Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бороо гоулдын дотоод хяналтаас суралцав


Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7.2, 8.2.1 дэх заалт,  Монгол Улсын Засгийн газрын 2011 оны  арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 311 дүгээр тогтоолын дагуу харьяа байгууллага, аж ахуйн нэгж, өөрийн аппаратад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нэгжтэй байх үүрэгтэй болсон билээ. Иймээс энэ шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга хэлбэ­рийг бүрэн нэвтрүүлэх үүднээс энэ онд хяналт шалгалтыг улсын байцаагчдын хэрэгцээ шаардлага, хяналтын обьектын онцлогт тохируулан төр болон хувийн хэвшлийнхний дунд сургалт хийж эхлээд байгаа юм.

Саяхан улсын байцаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорил­гоор МХЕГ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, “Бороо гоулд компани” хамтран төвийн бүсийнхнийг хамруулсан “аж ахуйн нэгжийн дотоод хяналт, шалгалт” сэдэвт сургалтыг Сэлэнгэ аймагт зохион байгууллаа. Сур­гал­тын сүүлийн өдөр номын дуу сонссон суралцагсад компа­нийн дотоод хяналт хэрхэн үр дүнгээ өгч байгаатай танил­цахаар Бороогийн уур­хайд зочлон нэг өдрийг өнгөрүүлсэн юм. Уурхайн дотоод хяналт хэрхэн хийгдэж байгаа талаар ирсэн зочдод хандан Бороо гоулд компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал ноён Жон Казакофф “Манай компанийн ажилчин болгон ажлын байрандаа аливаа дутагд­лыг илрүүлэх, түүнийгээ засч залруулах талаар хя­налт шалгалтын ажлыг хийж ажилладаг.
Жишээ нь, үйлдвэрлэл явж байгаа нөх­цөлд галын, технологийн олон журам мөрдөгдөх ёстой учир ямар нэг зөрчил гаргахгүй ажиллах, хэрэв зөрчил дутагдал илэрвэл үр дүнтэй арга хэмжээ авах талаар анхаардаг. Тиймдээ ч манай компанид ямар нэг зөрчил дахин дахин давтагдаад байдаггүй. Компанийн маань тэргүүний сайчууд гэдэг нь аюулгүй ажиллагаанд хяналт тавьдаг хүмүүс байдаг” хэмээн ярьсан юм. Тус компанийн хувьд 2007 онд дотоод хяналтын нэгжийг байгуулж, Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу 2012 онд өөрчлөн зохион байгуулсан аж. Ажлын байрны аюулгүй ажиллагааг сахихад гол хөшүүрэг нь хүн бүхэн аюулгүй ажиллагааны хяналтын чиглэлээр юу хийснээ тэмдэглэл хөтөлж байдаг аж. Түүнийгээ бие биедээ хуваалцах нь чухал үр дүн өгдөг гэнэ. Нэг үгээр хэлбэл ажилчин бүр мэргэжлийн байцаагчийн ажлыг хийж байдаг гэж хэлж болно.
Санхүү, татварын хууль, тогтоомжоос бусад бүх хууль тогтоомж, дүрэм журам, норм стандартуудын хэрэгжилтийг хангах үүднээс дотоод хяналтын нэгж нь компанийн дотоод журам, дүрмүүдээрээ компанийн үйл ажиллагаандаа тогтмол хяналт тавьдгаараа өнөөдөр ийн жишиг болж компани дээрээ практик сургалт үзүүлсэн юм.

Эдний компанийн дотоод хяналтын нэгж нь компанийнхаа Ерөнхийлөгчид ажлаа шууд тайлагнадаг бүтэцтэй. Тиймээс ч ямар нэгэн зөрчлийг цаг алдалгүй засч залруулахад шуурхай үр дүн өгдөг бололтой. Дотоод хяналтын нэгжийнхэн нь уурхайнхаа үйл ажиллагаатай холбоотой Монгол Улсын хууль тогтоомжинд орсон нэмэлт өөрчлөлт, шинэчлэлийг судалдаг гэнэ. Түүнчлэн хуулийг мөрдүүлэхтэй холбоотой журам, дүрэм, норм стандартыг холбогдох яам агентлагаас авч ажилдаа нэвтрүүлдэг гэх. Тус компанийн Хяналтын нэгжийнхний хувьд шинэ батлагдсан хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх талаар хөрөнгө оруулагч хийгээд компанийнхаа удирдлагуудад зөвлөмж боловс­­руулан танилцуулах, холбогдох зардал төсвийг тусгуулах, нэгжийн удирдлагуудтай хамтран хэрхэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Тэд өнөөдөр барилга байгууламж, тоног төхөөрөмж, байгаль орчин, химийн бодисын чиглэлээр сард 2-3 удаа дотоод хяналтын шалгалт явуулдаг болжээ.

Компанийн ажилчид ажил эхлэхээс өмнө аюулгүй байдлыг хангах үүднээс ажлын байрны өдөр тутмын үзлэгийг тогтмол хийдэг. Мастерууд нь тухайн ээлжийн операторуудад зааварчилгаа өгч, осол гэмтлээс сэргийлж аюулгүй ажиллагааны горимуудтай танил­цуулна. Ингээд л хийх ажлынхаа зааварчилгааг ойлгосон, аюулгүй ажиллагаатайгаа танилцсан ажилчид дүрэм журмаа мөрдөн ажилласаар өнөөдөр осол гэмтэлгүй 1000 гаруй цагийг ардаа үджээ.
Эдний хамт олон аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн, ариун цэврийн, ажлын байрны агаарын чанар, дуу чимээ, дулааны хэмжилт, сайн дурын вакцинжуулалт зэрэг ажилчдынхаа төлөө хийх дотоод хяналтаас гадна байгаль орчны хяналтыг жишиг болохуйц тавьдгийг нь гараар барьж нүдээр үзсэндээ сургалтад оролцогчид ам сайтай байсан юм. Зочдоос байгаль орчны хяналтын талаар маш ихийг сурлаа гэх үг ч унаж байлаа.

Дотоод хяналт шалгалтын сургалтын сүүлийн өдөр зарим хүний сэтгэгдлийг нь сонслоо.

Дадлагын сургалт маань болж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тамгын газрын дарга Г.Батмөнх:

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санаачилж дотоод хяналтын сургалтын үйл ажиллагааг гурав хоногийн хугацаатай зохион байгуулж өнөөдөр сүүлийн өдөр буюу практик дадлагын сургалт маань болж байна. Өмнөх хоёр өдөр танхимын сургалт болж өнгөрсөн. Танхимын сургалтаар дотоод хяналт гэж юу юм, ямар төвшинд байх ёстой, дэлхийн жишиг туршлага ямар байгаа хийгээд Монголд яаж хэрэгжиж байна, ер нь юуг нь хянаж шалгах гээд байгаа юм гэх мэтээр сургалтад оролцсон хүмүүстээ маш нарийн ойлголт өглөө. Мөн нөгөөтэйгүүр бидний сургалтын үйл ажиллагаанд Австрали, Канад, Солонгосын төлөөлөгчид оролцож байгаа. Эдгээр хүмүүс маань жишээ нь Австралид уул уурхайн чиглэлээр, Солонгост хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар дотоод хяналт яаж хийдэг талаар туршлага хуваалцлаа. Эцэст нь хэлэхэд олон сэдвийг өргөн хүрээтэй хөндөж сургалтыг илүү оновчтой ач холбогдолтой зохион байгуулж чадлаа.



Олон улсын туршлагаас нэг их холдсон зөрсөн юм харагдахгүй байна


Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Я.Ариунзул:

-Аж ахуйн дотоод хяналтыг хийхэд мэргэжлийн албаныхан болон хувийн хэвшлийнхэн маань юуг хамгийн сайн ойлгох хэрэгтэй вэ. Түүнээс гадна дотоод хяналтаа яг юунаас эхэлбэл оновчтой бол?
-Дотооддоо хяналт тавьж ажиллана гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Тиймээс Монгол Улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, бизнес эрхэлж байгаа болгон дотооддоо хяналттай болох цаг ирээд байна. Өөрөөр хэлбэл бизнесийн, компанийн хариуцлагыг нэмэгдүүлж байгаа л ажил юм. Дотоод хяналтаа юунаас эхлэх талаар толгой гашилгаад байх хэрэггүй, компаниуд хамгийн эрсдэл өндөр гэсэн зүйлээсээ л эхлэх ёстой. Жишээлбэл, барилга барьж байгаа компани хөдөлмөрийн аюулгүй байдал, уул уурхайд экологи эрсдэлтэй бол экологиос, сургууль, цэцэрлэг зэрэг газруудад бол стандартаасаа гэх мэт өөрийнхөө хамгийн эрсдэлд өртөж болох тэр зүйлээсээ л эхэлж хяналтаа тавих хэрэгтэй.

-Энэ удаагийн сургалтын үр дүнг юу гэж харж байна вэ?
-Дотоод хяналтын эрхзүйн орчин бол бүрэлдчихсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд ч өөрчлөлт орсон. Засгийн газрын 311-р тогтоолын дагуу дотоод хяналт тавих нийтлэг журам гарсан байгаа. Одоо компаниуд маань л өөрсдөө эрхзүйн орчиноо дотооддоо бий болгох ёстой. Тухайн компанийн хянан шалгагч нь юу хянах, ажилтан нь юу мөрдөх гэдгийг. Сургалтын хувьд мэдээж үр дүнтэй болсон. Энэ өдрүүдэд таван аймагийн төр хийгээд хувийн хэвшлийнхэнд дотоод хяналт гэж юу болох, хэрхэн хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголт өгсөн. Одоо хамгийн гол нь дотоод хяналт, аудит хоёрын ялгаа заагийг гаргаж хяналт нь хяналтаа хийж, аудит нь аудитаа л хийдэг болмоор байна. Түүнчлэн Канад, Австрали, Солонгосын туршлагыг сонслоо. Өнөөдөр Бороогийн уурхайд ирээд дотоод хяналтыг хэрхэн хийж байгааг нь харахад олон улсын туршлагаас нэг их холдсон зөрсөн юм харагдахгүй байна.



Дотоод хяналтыг маш сайн хийдэг компани


Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Энхсайхан:

-Танай аймагт болсон сургалт хэр үр дүнтэй болов. Чухам яагаад Бороогийн уурхайг сургалтынхаа нэг хэсгээр сонгов?
-Сэлэнгэ аймагт болж байгаа дотоод хяналт шалгалтад мэргэшүүлэх энэ сургалт маань амжилттай зохиогдож байна. Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж болгондоо дотоод хяналтын алба гэдгийг байгуулсан. Ингэснээр төр ба хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж аливаа эрсдлээс тойрно гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийг сургалтад оролцсон 200 гаруй хүндээ хариуцлагатай уул уурхай гэж ямар байдаг юм, дотоод хяналт шалгалтыг хэрхэн хийж эрсдэлгүй хамт олон болж байгааг олон чиглэлээр үзүүлэхээр энд ирлээ. Өнөөдөр “Бороо гоулд” компани дээр хийж байгаа энэ сургалт маань сүүлийнх нь. Энэ компанийг яагаад сонгосон юм бэ гэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны аюулгүй байдлын гээд дотоод хяналтыг маш сайн хийдэг юм. Нөхөн сэргээлтээ ч бас сайн хийж байгаа. Тэгээд ч зүгээр нэг сургалт болоод өнгөрөхгүй бодит зүйл дээр харуулах нь сургалтад оролцогсдод маань бүр илүү үр дүн өгөх байх.


Бид 2007 оноос дотоодын хяналт шалгалтыг
хийж ирсэн


Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Л.Жаргалсайхан:

-“Аж ахуйн нэгжийн дотоод хяналт, шалгалт” сэдэвт сургалт танай уурхайд үргэжлжилж байна?
-Манай компани Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа төвийн бүсийн мэргэжлийн хяналтын боловсон хүчнүүд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд хамрагдсан сургалтанд оролцогчдыг өндөөдөр уурхай дээрээ хүлээн авч байна. Бороогийн уурхай ингэж сургалтын нэг хэсэг болж байгаад баяртай байна.

-Яагаад танай уурхай сургалтын нэг хэсгээр сонгогдсон юм бэ?
-Энэ сургалтанд оролцсон хүмүүс манай уурхайг сонирхон ирж байгаа учир шалтгаан нь гэвэл байгууллагын дотоод хяналтыг хэрхэн зохион байгуулсан талаар харилцан санал солилцож, газар дээрээ хэрхэн хэрэгждэгийг үзэх ажил болж байгаа юм. “Бороо гоулд” компани 2003 оноос үйл ажиллагаа явуулахдаа хариуцлагатай уул уурхай, гадаадын шууд хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд Монгол Улсын хууль тогтоомж, журам, сатандартыг дээдлэн сахиж үйл ажиллагааныхаа үндсийг болгон ажиллаж ирсэн. Бид 2007 оноос дотоодын хяналт шалгалтыг хийж ирсэн туршлагатай. 2012 оноос өөрчлөн байгуулаад тусдаа дотоод хяналт, шалгалтын нэгжтэй болсон. Тиймээс л манай компанийн үйл ажиллагааг газар дээр нь үзэхээр өнөөдөр зочид ирээд байна.

-Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба “Бороо гоулд” ХХК-ийн хамт олонд гурван сая хүн цаг хөдөлмөрийн осол эндэлгүй ажилласанд баяр хүргэж, батламж гардуулж байсан. Осол эндэлгүй ажиллах нь компанийн дотоод хяналт, шалгалтын нэгж хэрхэн ажиллаж байгаатай холбоотой байх даа?
-Мэдээж хэрэг. Дотоод хяналт, шалгалт сайн байх нь компанийн амжилтад нөлөөлнө. Манай дотоод хяналт шалгалтыг хийж ирсэн ажилтнууд маань аюулгүй ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт, технологийн зарим үйл ажиллагаан дээр тогтмол шалгалт, хяналтуудыг хийж байдаг. Тэгээд илэрсэн дутагдал, зөрчлийг засч залруулах талаар шууд компанийн удирдлагуудад танилцуулж нэн даруй арга хэмжээ авч чаддаг. Тиймээс үр дүнгээ ч өгч байна. Бид аюулгүй ажиллагаан дээр гурван жил орчим хөдөлмөрийн чадвар алдалт, бэртэл гэмтэл, байгаль орчны асгаралт бохирдолтгүй үйл ажиллагаагаа явууллаа. Бороогийн уурхай дээр гэхэд 120 гаруй тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явагдаж байдаг. 90 гаруй нь жилдээ сунгагдаж явдаг. Хамгийн гол нь дотоод хяналт сайн байгаа нь байгаль орчноо хамгаалсан уул уурхайн үйл ажиллагаа явуулахад суурь нөлөө нь болж байна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан