Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ус дагасан баримт


Та ёотон хэрэглэдэг үү. Хэрвээ хэрэглэдэг бол өдөрт хэдийг цайндаа хийж уудаг вэ. Дор хаяж хоёр ёотон хэрэглэдэг гэж тооцвол үүний төлөө 3000 литр ус урсдаг гэдгийг мэдэх үү. Өнөөдөр дэлхий ертөнц даяараа эдийн засгийн хямралын талаар ам булаалдан мэдээлж байна. Гэвч үүнээс илүүтэйгээр хүн төрөлхтөний хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал бол экологийн хямрал болоод байна гэдгийг эрдэмтэд том анхаарлын тэмдэгтэйгээр та бидэнд анхааруулж байгаа билээ. Тэд 30 жилийн дараа эх дэлхий маань 100 хувь экологийн сүйрэлд өртөнө хэмээн бичиж байна. Италийн Жанфранко Болонья тэргүүтэй эрдэмтэд “1986 оноос эх дэлхийн байгаль сүйрэх процесст илүү нэрвэгдэж эхэлсэн. 2005 онд байгалийн баялгийн нөөц 30 хувь устаж алга болжээ. Энэ бүхнээс үзээд цаашид байгалиа сүйрүүлэх хүний нөлөөг буурахгүй бол эх дэлхий маань 2040  онд 100 хувь сүйрэлд орох нь” хэмээн үзэж байна. Гэтэл хүн гэдэг энэ бодгаль өөрийнхөө хэрэгцээнээс давсан зүйлийг байгаль, дэлхийгээс шаардсаар. Экологийн сүйрэлд хамгийн их өртөж байгаа улсаар АНУ, Кувейт, Дани, Австрали, Итали тэргүүлэх эгнээнд явж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн ам тасралтгүй өссөөр 7 тэрбумд хүрээд байгаагаас  усны хэрэглээг хязгаарлах аргагүйд хүрсэн гэдэг.
Өнгөрсөн оны сүүлээр Италийн нэгэн сонинд ганц ширхэг ёотон хийхэд 1500 литр ус, нэг кг үхрийн мах хэрэглэгчийн гарт хүртлээ 15500 литр цэвэр ус ашигладаг байна хэмээн бичсэн байлаа. Хэдийгээр монголчууд бид ёотон үйлдвэрлээд махаа угаагаад сүйд болдоггүй ч бид цэвэр усны хомсдолд өртөхөд хамгийн ойрхон улсын нэг.

Зөвхөн онгорхой орхисон крантнаас өдөрт дор хаяж 60 литр ус урсдаг хэмээн улиг болтол нь ярьж бичиж байгаа ч нийслэлийн нэг иргэн өдөрт 260 литр ус хэрэглэж байна гэсэн тооцоо буурахгүй л байгаа юм.
Хөдөөгийн хүн амын 75 хувь нь цэвэр усаар гачигдсаар байна гэсэн судалгаа одоогоор гарчихсан байдаг. Өнөөдөр нийслэлийн гэр хорооллынхон цэвэр усыг литрийг нь 1,5 төгрөгөөр авч байхад хөдөөд хэдийнэ хоёр дахин илүү үнэтэй болчихсон байдаг.

Шинжлэх ухааны академийн Гео экологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын эрхлэгч доктор, профессор Л.Жанчивдорж ” Өнөөдөр найдвартай усны эх үүсвэр олоогүй байж 2020 онд Улаанбаатарын хүн ам 1.8 сая болно гэж төлөвлөсөн. Гэтэл тэдний хэрэгцээг хангах усны эх үүсвэр Туул голын хөндийд байхгүй. Иймд  шинэ эх үүсвэр олох шаардлагатай. Бид өнөөдөр цэвэр усаа гамгүй хэрэглэж, зарим  худгийн төвшинг хэт доошлуулах, багасгах, бүр хаахдаа тулж байгаль орчинд харгис хандаж байна. Мэргэжлийн байгууллагын судлаачид энэ зохисгүй үйлдлээ л зогсоо гэж анхааруулсаар байгаа юм” хэмээн халаглан ярьж байсан.

Азаар манай улс говь, хангай хосолсон сайхан байгальтай учраас хэдэн сайхан гол мөрөн, нуур бий. Гэхдээ байлаа гээд шавхагдашгүй ундаргатай биш. Олон гол мөрөн нуур алтны томоохон компаниудын “ачаар”  аль хэдийнэ хуурай сайр болон  пайз хадчихсан байгаа. Цаашид пайз хадах хэрэгтэй болсон нь ч цөөнгүй.
Дэлхий дээр өнөөдөр усны хомсдолоос болж 30 мянган хүүхэд халдварт өвчнөөр нас барж байна гэсэн аймшигт мэдээ хоёр жилийн өмнө л гарч байсан.  Өмнөд Африкчууд цэвэр усныхаа 98 хувийг өнөөдөр ашиглаж байгаа нь 2025 он гэхэд бүс нутгаараа усны хомсдолд орох бодит байдал нүүрлэлээ хэмээн үзэж буй билээ.
Эрдэмтэд цэвэр усны дутагдлаас болж мартагдах шахсан халдварт тахлууд дэлхийгээр нэг тархаж, үүнээс үүдэн дэлхийн хүн ам асар их хохирол амсахад ойрхон байна хэмээн анхааруулсаар...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан