Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗЭЭЛИЙГ “ГОЛ ГАРГАДАГ” БАЙСАН НЬ ТОГТООГДЖЭЭ

Нэгэн үе хөдөө орон нутгаас нийслэл, Дархан, Эрдэнэтийг зорьсон нүүдлийн цуваа тасрахгүй байсан. Энэ нь олон шалтгаантай. Нэг шалтгаан нь,  зуданд малаа алдсан, сумын төвд ажил олддоггүй явдал юм. Үүнийг шийдэх нэг гарц нь суманд ажлын байр шинээр бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес эрхлэх боломж бүрдүүлэх. Иймд Сум хөгжүүлэх санг 2011 онд байгуулж гурван жилийн хугацаатай, жилд гурван хувийн хүүтэй, арилжааны банк шиг асар их барьцаа хөрөнгө шаардахгүй зээл олгож эхэлсэн. Уг зээлийг тухайн сум орон нутгийн удирдлага, иргэдийн нээлттэй хэлэлцүүлгээр хамгийн сайн ажлын байр бий болгох төслүүдэд өгөх учиртай. 2011 оноос хойш өнгөрсөн жилийг хүртэл нийт  72 тэрбум төгрөгийг 330 суманд олгожээ. Тэгэхдээ хүн амын тооноос шалтгаалж мөнгөн дүн нь өөр өөр. Тухайлбал, хүн ам цөөтэй суманд л гэхэд жилд 50 сая төгрөг олгосон. Харин хүн ам ихтэй аймгийн төвүүдийн сумдад ногдох зээлийн эх үүсвэр нь дээд тал нь 265 сая төгрөг хуваарилж байв.  
Өнгөрсөн онд энэ санг хариуцдаг байсан Жижиг,  дунд үйлдвэрийн газар нэртэй Засгийн газрын агентлаг Хөдөлмөрийн яамны харьяанд очиж, бүтцийн өөрчлөлт хийсэн тул Сум хөгжүүлэх сангийн 24 тэрбум төгрөг  оны сүүлч гэхэд бүрэн шилжжээ. Дээр нь энэ жилийн 24 тэрбум төгрөгийг өнгөрсөн гуравдугаар сард багтаан тухайн сумдад  Хөдөлмөрийн яамнаас өгсөн байна.
Ингээд хамгийн бага мөнгө авдаг суманд л гэхэд 100-гаруй сая төгрөгтэй болжээ. Үүн дээр өмнөх жилийнхийг нэмвэл 150 сая орчим болж буй аж.   Зээлийн эргэн төлөлтийн тухайд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 10 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн байна.
Гэвч энэ сан байгуулагдсан цагаасаа эхлээд л хэл ам дагуулж ирсэн. Учир нь, уг сангийн зээл жинхэнэ хэрэгтэй хүндээ хүрдэггүй, сумын Засаг дарга нарын  танил тал, хамаатан саданд л олдож, жирийн иргэд авч чадахгүй байна гэсэн гомдол тасраагүй. Мөн  зээл авсан иргэд тухайн төсөлдөө зарцуулахгүй өөр зүйлд ашиглаж байна гэдэг байв.    Уг нь, Сум хөгжүүлэх сангийн зээл хөдөөгийн иргэдэд бизнес эрхлэхэд зориулсан хамгийн хөнгөлөлттэй зээл. Энэ сан нь Орон нутгийн хөгжлийн сангаас ялгаатай нь Жижиг, дунд үйлдвэрийн төслийг  тухайн сумын хөгжлийн бодлого, Засаг даргын мөрийн хөтөлбөртэй уялдсан, орон нутагт  эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах, нэн шаардлагатай ажлын байр бий болгох төслийг санхүүжүүлэх учиртай.
Эдүгээ Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газраас Сум хөгжүүлэх санд хяналт шалгалт хийж байна. Тухайлбал,  өнгөрсөн долоо хоногт баруун гурван аймгийн 10 гаруй суманд шалгалт хийжээ.   Мөн Төв аймгийн Баян-Өнжүүл суманд ажилласан байна. Энэ долоо хоногт Увс аймгийн сумдыг шалгана. Ирэх долоо хоногт Дорнод аймгийг зүглэх нь. Ер нь,  баруун, зүүн, өмнөд,  хойд бүсийн аймгуудын гурав, гурван суманд ажиллах ажээ. Дээрх шалгалтаар бүх сумдад биш ч гэсэн иргэдийн тавьдаг гомдол үнэний хувьтай болох нь тогтоогдсон байна. Энэ хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хэрэгтэй эздэдээ очдоггүй, улс төрждөг, тухайн сумын Засаг даргын тамгын газар тойрсон хэдхэн хүний мэдлээр тардаг зөрчил илэрчээ. Мөн  төслийг сонгон шалгаруулах комиссыг хуулийн дагуу байгуулдаггүй, төсөл сонгон шалгаруулахдаа ард олноороо хэлэлцэх ёстой гэсэн журмыг хэрэгжүүлдэгүй, зээлийн хэрэгсэл болсон шүүмжлэл, бодит байдал дутагдал газар авсан байна. Жишээлбэл, баруун гурван аймгийн зургаан суманд шалгалт хийхэд сумын Засаг даргаар ахлуулсан төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь хуулийн дагуу байгуулагдаагүй, зөвлөлийн гишүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй, сумын хөгжлийн бодлого, Засаг даргын мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа эсэх нь тодорхойгүй байж. Мөн Төв аймгийн Баянчандмань сум хөгжүүлэх сангийн төсөл шалгаруулах зөвлөл байгуулагдаагүй байжээ. Мөн аймгийн Батсүмбэр сумын засаг дарга авилгалтай тэмцэх газарт шалгагдаж байгаа учир төрийн сан нь хаагджээ.
Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газрын дарга Б.Бат-Амгалан өчигдөр “Сум хөгжүүлэх сангийн зээлд мониторинг хийж үзэхэд маш эмх замбараагүй олгогдсон байна. Тухайн суманд эдийн засгийн ач холбогдол бага, түүхий эд, байгалийн нөөц, зах зээл, эрэлт хэрэгцээг тооцохгүйгээр төслүүдийг хавтгайруулан дэмжсэн. Төслийн доод хэмжээг хэт бууруулсан. Тухайлбал ,500 мянгаас нэг сая төгрөг болгосон зөрчил бий. Үүнийг олон хүнд хүртээх зорилготой гэж тайлбарлаж байгаа. Одоо Сум хөгжүүлэх сангийн журмыг шинэчлэх ажлын хэсэг гараад ажиллаж байна. Үүнд зөвхөн Хөдөлмөрийн яам бус Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэн орсон.  Энэ ажлын хэсэг мөн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Мэргэжлийн боловсрол сургалтын сангуудын  журмыг дахин нягталж үзээд цэгцэлнэ. Мөн ихэнх суманд төсөл сонгон шалгаруулах комисс байгуулчихаад хяналтын хороогүй байна. Сум хөгжүүлэх сангаас хэн хэдэн төгрөг хэн хэн авсаныг бүгдийг нь ил тод олон нийтэд хүргэх үүрэг өгсөн.  Монгол орны 330 суманд хүргүүлсэн байгаа. Гэтэл   99 сум мэдээллээ ирүүлээгүй байна. Төсөл сонгон шалгаруулах комиссыг дахин шинээр зохион байгуулах юм“ гэж мэдээллээ.  
Тэрээр цааш нь “Зохих эзэндээ хүрээгүй,  зориулалтын бус олгогдсон зээлүүдийг ард түмний мэдээлэлд үндэслэн шалгана. Ингээд зориулалтын бусаар олгогдсон нь батлагдвал зээлийг буцааж татна. Мөн энэ онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан Сумын хөгжлийн сангийн эх үүсвэрийг 150 сая төгрөгөөс доошгүй болгоно гэж заасан нь биеллээ олж байгаа. Ирэх жил биелэлтийг нь харж байгаад тухайн сумандаа эдийн засгийн үр ашигтай зохион байгуулалттай төслүүдийг дэмжээд, 150 сая төгрөгийн эх үүсвэрээ арвижуулсан бол тухайн суманд эх үүсвэрийг нь нэмэгдүүлнэ. Хэрэгжилт нь эмх замбараагүй шударга бус сонгон шалгаруулалт хийсэн, үр дүнтэй төслүүдэд олгоогүй, зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд нь хэрэгжүүлээгүй, эргэн төлөлт муу бол сумын удирдлагатай хариуцлага тооцож зээлийн эх үүсвэрийг хасах буюу бүр олгохгүй. Ингэхгүй бол жил бүр л манай суманд мөнгө ирдэг гээд зүгээр  тараах хэлбэрээр Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрт хандаж байгаа нь харамсалтай. Ийм нөхцөл байдал үүссэн  учраас иргэдийн төсөл сонгон шалгаруулах явц шударга бус хэрэгтэй эзэндээ хүрэхгүй байна гэдэг гомдол тасардаггүй” гэлээ.  

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан