Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Эрдэнэбаясгалан: Хамгийн багадаа нэг га газрыг 6 сая төгрөгөөр нөхөн сэргээдэг


Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн Г.Эрдэнэбаясгалантай уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар ярилцлаа.


-Жилд 100 га газар нөхөн сэргээгдэлгүй орхигддог гэсэн тоо байна. Ер нь жилд хичнээн хэмжээний төсөв нөхөн сэргээлтэнд шаардлагатай байдаг юм бэ?
-Уул уурхайн нөхөн сэргээлт нь ашигт малтмалын төрөл, олборлолтын арга, хэмжээнээс хамаараад харилцан адилгүй хийгддэг. Алтны шороон ордууд нэг өөр, нүүрс, жонш бас өөр. Тухайн жилдээ ашиглаад бараг бүрэн нөхөн сэргээх боломжтой орд ч бий. Тухайлбал, алтны шороон ордууд бол дотоод овоолгоор бүрэн нөхөн сэргээх боломжтой. Мөн тухайн жилдээ нөхөн сэргээх боломжгүй ордууд бий. Нөхөн сэргээлтийг шууд утгаар нь ойлгож болохгүй. 100 жил ашиглах уурхай бол жил бүр байгаль орчныг хамгаалах талаарх ажлууд, нөхөн сэргээлтийн бэлтгэл ажлуудыг хийж, ашиглалтын сүүлийн жилүүдэд уурхайн нөхөн сэргээлтийг хаалтын төлөвлөгөөний дагуу хийдэг.
Манай яам Ашигт малтмалын тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу ашиглалт явуулж буй орд газрууд жил бүрийн байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөөг батлан, түүний хэрэгжилтийн тайланг хүлээн авч ажиллаж байна.
Жилд хичнээн хэмжээний зардал гарах вэ гэдгийг хэдэн гектар талбайд олборлолт явуулаад хэдэн гектарт нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж байна гэдгээс нь хамааруулж тооцдог. Жил бүр тэд гэсэн тогтмол тоо хэлэх боломжгүй. Ер нь бол сүүлийн жилүүдэд нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага  тавин ажиллаж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч энэ асуудал туссан.

-Уул уурхайд сүйтгүүлчихээд нөхөн сэргээгдээгүй байгаа Монгол улсын нийт газрын хэмжээ?
-2011 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагааны улмаас 20401,3 гектар талбай эвдрэлд орсон.
Үүний 4630,3 га газарт техникийн нөхөн сэргээлт, 4587,6 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн тойм судалгаа бий. Жил бүрийн нөхөн сэргээлтийг тухайн жилийн олборлолтонд өртсөн газартай харьцуулж үзэхэд нөхөн сэргээлтийн хувь 80 орчим байгаа боловч улсын хэмжээнд бол 22.4 хувь байна.   
Энэ бол тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээ юм. Харин уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, нөхөн сэргээгдэлгүй эзэнгүй орхигдсон газрын судалгааг 2009- 2010 онд тус яамнаас хийсэн бөгөөд энэ ажлаар 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт нийт 566 нэгж талбарт 3984.46 га газар эвдрэлд орж орхигдсон байгааг тогтоож, Байгаль орчны үндэсний мэдээллийн санд оруулсан.
Бидэнд алтны шороон ордын талаар холбогдох аргачлалын дагуу жишиг зардлыг гаргасан. Энэ нь байгалийн бүс бүслүүрийн онцлогоос хамаарч харилцан адилгүй хамгийн багадаа дунджаар 1 га газрыг нөхөн сэргээх ажлын зардал 6.0 сая төгрөг байна. 

-Уул уурхайд өртөөд хариуцах эзэнгүй орхигдсон талбай нэлээд бий гэдэг. Өнөөдөр энэ газрыг яах вэ. Эздийг нь олж нөхөн сэргээлгэж болдоггүй хэрэг үү?
-Холбогдох бүх хууль, дүрмээр бохирдуулагч буюу хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэгчид хариуцлага тооцох ёстой. Орон нутгийн засаг захиргаа хуулийн байгууллагатай хамтран эзэн холбогдогчийг тогтоож байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг авахуулахаар заасан. Нөхөн сэргээгдэлгүй орхигдсон талбайн 60 орчим хувь нь тодорхой компаниудын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон учир дээрх тооллогын дүнг Цагдаагийн ерөнхий газрын харьяа Улсын мөрдөн байцаах газарт хүргүүлсэн. Үүний дагуу ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулаад нөхөн сэргээлт хийлгүй орхисон талбайд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна. Нөхөн сэргээлгэх арга хэмжээг зөвхөн манай яам хариуцна гэвэл өрөөсгөл. Байгаль орчны асуудал бүх нийтийн асуудал бөгөөд байгаль хамгаалах үүрэг нь бүх иргэд, аж ахуйн нэгжид байгаа болно.

-Нөхөн сэргээлт хийж байгаа нь энэ гээд ургамлын үр цацаад орхидог. Тэр нь ургадаггүй дараа жил нь тоос шороо бужигнаад л үлддэг гэсэн шүүмжлэл нэлээд гардаг. Нөхөн сэргээлтийн чанарын хувьд?
-Нөхөн сэргээлтийг холбогдох норм, стандартын дагуу хийвэл ийм асуудал гарахгүй. Тухайн байгууллагын байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж байгаа ажлын чанарын асуудал, бас боловсон хүчний хангамж, нийгмийн хэр хариуцлагатай аж ахуйн нэгж вэ гэдгийг тодорхойлох  хэмжүүр гэж хэлж болно. Одоо нөхөн сэргээлт гэхээр иргэдийн дунд буруу ойлголт  үүсээд байгаа. Уул уурхай идэвхтэй хөгжиж эхлэхэд манай уул уурхайн байгаль хамгааллын асуудал хоцрогдсон хэвээр байсан. Гэвч манай салбарынхан өнгөрсөн онд байгаль орчны багц хуулийг батлуулахдаа нөхөн сэргээлтийн ажлыг шинэ түвшинд гаргахаар төлөвлөн холбогдох өөрчлөлт оруулсан. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны олон хэлбэр бий. Үүнээс онцлон хэлбэл хүмүүсийн дунд түгээмэл байдаг техникийн, биологийн нөхөн сэргээх арга хэмжээнээс гадна тухайн ордын ашиглагдаж байсан байгууламжийг эдийн засгийн эргэлтэд оруулах олон хувилбар яригдаж болно. Бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах агуулах байгууламж болгох, дэд бүтцийн байгууламжид ашиглах түүгээр ч  зогсохгүй соёл, амралтын парк, газар доорх байгалийн музей гэх мэтээр ашиглах шинэ хувилбарыг бодолцох ёстой. Хамгийн гол нь аюулгүй ажиллагааны асуудал хүрээлэн буй орчиндоо үзүүлэх нөлөөллийг зөвшөөрөгдөх хэмжээнд нь хүртэл бууруулах ёстой юм. Бас нэг хувилбар бол тухайн газарт үзүүлсэн нөлөөллийг бууруулаад зогсохгүй төслийн хүрээнд гарах бидний нүдэнд харагдахгүй далд болон хуримтлагдсан нөлөөллийн асуудлыг бид хурцаар ил гарган тавих болно.

-Жилд улсын төсөв болон хувийн хэвшлийнхэн хэчнээн төгрөг нөхөн сэргээлтэд зарцуулж байна вэ?
-Аж ахуйн нэгжүүд байгаль орчин хамгаалах төлөвлөгөө, орчны шинжилгээний хөтөлбөрт тусгагдсан зардлын 50 хувийг тусгай дансанд баталгаа болгож байршуулдаг ба 2012 оны байдлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 250 гаруй компани 4.0 тэрбум орчим төгрөгийг баталгааны тусгай дансанд байршуулсан. Өмнө нь нөхөн сэргээлтэд улсын төсвөөс бараг мөнгө гаргадаггүй байсан гэж хэлж болно. Энэ жилээс тодорхой төсөв баталсан. Тухайн жилийн уул уурхайн ажлын төлөвлөгөө, үйлдвэрлэл, банк санхүүгийн чадавхи, экспортын хэмжээ зэрэг асуудлаас шалтгаалж төслийн цар хүрээ өөр өөр байдгаас нөхөн сэргээлтийн ажилд зарцуулах хөрөнгө эдгээртэй уялдаж мөн өөр өөр байгаа.  Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон ажлын тоонд орхигдсон эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн асуудал орж байгаа тул энэ жил 12 аймагт нөхөн сэргээлтийн ажил хийгдэнэ. Уул уурхайн яамнаас орхигдсон газрын нөхөн сэргээлтийн асуудлаар бас ажил зохиогдож байгаа болно.

-Өнөөдөр нүүрсний ил уурхай олноор нээгдэж байгаа. Нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийг хэрхэн хийх стандарт манайд бий юу? Манай улсын нөхөн сэргээлтийн стандарт зөвхөн алтны уурхайд тохирсон байдаг гэдэг. Энэ талаар ямар ямар арга хэмжээ авч байна вэ. Цаашид уран, газрын ховор элемент гээд олон ашигт малтмал олборлоно. Тэгэхээр  энэ уурхайд тохирсон нөхөн сэргээлтийн ямар бодлого баримтлах юм бол?
-Уул уурхайн байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн асуудлаар 6 стандарт, 6 журам, аргачлал мөрдөгдөж байна. 2002 он хүртэл нөхөн сэргээлтийн аргачлал, журмууд зөвхөн алтны шороон ордуудад мөрдөгдөх хэмжээнд байсан. Үүнийг 2009-2010 онд шинэчилж ерөнхий стандарт аргачлалуудыг гаргасан. Энэ жилээс дахин сайжруулж олон улсын түвшний стандартууд гаргахаар төлөвлөж, өндөр хөгжилтэй орны нөхөн сэргээлтийн стандарт, арга аргачлалыг судлан шинээр стандарт боловсруулах мөн шинэчлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн уран, газрын тос, занарын хайгуул, ашиглалтын үеийн байгаль орчны стандарт, аргачлалыг шинээр болон шинэчлэн гаргах ажил хийж эхлээд байна.
Нөхөн сэргээлтийн стандарт, аргачлалыг шинэчлэхдээ ашигт малтмалын төрлөөр нь байгалийн бүс бүслүүрийн онцлогт тохируулан нөхөн сэргээлт хийх стандарт, техникийн шаардлагын боловсруулах чиглэл баримталж байгаа. Ялангуяа биологийн нөхөн сэргээлтэд нутгийн ургамлыг тарих, говь цөлийн нөхцөлд тохирсон ургамлыг тарималжуулах, үрийн фонд байгуулах чиглэлээр өөрчлөлтүүдийг түлхүү оруулна.
 
-Алтны шороон ордууд хаагдаж эхэлсэн. Тэгэхээр уурхайн хаалтын стандарт, энэ талаар ямар бодлого чиглэл баримталж байгаа вэ?
-Шинээр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд уул уурхайн хаалтын журмыг манай яам боловсруулан батлуулахаар болсон. Хаалтын журмын төслийг МХЕГ-ын дэргэд ХБНГУ-аас хэрэгжиж байгаа BGR төслийн хүрээнд боловсрогдсон хувилбарыг бид МХЕГ аас хүлээн авсан ба ажлын хэсэг гарч эцэслэн боловсруулахаар ажиллаж байна. Одоогоор далд уурхайн хаалт, нуруулдан болон овоолон уусгах үйлдвэрийн хаалтын чиглэлээр стандарт мөрдөгдөж байгаа.

0 Сэтгэгдэл
Эрхэм мэргэжилтэн та биологийн нөхөн сэргээлтийн ямар төрлийн зардал нь 1 га-д хамгийн бага нь 6,0 сая төгрөг гээд үндэслэлгүй тоо хэлчихэв ээ, эсвэл энэ нь хэдэн онд тийм байсан юм болоо
Хамгийн их уншсан