Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Төрмөнх: Сериал бүх юм залгичихдаг эд ЮМ


Сэтгүүлч, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Нохой орон”, “Талын хот”-оороо Монголын түүхэнд төдийгүй дэлхийн киноны түүхэнд  нэг хуудас нэмсэн билээ. Тэрээр Олон улсын кино наадмаас 23 шагнал авсан ч Монголдоо бол СТА ч болоогүй. “Бодлын хулгайч” киноны зохиолоороо Монголын “Academy awards”-ын шагнал хүртсэн. Сүүлийн үед “Ларьдма” хэмээх өвөрмөгц нэртэй киногоороо шуугиан дэгдээгээд байгаа. Өдгөө тэрээр “Усны гудамж” нэртэй шууд драмын зохиол бичиж байна. Ингээд түүнтэй завгүй цагаас нь хумслан сошиал медиагаар холбогдож, хөөрөлдсөнөө хүргэе.


-Өмнө нь холбогдоход та “Томоохон төсөл барьж аваад байгаа. Гэхдээ кино  хамгийн аз­гүй урлаг. Яагаад гэвэл мөнгөнөөс шууд хамааралтай...” гэж А.Тарковский хэлсэн байдаг” гэсэн. Ямартай ч хөрөнгө мөнгө шийдэгдсэн учраас “Усны гудамж” телевизүүдээр гараад байна уу?
-Олон төсөл бий. Аль хоёр жилийн өмнө “Бодлын хулгайч” киног хийлгэсэн продюсер А.Уянга хамтарч олон ангит TВ сериал хийе гэж санал тавьсан юм. Тэгээд сериалууд ямар байдгийг нь судалж эхэллээ. Үзэгч ихтэй сериалуудыг татаж аваад ямар бүтэцтэйг нь харж байхдаа Германд бүр 1985 оноос одоо болтол гарч буй “Линдэн штрассе” гэж сериалыг олж үзсэн юм. Бараг 30 жил гарч байгаа одоо ч үзэгчээ алдаагүй юм билээ. Тэгээд ийм сериал манай Монголд их зохих байх гэж бодоод дөрвөн анги зохиол бичсэн юм.

-Тэр дөрвөн анги зохиол “Усны гудамж”-ийн эхлэл үү?
-Тэгэхэд өөр сериалын эхний 10 анги бичиж өгсөн ч санхүүгийн асуудал гарсан уу, яасан зогссон юм л даа. Тэр үед бас “Усны гудамж”-ийн дөрвөн ангийг биччихээд шургуулганд байж байсан чинь өнгөрсөн оны сүүлээр Б.Баяраа гээд надтай хамт “Товч толь” нэвтрүүлэг хийж байсан, одоо Барон Унгерны тухай баримтат уран сайхны кино хийгээд яваа найруулагч нөхөр ирж тэр дөрвөн ангийг уншаад аваад явсан юм. Тэгээд л цаадах чинь энд тэндээс мөнгө цаас босгоод эхлүүлээд явж байна.

-Дээр та Германы иймэр­хүү кино 30 жил үргэлжлээд явж байна гэсэн. Тэгвэл “Усны гудамж”-ийг цааш нь үргэлжлүүлээд л байх хэрэг үү. Нийгмийн амьдралыг яг байгаагаар нь хүргэдэг их сонирхолтой юм билээ?
-Харин тийм. Шууд драм гэдэг жанр л даа. Таван айлын амьдрал гарч байгаа юм. Эрдэнэ гээд нэг их улс төрждөг, телевизортой хэрэлдээд л суудаг хүний гэр. Бас хуучин консул байсан Батболдынх гэдэг нэг айл. Одоогоор бол МАХН-ы ч юм уу МАН-ын хүн шүү дээ. Гүржав гээд газраа зараад байр савтай болчих гэсэн горьдож суугаа гэрт амьдардаг нэг айл. Дэнсмаа гээд өрх толгойлсон хүүхэн. Нөхөр нь архичин учраас салсан. Бас өнөөх хадгаламж зээлийн хоршооны хохирогч. Тэр асуудлаас болоод гэр бүл нь салчихсан. “Сандэй” худалдааны төвд лангуу түрээсэлдэг хүүхэн юм. Галт гээд бас сэтгүүлчээр сурч байгаа оюутан, хэдэн найзтай. Ийм таван айлын амьдрал гарна. Зарим хүн энэ одоо нэвтрүүлэг ч юм шиг, кино ч юм шиг гээд гайхаад л байгаа.

-”Усны гудамж”-ийн ганц нэг ангийг нь үзсэн. Сонгуулийн сурталчилгаатай давхцаад хууль зөрчсөн болох вий дээ?
-Харин тийм. Мөнгө цаас гэж гүйсээр байгаад энэ сонгуультай давхацчихлаа.Уг нь, ийм шууд драмд шинэ жил болж байвал таван айл шинэ жил л ярина. Наадам болж байвал наадам л ярина шүү дээ. Сонгууль болж байхад таг дүлий хүн шиг суугаад байж болохгүй. Гэхдээ нэг их хэн нэгний талд орсон юм байхгүй л дээ. Цаашдаа ингээд явах санаатай болохоор аль болох төвийг сахиж байгаа. Уран сайхны ч кино. Манайхан бас л өөрсдөө улс төржөөд байх юм. Зарим TВ киноны маань дүр Эрдэнийн яриаг монтажилж хасаад ч байх шиг. Хэн нэгэн өөртэйгөө юм уу хэн нэгэнтэй адилхан дүр, яриа хөөрөө гарахаар эмзэглээд байх шиг санагддаг. Манай энэ киноны дүрүүд цөмөөрөө уран сайхны дүр. Ананд гээд нэг эсрэг дүр бий. Нэг жүжигчинд санал тавихад “Пөөх, би Анандбазар ахыг танина, болъё” гэсэн гэнэ лээ. Бодит дүр байхгүй. Манайхан шинэ юм болохоор гайхаад байх шиг.
Гэхдээ гайгүй байлгүй дээ. Сонгуулийн хуулиар уран сайхны кино хийж болохгүй гэж ганц ч үг байхгүй л юм билээ. Миний л санаа явж байгаа болохоос өөр юм байхгүй шүү дээ. Мэдээж, найруулагч жүжигчид өөрчилнө. Нөгөө нам санал тавибал оруулж болно л доо. Батболд гээд бэлэн дүр байж л байна. Хүн бүрийн л гэр гэртээ ярьдаг зүйл. Хэв шинжит дүр гэж байдаг даа. Таван өөр таван нийгмийн төлөөлөл. Сэтгүүлч зохиолч над шиг хүнд их таарсан ажил ч юм шиг. Харж л байя. “TВ 25”-аар найм өнгөрөөд бусдаар нь арван цаг өнгөрөөд гараад байгаа. Бас өмнө нь үзээгүй бол “Усны гудамж TВ сериал” гээд нүүрний номны группэд гарсан  ангиа тавьж  байгаа. Ийм л юм.

-Үзэгчдийн санаа оноог тусгах гэж их хичээж байгаа юм шиг харагдсан. Фэйсбүүк дэх “Усны гудамж” группээс харж байхад...?
-Харин тийм ээ. Би хүмүүсийн саналыг сонсоод цаашдаа алдаагаа засаад явъя гээд “Усны гудамж ТВ сериал” гээд фэйсбүүкт групп нээсэн байгаа. Хүмүүс санаа оноогооо хэлэхээс гадна өөрөө бас оролцоод бичилцэж бас тоглож болно гээд л… Хүмүүс хандахгүй л юм. Одоогоор үзэж амжсан нь цөөн юм болов уу.

-Үзэгчид өөрийн үзэх гэсэн зүйлээ л санал болгоно. Тэр бүгдийг тусгаж чадвал харин ч их үзэгчтэй болох юм байна даа?
-Сериалын нэг том давуу тал нь үзэгчидтэйгээ нийлж хийж болмоор. Нэг анги 20 орчим хуудас болдог гэхээр би өнгөрсөн хугацаанд 600 гаруй хуудас биччихсэн байгаа. Сериал бүх юм залгичихдаг эд юм. Сайхан нийтлэл өгүүллэг болчихмоор санаа хэдэн хүний яриа болоод л орчихдог. Уг нь, нийтээрээ санаа оноогоо оруулаад өөрсдийнхөө үзэх юманд гар бие оролцвол зүгээр.

-Одоо эхний 10 анги нь гарчихсан. Тухайлбал, үзэгчдийн саналыг тусгасан зүйл юу байгаа вэ?
-“Усны гудамж” гээд дуу байх юм. Нэг нөхөр фэйсбүүкт тавиад сонссон чинь Цэцээ гээд залуугийн дуу яг таардаг юм байна. Тэгээд клип хийгээд киноныхоо төгсгөлд  тавьсан. Бас нэг залуу мопед хийсэн гэдгээ фэйсбүүкт үзүүлэхээр нь тэрийг нь өлгөж аваад оруулчихсан. Ингээд яваад байж болмоор юм шиг. Бас С.Майдар гээд сэтгүүлч залуу өөрийнхөө богино өгүүллэгийг шидэхээр нь гол дүр Галтын өгүүллэг болгоод оруулчихсан. Бас хоосонгүй ээ. Ингээд бүгдээрээ нийлээд хийж болох л юм шиг. Бас нэг эмэгтэй өөрийнхөө амьдралаа бичээд өгөнгүүт оруулсан. Их уянгын хэсэг. Хүн бүр зохиолч болж кино хийж чадахгүй учраас хэн ч хандсан материалаа оруулж болно. Гэхдээ мэдээж шалгуур бий.

-Киногоо хэдий болтол үргэлжлүүлэх вэ. Саяхан бас нэгэн шинэ дүр орж ирсэн гэсэн. Тэгэхээр үйл явдал нь шинэ дүрээр баяжаад л хөврөөд байх уу?
-Хэрэв эхний 30 ангийг үзэхгүй бол больчихно гэж нэг сайхан юм бий дээ. Гэхдээ ном бол бүр өрөвдмөөр 500 зарагдахаараа бестселлер болдог. ТВ-ийн киног ядаж 100 мянган хүн үздэг биз, үнэгүй юм чинь. Аглуу өнөөдрөөс кинонд орж ирж байгаа. Би араас нь хөөж бичиж байгаа болохоор их хэцүү юм. Найруулагчаар Н.Элдэв-Очир гэж залуу, тэдний баг ажиллаж байна. Өмнө нь бас сериал хийж байсан залуус л даа. Хөрөнгө мөнгө олдоод байвал цаашдаа явуулаад л байх санаатай. Ийм яг амьдралын тусгал болсон олон ангит кино улс болгонд байдаг юм билээ. Яагаад, бүгдээрээ нийлээд өөрсдийнхөө үзэх юмыг хийж болдоггүй юм бэ.

-Үзэгчид гэхдээ танай киног шууд драм гэдгээр нь хүлээж авахгүй байх шиг. Үзэгчдээс хамаарч үйл явдал цааш үргэлжилнэ гэж байна. Үзэгчийн тоог хэрхэн хянах вэ. Телевизийн сувгуудаар гарч байгааг?
-Одоо ингээд хянах юм гэсэн. Америкаас оруулж ирсэн багажтай “Максимус” бил үү нэг компани байдаг. Анхны судалгаагаар үзэгчдийн 36 хувь үзэж байна гэсэн.  Дөнгөж эхэлсний дараа.

-Хөрөнгө мөнгийг нь ший­дэж болохоор л юм шиг. Харьцангуй урлагт мөн­гө хаядаг цаг ирсэн гэж ойл­годог?
-Манай продюссер Б.Бая­раа л хөөцөлдөж байгаа байх. Уг нь болно л доо. Дойчэ вэллэгээр ч юм уу эсвэл энэ олон Оросын сувгаар Солонгос сериал гарахгүй л байгаа биз дээ. Дандаа өөрсдөө хийдэг. Гэхдээ манайхан урлагаа дэмжихгүй хэрнээ муулаад л байдаг. Манай киночид далан булчирхайгаа тоочих нь холгүй  байж мөнгө олдог.

-Дор бүр нь зохиолоо бичиж зураг авалтаа хийгээд явж байгаа ч таньд барих ёстой зохиолын шугам байгаа биз дээ?
-Байлгүй яах вэ. Хэрэв энэ 30 ангиас цааш үргэлжлэх юм бол дандаа урлаг  соёлын одууд оролцох юм. Гэхдээ тэд үнэтэй шүү дээ. Томоохон гурван компани дэмжвэл явчих юм л даа. Би зориуд нэг газраас санхүүжилт авмааргүй байгаа юм. Ядаж  гурав болбол зүгээр.

-Таны бичсэн “Лардьма” гэж сонин нэртэй кино бас нэлээн шуугиан тарьж бай­гаа. Кино театрууд дүүрэн үзэгчтэй байна билээ?
-Одоо ч билет нь олдохгүй байна гэх юм. Ж. Сэнгэдорж найруулагч бид хоёр овоо гар нийлж байгаа. Бас Базаррагчаа гээд сайн зураглаач энэ кинонд ажиллалаа. Сэнгээ маань ч сайн найруулагч болж байна даа. Бас их олон залуус ажилласан болохоор гайгүй болсон юм байлгүй дээ.

-Зохиол кино болоод дэлгэцэнд амилах хүртлээ нэлээд өөрчлөгддөг. Таны гаргах гэсэн санаа бүрэн кинонд орсон уу?
-Ер нь, зохиолыг найруулагч 30 хувь өөрчилдөг жамтай шүү дээ. Навчаа анх надад хандсан. Түүний санааг зохиол болгон бичиж өгсөн. Пүрэвсүрэнгийн хувьд өмнөхөөсөө их өөр дүр. Зориуд өөрчилье гэж бид тохирсон. Маш бага ярьдаг дүр тоглоход их хэцүү. Гэхдээ их сайн тоглосон байна билээ. Бас тэр эрэгтэй их зовлонтой дүр. Сэнгэдорж маш сайн харж дүрээ сайн сонгосон. Сэнгээ жүжигчин танихдаа их сайн л даа.

-“Ларьдма”-г анх УДЭТ-ын найруулагч Н.Наран­баатараар найруулна гэсэн яриа гарч байсан юм. Тэгвэл таны хувьд Ж.Сэнгэдорж найруулсан нь нүдээ олсон хэрэг болж?
-Навчаа эхэндээ Наран­баатарт санал тавьсан юм билээ. Цаадах нь зохиол голсон дог уу даа. Завгүй ч байсан юм уу. Анх Сэнгээ намайг санал болгоод л би бичсэн ухаантай. Сэнгээтэй хамт гурван кино хийлээ. Их амар байдаг юм. Энэ зохиолыг нэлээд өөрчилсөн байна билээ. Тэдний эрх л дээ. Анх яг тэдэнд өгсөн хувь нь миний түүвэрт орсон байгаа.

-Түүвэр гэснээс таны ном худалдаанд гараад эхэлсэн байна лээ?
-“Чөтгөрийн хотын тэмдэг­лэл” гээд Нью-Йоркт байсан үеийн эссэ. Бас нэг цоморлиг гаргасан. Нийтлэлүүд бас хоёр кино зохиол. Тойм сэтгүүлд дугаар алгасахгүй шахуу нийтлэл бичдэг юм. “Кино зохиолчдын библи” гээд нэг ном орчуулсан.

-Кино зохиол яаж бичих тухай гарын авлага гэсэн байх аа?
-Тийм. Би нэг ном дэрэн доогуураа хийчихээд кино бичээд байж болохгүй биз дээ. Манай киночид авч уншиж байгаа.

-”A-Sound” хамтлагтай хамтраад бас нэг ажил эхлүүлсэн талаараа ярьж байсан. Цаашид ямар бүтээл гаргах вэ?
-Энэ “Усны гудамж”-аа л цааш явуулах санаатай. Гэхдээ би муу бичээд манай залуус муу найруулаад байгаа бол зогсоохоос өөр яахав. Болих хамгийн амар арга. Санхүүжилт олдоод үзэгч тоож байвал цааш хийх бодолтой. “А-Sound”-ын Тэмүүлэнтэй хамтраад би үгийг нь бичиж бас оролцсон нэг альбом гаргаж байгаа. Одоо бичлэгтээ орж байна. Утга нь бурхны ном үйлийн үрийн тухай. Тун гайгүй юм болж байгаа. Англи, монгол хэлээр гарах юм. Бас л мөнгө цаас олдохгүй их удсан эд. Манай охин продюсерлэж байна. Хоёр жил үргэлжлэх төсөл бөгөөд эхний ээлжинд үйлийн үрийн сэдэвтэй цомог, дараа нь жүжиг, сүүлд кино болгох санаатай. “Цонхон дээр суусан ялаа” нэртэй юм. Цонхон дээр суусан ялааг чи цохиод алж болно. Цохлоод ирсэн үйлийн үрийг цохиод буцааж чадахгүй гэсэн ерөнхий логиктой юм.

-Манай сонины нэг үеийн түүх бас таны амьдралтай холбоотой гэж сонссон?
-Бүр 1990 оны үед Үндэсний телевизээс хэт ардчилсан нэвтрүүлэг хийдэг гээд хавчигдаж гарсан юм. Тэгээд Ардчиллын ордонд ирж нэвтрүүлгийнхээ нэрээр “Товч толь” гэж сонин гаргаж байсан. Бас “Ардчилал” сонинд юм бичдэг байлаа. Нэг өрөөнд хамт байсан юм. ҮХАА-н сайд Д.Баттулга миний урд өрөөнд суудаг байлаа. Ардчиллынхан бүгд мэднэ дээ. Бүр анхны л гишүүн шүү дээ. Харин Баттулга энэ байшинг өөд нь татаж ийм сайхан болгосон юм. Яривал их зүйл бий.

-Би уран бүтээлчдийг огт ойлгодоггүй юм. Уран бүтээл хийсэн мөнгөө цааш нь хийж хуримтлуулахгүй дараагийнхаа санхүүжилт болгодог. Мөнгө хөөсөн бол аль хэдийнэ тэрбумтан болчих байсан ч юм шиг?
-Хөөгөөд гүйцэгдэхгүй л дээ. Би ч нэг их хөөцөлдөхгүй юм даа. Хөөцөлдөөд л өнөөх нь зугтаагаад их хэцүү ч юм шиг. Хөөцөлдөхгүй юм ч гэж алга. Ажил хөөцөлдөөд л. Надад тэр мөнгөтэй хөөцөлдөөд байх ч сонирхол байхгүй.

-Тэгээд өөрийгөө хөөгөөд барих нь уу?
-Нэг бясалгал халтуурднаа бас. Яахав, тэр баригддаггүй сэтгэлтэйгээ хөөцөлдөөд л. Юм олоод байгаа юм алга. Харин ч алдаад байх юм.

-Юугаа алдаад байна?
-Их зангаа, өөрийгөө лаг гэх бодлоо шунал, хүслээ, уур хилэнгээ бага багаар алдаад л байна. Араас нь хөөцөлдөх юмгүй болохоороо л гэгээрдэг гэсэн. За би ч дээ, сэтгэлтэйгээ хөөцөлдсөөр өвгөн болох байх даа. Хүслээ номхотгож чадаагүй хүн хүсэлдээ хүрэхгүй дэг ээ.

0 Сэтгэгдэл
Сайхан Монгол орныг минь нохойн орон хэмээн доромжилсон Доржхандын Төрмөнх гэгч ***** амьдралын гараагаа Монгол хүний алтан амийг санаатай хөнөөж шоронд ял эдлэж төрсөн дүү Доржхандын Баттөрийгөө шоронд чирч амьдралыг нь там болгоод зогсоогүй эцэг Доржхандыгаа Шар хадны эмч нарын хэрэгт шоронгийн хаалга татуулж гэр бүлийнхнийхээ амьдралыг нохойн орон болгосон энэ этгээд өөрөө нохойн үхлээр үх.!! Монголын сэтгүүл зүйг бүү ноходын сэтгүүл зүй болго!! ҮЙЛИЙН ҮР БА АРВАН ХАР НҮГЭЛ чинь нүдээрээ гараг!! Олон түмэн харж л сууг. Үнэн гэдэг хэзээ ч үнэнээрээ л үлддэг юм даа.
Turmunkh ax daa amjilt xusei
Sain bas muu zohiolch.
Хамгийн их уншсан