Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Эрдэнэчимэг: Туул гол маань бидэнд жилд 119 тэрбум төгрөгийн ашиг өгдөг гэсэн тооцоо бий


Тусгай хамгаалалттай нутагт тулгарч буй бэрхшээл, өөрчлөлт шинэчлэлийн талаар БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Б.Эрдэнэчимэгтэй ярилцсанаа хүргэе.


-Тусгай хамгаалалттай газар нутгуудад тулгамдаад байгаа гол бэрхшээлээс ярилцлагаа эхэлье?
-Байгаль орчин доройтож, байгалийн нөөц хомсодсоор байгаа өнөө үед одоо ба ирээдүйнхээ ашиг сонирхлыг тооцсон, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, эдийн засгийн тогтвортой хөгжил бий болгох нь чухал байна.
Байгалийн баялаг эрчимтэй ашиглалтын сөрөг үр дагавар, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай орон шиг эмзэг экосистемтэй нутагт эрчимтэйгээр нөлөөлж, амьдрах орчин маань өдрөөс өдөрт доройтож байгааг бид бүхэн мэдэж байгаа. Устай байсан газрын булаг, шанд, гол горхи ширгэн алга болж, амьтантай байсан газраа амьтангүй, модтой байсан газар модгүй болж байгааг бид сэтгэл эмзэглэн харж байна. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ жилээс жилд улам бүр нэмэгдэж байгаа боловч, тэдгээрийн менежмент, санхүүжилт хангалтгүй байгаа. ТХГН-ийн санхүүжилт, орлогын эх үүсвэр нь хууль тогтоомжид бүрхэг тусгасан, санхүүжилтийг тухайн газар нутгийн онцлог, байгаль хамгаалал, нийгэм эдийн засгийн ач холбогдол, экосистемийн үйлчилгээний үнэ цэнэ, орон нутгийн иргэд, аялал жуулчлал эрхлэгчдийн хүртэж байгаа үр ашигтай уялдуулан зохицуулсан эрх зүйн болон эдийн засгийн механизм сул байгаагаас ТХГН-ийн санхүүжилт, түүний хамгаалалт, менежментийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна.

-Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд БОНХЯ-ны зүгээс ямар зорилт тавьж ажиллаж байна вэ?
-Дэлхийн шим мандлын дархан цаазат газрын сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болсон Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг дэлхийн жишигт хүргэх, тогтвортой хөгжил – ногоон эдийн засгийн түшиц нутгийн хэмжээнд хүргэх бодлогоо тодорхойлсон.
ТХГН-т экосистемийн үйлчилгээнд тулгуурласан санхүүжилтийн механизмыг нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчноо сайжруулах ажлыг эхлүүлсэн. Хамгаалалтад авсан газрынхаа байгалийн баялаг, экосистемийн үнэ цэнийг  нарийвчлан тогтоох, нийгэмд үзүүлэх үйлчилгээний үнэлэмжийг зөв тооцох асуудал манайд дутагдалтай байгаа. Бидний хамгаалж буй байгаль, экосистем, нөөц, биологийн олон янз байдал нь нийгэм, эдийн засаг, ард иргэддээ яг ямар ашигтай байна вэ гэдгийг тогтоож эдийн засгийн талаас үнэлэх нь хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийг зохистой ашиглахад чухал ач холбогдолтой. Манайд зөвхөн Туул голын ашгийг тооцоолсон судалгаа байдаг. Үржил шимтэй бэлчээр, хадлан тэжээлийн талбай, байгалийн дагалт баялаг болох жимс, жимсгэнэ болон эмийн ургамал, эцэст нь нийслэлийн иргэдийн ундны ус гэх мэт ашгийг тооцоолбол Туул гол маань бидэнд жилд 119 тэрбум төгрөгийн ашигтай байна гэж тогтоожээ. Энэ нь миний яриад байгаа экосистемийн бидэнд үзүүлж байгаа үйлчилгээ, эдийн засгийн үр шим юм.

-Тусгай хамгаалалтат газар нутгийн байгаль экосистем сэргээд байна уу, доройтож байна уу гэдгийг яаж мэддэг вэ. Мэдээж, энэ талаар судалгаа, шинжилгээ хийдэг байх?  
-Бидний тавьж буй бас нэг гол зорилт бол судалгаа, шинжилгээнд тулгуурласан хамгаалалтын менежмент нэвтрүүлэх. Бид өнөөдөр яг юуг хамгаалаад байна вэ, хамгаалж буй ан амьтан маань өсч байна уу, хорогдож байна уу, хамгаалж буй байгаль экосистем маань сэргээд байна уу, доройтож байна уу гэдгийг хамгаалалтын захиргаад маань эрдэмтэд, судлаачтай хамтран байнга тогтоож байх шаардлагатай. ТХГН-ийн нөөц даацын үнэлгээнд суурилсан газар ашиглах, аялал жуулчлал хөгжүүлэх ажлыг ч эхлүүлсэн. Удахгүй Монгол Улсын тусгай хамгаалалттай газруудад ТХГН дахь аялал жуулчлалын үйл ажиллагааны байгаль хамгаалах шаардлагын стандарт болон ТХГН-т байрлах жуулчны баазуудад “Эко стандарт”-ыг мөрдөж эхэлнэ. 

-Тусгай хамгаалалттай газар нутгаа ногоон хөгжлийн түшиц-загвар болгон хөгжүүлэх хүрээнд хийх ажил, хэрэгжүүлэх хөтөлбөр гэвэл?
-Тусгай хамгаалалттай нутгийн шинэчлэлийн нэг гол агуулга нь  тусгай хамгаалалттай нутгийн орчны бүсийг “Эко бүс нутаг” хөтөлбөр боловсруулж, ногоон хөгжлийн түшиц-загвар нутаг болгон хөгжүүлэхэд оршиж байгаа. Хамгаалалттай газарт нөлөөлж буй гол дарамтыг бууруулах, хууль бус үйл ажиллагааг хязгаарлаж, зогсооход иргэд, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, оролцоо чухал. Энэ хүрээнд бид Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд байгальд ээлтэй эдийн засгийн хөгжил явагдах “Ногоон хөгжлийн бүс” хөтөлбөр боловсруулж, үүнийг Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд амьдарч буй иргэдтэй хамтран боловсруулж хэрэгжүүлснээр энэ бүс нутаг  ногоон хөгжлийн түшиц, загвар нутаг болон хөгжинө.

-Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахад иргэд, төрийн бус байгууллагынхан, аж ахуйн нэгжийг оролцуулах ажлыг эхлүүлсэн гэл үү?
-Мэдээж, тусгай хамгаалалттай нутгийг хамгаалах нь зөвхөн манай яам харьяа газрын үүрэг биш.  Тэгэхээр төрийн бус байгууллагууд, мэргэжлийн байгууллага, нутгийн иргэд, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгжтэй хамтран гүйцэтгэх, тусгай шалгуур, гэрээний нөхцөлөөр хамгаалалтыг шилжүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа. Монгол Улсын ТХН-ийн үнэлэмж, үнэ цэнийг Монголдоо төдийгүй дэлхий дахинд өсгөх асуудлаар дорвитой үйл  ажиллагаа явуулах хэрэгтэй байна. Манай хамгаалалтын захиргаанд хамтран ажиллах, туршлагаа хуваалцах “эгч дүүс паркууд”-ийн эрэлд гарсан. Энэ хүрээнд уншигчид маань ч бидэнд үнэтэй зөвлөлгөө өгвөл баяртай байх болно. Эцэст нь хэлэхэд, дээр ярьсан болон бусад олон шинэчлэлийн асуудлыг тусгасан бодлого эрх зүйн орчны шинэчлэлийн ажлыг ч эхлүүлсэн. Тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан