Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Дэнзэн: “Эрдэнэс Тавантолгой”-д санхүүгийн шалгалт хийлгэсэн учраас зарим хүн надад ингэж хандсан

ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнтэй холбоотой үнэн худал нь үл мэдэгдэх яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа гарах болсон. Тэрээр энэ бүхнийг нэг мөр болгох үүднээс  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрээр өөрийгөө товч танилцуулав. Г.Дэнзэн МУИС-ийн Хэрэглээний математикийн ангийг төгссөн, тооцон бодох, тоглоомын онолын чиглэлээр мэргэшсэн хүн аж. Сургуульдаа багшаар ажиллаж байгаад одоогийн Ерөнхий сайд хамтарч ажиллая гэх санал тавьсны дагуу УИХ дахь АН-ын зөвлөлд уул уурхай, Оюутолгой болон төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр математик загвар боловсруулахаар ажиллаж эхэлжээ. Үүний дараа Тэргүүн Шадар сайдын ажлын албанд ажиллаж байгаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас АН-ын “Монгол хүн-2020” хөтөлбөрт ажиллаж, УИХ-ын өнгөрсөн оны сонгуулийн үеэр намынхаа Шуурхай албаны даргын алба хашсан. Мөн хяналт шалгалт мониторингийн чиглэлээр ажилласан нэгэн юм байна. Тэрээр энэ талаараа “Нам маань УИХ-ын сонгуульд олонхи болсны дараа намын удирдлагууд ЗГХЭГ-т дэд даргаар ажиллах санал тавьсан. Би залуу хүний хувьд энэ ажлыг хийхийг зөвшөөрсөн хэрэг. Ажлаа аваад нэлээд шинэ зүйлийг санаачилж хийсэн. Тухайлбал, аймаг болон яамдын удирдлагуудтай холбогдож, цахим хурал хийхийн зэрэгцээ төрийн байгууллагуудад хяналт шалгалт явуулж эхэлсэн. Энэ ажлыг хийж байхад төрийн албан хаагч болон зарим газрын дарга нартай холбоотой зөрчил дутагдал илэрсэн л дээ. Тухайлбал, гадаадад аяллаар явуулдаг, төрийн албан хаагч өөрсдийнхөө ойр дотны хүнд орон сууцны дэмжлэг үзүүлэх, ТУЗ-ийн гишүүд, дарга нар их хэмжээний мөнгийг ашиг гэж авдаг болсон байсан. Энэ мэт хэргийг илрүүлсэн учраас зарим хүн надад их дургүй байдаг” гэв.
Тэрээр ажил үүргийн хуваарийн дагуу “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа аж. Түүнийг ажлаа хүлээж авахад тус компани маш их өртэй, санхүүгийн алдагдалтай, нүүрсээ ашиггүй зөөвөрлөдөг байсан гэнэ. Энэ талаар тэрээр “Би тооцон бодох математикаар мэргэшсэн хүний хувьд уг компанийг хэрхэн ашигтай ажилууллах талаар нэлээд тооцоо судалгаа хийсэн. Энэ маш амархан байсан. Тээврийн бодлогоо зөв тодорхойлох байв. Өөрөөр хэлбэл, нүүрсээ буулгаад урд хөрш рүү экспортлохдоо хэрхэн ашигтай ажиллах вэ гэдэг л байсан. “Эрдэнэс Тавантолгой” компани ашиг сонирхлын зөрчил их байсан учир санхүүгийн болон аудитын шалгалт хийлгэсэн. Энэ мэт шалтгаанаас болж хүмүүс намайг ор үндэсгүй мэдээллээр гүтгэн доромжлох болсон. Тухайн үед би гүтгэж байна гэдгээ ч хэлсэн. Би Төрийн банк болон төрийн байгууллагыг ашигтай ажиллуулах, зөрчлийг арилгахын төлөө зүтгэж байгаа. Цаашид ч зүтгэнэ. Доромжлол гүтгэлэг хэрээс хэтэрлээ. Энэ нь тухайн хүний гэр бүлийн хүнд хүндээр тусдаг юм билээ. Нэр төрөө сэргээлгэхээр өөрийн хүсэлтээр шалгуулахаар өргөдлөө өгсөн. Надад ямар ч лиценз байхгүй. Эцэг эхээс өвлөсөн хөрөнгө мөнгө алга. Миний аав цөмийн физикч, ээж маань насаараа эмч хийсэн. Надад багш нараас өвлүүлсэн мэдлэг, хийе бүтээе гэсэн сэтгэл л байна. Гэтэл мөнгөтэй айлын баян хүүхдүүд УИХ-ын гишүүн болчихоод халдашгүй дархан эрхээрээ хүнийг улайм цайм дайрч доромжилдог боллоо. Би дэндүү шударга зантай. Үүнээсээ болоод зарим хүний уур ундууцлыг төрүүлээд байх шиг байна” хэмээн ярилаа. Тэрээр сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.

-“Говь повер” компани танай эхнэрийн нэр дээр байдаг юм биш үү?
-Ийм компани надад болон манай гэр бүлийн хүнд байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. “Эрдэнэс Тавантолгой”-д шалгалт хийгээд ирэхээр олон хүний эрх ашиг зөрчигдөөд байгаа юм билээ. 17 тэрбум төгрөгийн тендер гээд зохиомол зүйл гаргаад ирсэн. Шударга байсныхаа төлөө ингэж доромжлуулах ёстой юм байлгүй дээ. ТУЗ-ийн дарга компанийнхаа гүйцэтгэх болон дэд захирлыг томилж, чөлөөлж, хяналт тавьж ажилладаг. “Эрдэнэс Тавантолгой”-д явагдаж буй тендер, гэрээ хэлцлүүд гүйцэтгэх захирал болон санхүүгийнхний хийдэг ажил. ЗГХЭГ-ын дэд дарга учраас тендер мэтийн зүйлд оролцох үндэслэл надад байхгүй.

-“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ ямар үүрэгтэй юм бэ?
-“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ тухайн компанийнхаа төсвийг баталдаг, гүйцэтгэх болон дэд захирлыг томилдог, жилд хоёр удаа хувь нийлүүлэгчдийн хуралд ажлаа тайлагнадаг юм. Тус компанийн санхүүгийн тайланг авч үзэхэд маш олон зөрчил илэрсэн. Энгийн жишээ хэлэхэд “Эрдэнэс Тавантолгой” дөрвөн дэд захиралтайгийн хоёр нь гадаад. Энэ хоёр хүнтэй хийсэн гэрээг судалж үзэхэд нэг гадаад захиралд нь жилд 500 сая төгрөгийн цалин өгч, 4000 ам.долларын түрээсийн байранд амьдруулдаг байсан юм билээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой”-н мөнгөөр Харвардын их сургуулийн магистрантурт сурдаг байж. Тэр хүн өөрөө ч хувийн ашиг сонирхлын зөрчилтэй. Өөрөөр хэлбэл, хувийн компанид ажилладаг хэр нь тэр компанитайгаа гэрээ хийсэн байсан. Бүх гэрээ, баримт нь надад бий. Тиймээс энэ хүнийг би ажлаас нь халсан. Нөгөө нэг гадаад дэд захирлыг нь ч халаад байгаа. Тэдэнд “Эрдэнэс Тавантолгой”-г бэхжүүлэхийн төлөө хийсэн зүйл байгаагүй. Хийсэн ажлынхаа тайланг бичээд ир гэхэд гурван хуудас цаас л өгөх жишээтэй. Тэднийг ажлаас халсны дараа удирдлагын зардал 65 хувиар буурсан.
Нүүрс бусад ашигт малтмалыг бодвол харьцангуй амар салбар шүү дээ. Гаргасан нүүрсээ дэлхийн зах зээлд хэрхэн ашигтай арилжаалахаа шийдэхэд л хангалттай байдаг. “Чалко”-д 180 сая ам.долларын өрөө төлсний дараа бид дэлхийн бусад оронд нүүрсээ экспортлох боломжтой болно. Энэ хугацаанд нүүрсээ дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэлээс хамаарч нийлүүлэх юм. Засгийн газар “Чалко”-гийн 180 сая ам.долларыг төлчихвөл энэ хүлээснээс гарчихаж болж байгаа юм. Гэхдээ нэг компанийн үйл ажиллагааг Засгийн газар дэмжээд байх боломжгүй. Өөрсдөө бүтээгдэхүүнээ гаргаад жилийн дотор төлөх нөхцөлтэй явж байна. Хэзээ дуусах нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнээс хамаарна.

-Та албан тушаалынхаа дагуу хэчнээн компанийн ТУЗ-ын гишүүн бэ. Эдгээрээс хэчнээн төгрөгийн цалин авдаг вэ?
-Төрийн өмчийн компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалинтай холбоотой Засгийн газрын тэмдэглэл гарсан. Нэг компанийн ТУЗ-ийн гишүүн байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос доошгүйгээр нугалж цалин олгоно хэмээн заасан байдаг. Би ажил үүргийн хуваарийн дагуу “Эрдэнэс МГЛ” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Мөн Төрийн банкны ТУЗ болон ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг.

-ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Ш.Солонго таныг өөрийнх нь ажлыг авна гэж ярьсан хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Би Ш.Солонго даргыг хүндэлдэг. Бид хоёр өмнөх дөрвөн жил хамтарч ажилласан. Тэр хүнээс надад сурсан зүйл их бий. Би тэр хүний ажлыг авна гэж огт бодоогүй, хэлж, ярьж ч байгаагүй. Бид хоёрын нэг нь бодлого зохицуулалт хууль, нөгөө нь орон нутаг хяналт шалгалтаа хариуцаж ажилладаг байсан. Төрийн банкны өмнөх ТУЗ-ийн гишүүдтэй холбоотой зөрчлүүд гарсан. Тухайлбал, гишүүд нь 90 сая төгрөгийн ашиг, 15 сая төгрөгийн урамшуулал авсан байх жишээтэй. Мөн өмнөх Сангийн болон Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар орон сууцны дэмжлэг хэлбэрээр жилийн 9.6 хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай амины орон сууцны зээлийг тус банкнаас авсан байсан. Энэ хэргүүд таньтай холбоотой юм байна гэдгийг Ш.Солонго даргад хэлсэн. Түүнээс хойш Ш.Солонго надад их дургүй болсон. Төрийн албан хаагчид 500-700 мянган төгрөгийн цалин авч байхад дарга нар нь урамшуулал гэж өч төчнөөн сая төгрөг авч байна шүү дээ. Энэ шударга явдал биш шүү дээ.

С.Заяа

0 Сэтгэгдэл
Алтанхуягийн хүзүүнд Алтангадас зүүгдээстэй Арын хаалганы бариулд Албат Дэнзэн дүүжлээстэй
Хамгийн их уншсан