Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Наранбат: Сонгогчдын ирц 50 хувьд хүрэхгүй бол нэмэлт санал хураана


Монгол Улсын Ерөнхий­лөгчийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хийж буй.  Өнгөрсөн хугацаанд аймаг, нийслэлийн, сум, дүүргийн сонгуулийн болон хэсгийн хороодыг байгуулсан. Улсын хэмжээнд 1904 хэсгийн хороо ажиллаж байна. Өмнө нь хэсгийн хороодын бүрэлдэхүүнд нэр дэвшүүлсэн намын төлөөлөл багтдаг байсан бол өнгөрсөн оны сүүлээр баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд үүнийг өөрчилж, төрийн захиргааны байгууллагын албан хаагчдыг хэсгийн хорооны бүрэлдэхүүнд оруулахаар тусгасан. Хуулийн эл заалтын дагуу энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар хэсгийн хороодод 16 мянган төрийн албан хаагч ажиллах юм.
Зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа автоматжуулсан систем ашиглаж буйгаараа онцлогтой. СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төв сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах санал тоолох төхөөрөмжүүдийг бэлтгэх, техникийн бэлэн байдлыг хангах, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн талаархи мэ­дээл­лийг саналын хуудсанд программчлах ажлыг хийж эхэлжээ. Сонгуулийн авто­матжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн техно­логийн төвийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг санал тоолох төхөөрөмж нэг бүрийг шалгаж, гэрчил­гээ­жүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
Ингээд СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга П.Наранбатаас Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалттай холбоотой дараахь  тодруулгыг авлаа.

-Гадаадад байгаа сон­гогч­дыг бүртгэх ажил өнөө­дөр /өчигдөр/ дууссан. Урьд­­чилсан байдлаар хэч­нээн хүн бүртгүүлсэн бол. Нэгд­­­­сэн дүн нь хэзээ гарах вэ?
-Гадаадад байгаа сонгогч­доо бүртгэх ажил тавдугаар сарын 5-наас эхэлж 25 хоног үргэлжилсэн. Өчигдөр /уржигдар/ авсан мэдээллээр урьдчилсан байдлаар 3500 орчим хүн бүртгүүлсэн байна. Гэхдээ энэ тоо нэмэгдэх байх. Бүртгэлийг зогсоосноос хойш хоёр хоногийн дотор хэчнээн иргэн бүртгүүлж вэ гэдгийг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт байрлаж байгаа сонгуу­лийн салбар комиссууд ГХЯ-нд мэдээлнэ.
ГХЯ-нд бай­гаа Сонгуулийн комисс ту­хайн мэдээллийг хүлээж аваад УБЕГ-т хүргүүлэх юм. Бүртгэлийн байгууллагынхан энэ хүмүүсийн нэрийг Монгол дахь сонгогчийн нэрийн жагсаалтаас хасах ёстой. Энэ ажил зургадугаар сарын 2-нд дуусна.

-Гадаадад байгаа сон­гогчдоосоо зургадугаар са­рын 14-16-нд санал хураана. Саналын хуудсын загварыг баталсан уу?
-СЕХ энэ долоо хоногт гадаадад байгаа сонгогчдоос санал хураах саналын хуудасны хэвлэх тоог батална. Саналын хуудасны загвар бэлэн болсон. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар анх удаа саналын хуудсыг нэр дэвшигчийн зурагтай хэвлэх юм. УИХ-д хамгийн олон суудал авсан намын дарааллаар нэр дэвшигчийн зургийг байрлуулна.
Гадаадад байгаа сонгогч­доос санал авах саналын хуудсыг зургадугаар сарын эхээр хэвлэж эхэлнэ. Ингээд ГХЯ-нд байгаа комиссоор дамжуулж салбар комиссуудад хүргүүлнэ. Үндсэн сонгуулийн саналын хуудас хэзээ хэвлэгдэх вэ гэвэл Сонгуулийн санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороодод хүргүүлсэн байх ёстой. Энэ хуулийн хугацаанд саналын хуудсаа хүргүүлэх ажлаа зохион байгуулна.

-Ерөнхийлөгчийн сон­гуу­­лийн тухай хуульд ха­рааны бэрхшээлтэй хү­мүү­­сийн сонгох эрхийг эд­лүүлэхийн тулд саналын хуудсыг барель үсгээр хэвлэх заалт оруулсан. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх гэж байна вэ?
-Энэ бол хуульд оруулсан шинэлэг зохицуулалтын нэг. Санал авах байрт хөгж­лийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал өгөх бүхээг бэлтгэх ёстой. Тухайлбал, хараагүй хүн барель үсэгтэй саналын хуудсаар санал өгнө. Мэ­дээж, саналын хуудас нэг л загвараар батлагдаж, хэвлэг­дэнэ. Тэгэхээр хараагүй иргэ­дэд зориулсан загвар бо­ловсруулж байна. Урьдчилан танилцуулахад, саналын хуудсыг хавтсанд хийж, нэр дэв­шигчийн өмнөх дугуйлах хэсгийг нь цоолно. Хавтсанд нэр дэвшигчийн нэрийг ба­рель үсгээр бичиж наах юм. Харааны бэрхшээлтэй хүн өөрөө барель үсгээр ун­шиж, саналаа өгөхөөс гадна итгэмжлэгдсэн хүнийхээ тус­лал­цаатайгаар саналаа өгөх боломжтой. Хараагүй иргэ­дийн холбооноос манай бай­гууллагад гаргаж өгсөн судалгаагаар харааны бэрх­шээлтэй иргэдийн 30-40 хувь нь л барель үсгээр уншиж чад­даг юм билээ.

-Хэсгийн хороодод ажил­лах 16 мянган төрийн албан хаагч хэрхэн саналаа өгөх вэ. Тэдний дунд оршин суугаа газрынхаа харьяа хэс­гийн хороонд биш өөр хэсэгт ажиллах нь ч байгаа?
-16 мянган төрийн албан хаагчаас гадна сонгуулийн хэсгийн хороо бүрт ажиллах мэдээллийн технологийн даам­лууд, цагдаагийн албан хаагчид, УБЕГ-ын ит­гэмж­лэгдсэн төлөөлөгчид өөрийн­хөө үндсэн хаяг дээрээ саналаа өгөх боломжгүй то­хиол­дол өмнөх сонгуулийн үед гарсан. Тиймээс аймаг, нийслэлийн сонгуулийн хо­рооны удирдлагуудыг нэгд­сэн сургалтад хамруулж, шил­жилт хөдөлгөөн явагдах хугацаанд тэдний сонгогчийн шилжүүлгийг хийж сонгох эрхийг нь эдлүүлэх чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу ажлаа зохион байгуулан ажиллаж байгаа.

-Орон нутагт үйл ажил­лагаа явуулдаг уул уурхайн компаниудад ажил­ладаг олон хүн сонгууль бол­гоноор саналаа өгөө­гүй тухай мэ­дээлэл гар­даг. Өнгөрсөн УИХ-ын сон­гуулийн үер “Оюу тол­гой” компанийн ажил­чид санал өгөөгүй гэсэн. Ин­гэж ажилчдадаа сонгох эр­хийг нь эдлүүлээгүй аж ахуйн нэгжид хариуцлага тоо­цох заалт хуульд бий юү?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэм­жээ­ний мөнгөөр торгох хариуц­лага ногдуулах ту­хай заалт бий. Өмнөговь болон бусад аймагт байгаа уурхайнуудад олон хүн ажилладаг. Өмнөговь гэхэд л “Оюу толгой”-д ажиллаж байгаа 4000 орчим хүн саналаа өгч чадахгүй ажлаа хийсэн тухай асуудал гарсан.
Тухайн үед СЕХ Өмнөговь аймгийн удирдлагуудад уурхайд ажил­лаж буй иргэдийнхээ сонгох эрхийг эдлүүлэх талаар хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн. Байгууллагын захиргаа хойрго хандсанаас иргэд сонгох эрхээ эдэлж чадахгүй байх тохиолдол гардаг.

-Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн тухай хуульд нэ­мэлт санал хураалт явуу­лах тухай заалт орсон. Үүнийг манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юү?
-Тухайн хэсгийн хороонд санал өгөх ёстой нийт сонгог­чийн 50-иас дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тэр хэсэгт нэмэлт санал хураана. Өөрөөр хэлбэл, сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч байж л санал хураалт хүчинтэй болно гэсэн үг. Сонгуулийн дүнг нэгтгэж ирц хүрээгүй хэчнээн хэсгийн хороо байна вэ гэдгийг тодруулсны дараа долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг СЕХ гаргана. Тухайн ирц хүрээгүй хэсгийн хорооны сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй саналаа өгөөгүй хүмүүсийг оролцуулах юм.

0 Сэтгэгдэл
Хар машин байгаа хойно элбэгээ гарна л даа
eebee erhbish garna biz dee.
Хамгийн их уншсан