг тарахад хүргэсэн гэж дүгнэдэг. Гэхдээ түүнээс өмнө Агнета, Бьёорн хоёр салсан нь хамтлагийн гунигт явдал байв.

Эрх дураараа, энхрий ялдам хэр нь хэнэггүй Агнетагийн дэргэд Фрида/Анни-Фрид Синни Лингстад/ багаасаа өнчирч эмээ дээрээ өссөн, Фальтскогоос дутахгүй зовлон амссан нэгэн байв.  Хамтлагийнхны хувцасны загвар, тэр ч байтугай бүжгийн хэмнэлийг зохиочихдог тун ажилсаг, өөдрөг сэтгэлтэй, хөгжилтэй нэгэн байв. Тэрээр “АВВА”-д сүүлд орсон бөгөөд түүнийг анх ирэхэд тийм ч таатай бус хүлээн авч байснаа Агнета дурссан байдаг. Фридагийн нөхөр, “АВВА”-гын нэг гол гишүүн Бенни Андерсоны хувьд бусад гишүүдийнхээ адил дуу хөгжимд залуугаасаа орсон, өөрийн хамтлагтай байсан, “АВВА”-гын ихэнх дууны ая, найруулгыг хийсэн хүн.
“АВВА”-гын анхны дуу, цомог нь “Ring ring” юм.  Тэд энэ дууныхаа бичлэгтэй “Евровидение”-д оролцон түрүүлж байв. Харин хамгийн супер дуу болох “Dancing Queen”-ээ Бразилд аялан тогтлолт хийж байхдаа багт наадам, карнавалын үеэр санаа “олж” туурвисан гэдэг.

•    Ring Ring (1973)
•    Waterloo (1974)
•    ABBA (1975)
•    Arrival (1976)
•    The Album (1977)
•    Voulez-Vous (1979)
•    Super Trouper (1980)
•    The Visitors (1981)


Орчуулж бэлтгэсэн Б.БИЛГҮҮН

0 Сэтгэгдэл
Үнэхээр гоё хамтлаг
Хамгийн их уншсан