Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Банзрагч: Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх таатай орчныг бүрдүүлсэн


Монгол Улсын мод ургаж байгаа газрыг нийт талбайдаа харьцуулбал 8,03 хувь нь ойтой гэдэг. Энэ нь дэлхийн жишигт бараг модгүй улс гэж бүртгэгдэхэд хүрээд байна гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр Монгол Улс ойн шинэчлэлийн бодлогоо хэрхэн тодорхойлж, ой модыг хэрхэн хамгаалж үржүүлэх чиг барьж байгаа талаар БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагчтай уулзаж ярилцлаа.


-Ойн салбарт багагүй шинэчлэл хийгдэж байна. Өнгөрсөн жил гол хуулиудаа шинэчилсэн. Цаашид хэрэгжүүлэх шинэчлэлийн бодлогын талаар?
-Бид ул суурьтай судалж, ойн салбарын экологийн ач холбогдлыг нь онцгой харгалзан сүүлийн жилүүдэд ойд чиглэсэн бодлого боловсруулан ажиллаж байна. Үүний нэгээхэн жишээ нь 2012 оны тавдугаар сард Байгаль орчны багц хуулиуд шинэчлэх ажлын хүрээнд “Ойн хууль”-аа “Ой хээрийн түймрээс хамгаалах хууль”-тай нэгтгээд үндсэндээ шинэчлэлийн суурийг тавьсан хууль эрхзүйн зохицуулалтыг хийж, дотоодын эрхзүйн орчноо бүрдүүлсэн. Бид ойг хамгаалах, нэмэгдүүлэхэд орон нутгийн бүтэц шаардлагатай гэдэг үүднээс ой бүхий аймгуудад 36 ойн анги байгуулсан. Нутгийн  иргэдэд түшиглэсэн ойн шинэ менежмент нэвтэрснээр 900 гаруй нөхөрлөлтэй боллоо. Ийн орон нутгийн бүтэц бий болсноор ойн салбар дахь шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх дотоодын таатай орчин бүрдэж байна. 

-Гадаад харилцаа гэдэг зүйл энэ салбарт тун чухал. Ялангуяа гадны туршлагаас суралцах, шинэ техник технологиос хоцрохгүй байх гээд л?
-Тэгэлгүй яахав. Олон улстай хөл нийлүүлж, тэдний төвшинд гадаад дотоод орчинтойгоо зохицож гэмээнэ бодлого маань явах ёстой. Тэгэхээр шинэчлэлийн Засгийн газрын Байгаль орчин ногоон хөгжлийн яамны шинэчлэлийн бодлогыг тодорхойлохдоо НҮБ-ын Ойн форумаас 2006 онд дэвшүүлсэн дэлхий нийтээрээ анхаарах ёстой ойн дөрвөн зорилтыг илүү тодруулж бодлогын цөм болгож байна.

-Ойн бодлогын цөм дөрвөн зорилтоо тодорхой тайлбарлаж өгөөч?
-Энэ нь нэгдүгээрт, дэлхий нийтээрээ багасч байгаа ойн бүрхэвчийн алдагдлыг зогсоох. Үүний тулд ойжуулах, ойг нөхөн сэргээх, ойг хамгаалах ажлыг эрчимжүүлэх хэмээн олон улсын төвшинд тодорхойлогдсон бодлоготой Монголын ойн салбарын шинэчлэлийн бодлого нэгдэх ёстой гэж үзэж байгаа.
Хоёрт, ойг зөвхөн эдийн засгийн ач холбогдлоор нь биш нийгэм, байгаль орчны ач тусыг эн тэргүүнд авч үзэж, ойгоос хамааралтай хүмүүсийн амьжиргааг сайжруулах. Энэ бол өөрөө ногоон ажлын байр гэдэг үүднээс орон нутгийн төвшинд  ойгоо хомсдуулахгүйгээр бага  хэмжээгээр ойн хаягдлыг ашиглах замаар ногоон ажлын байр бий болгож, эдийн засгийнхаа болоод нийгмийн асуудлаа шийдвэрлэх боломжтой гэсэн бодлого. Ногоон ажлын байр, ногоон орлого нь өөрөө ой байх ёстой, хүмүүс ой, ойн баялгийг зөв ашиглан амьжиргаагаа дээшлүүлэх гэсэн үзэл баримлалтыг шинэчлэлийн хоёрдугаар чиглэл болгож үзэж байна.
Гуравт нь, бид улсын тусгай хамгаалалттай газар байгаа ойгоос гадна Ойн хуулиар хамгаалалтын бүсийн ой, цармын ой, 30 градусаас дээш налуугийн ой, төгөл ой гэх мэтийн хамгаалалтад байх ойн талбайн хэмжээг нэмэгдүүлээд энэ талбай дээрээ тогтвортой менежмент бий болгоно. Бид 90-ээд он хүртэл социализмын материал техникийн бааз байгуулаад  Тосонцэнгэлийн, Сүхбаатарын гээд баахан модны үйлдвэртэй болж ойгоо сүйтгэчихсэн. Гэтэл 1990 оноос хойш туйлшраад мод ачсан хүн л харвал дайсан, хулгайч гээд нэрлэчихсэн. Энэ хоёр туйлшралын дундуур иргэдээсээ ой, ойн баялгийг харамлах бус, гэхдээ цөлмөж ашиглахгүй хэмжээний тогтвортой ашиглалт бий болгоё гэсэн зорилт дэвшүүлсэн.
Дөрөвт, ойд хийх санхүүжилтээ нэмэгдүүлье. Ой чинь төрийн өмч. Тэгэхээр төр өөрийнхөө өмчийг нөхөн сэргээхэд гаргах хөрөнгийг нэмье. Мөн яам Монгол Улсаа төлөөлөөд гадна дотоодынхонтой харилцдагийн хувьд донор байгууллагууд, бусад сангийн санхүүгийн дэмжлэгийг ойд оруулья. Яагаад гэвэл уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, хүлэмжийн хийг шингээгч нь ой юм чинь хөрш орнуудын болоод донор орнуудын тусламж дэмжлэгийг шингээж санхүүгийн бүхий л эх үүсвэрийг дайчилья гэсэн дөрвөн зүйлд тулгуурлан шинэчлэлийн бодлогыг тодорхойлсон байгаа. Бодлогынхоо үндсэн асуудлыг 2012 онд баталсан Ойн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 18 журам гаргасан. Журмынхаа зургааг нь Засгийн газрын хурлаар 12-ыг сайдын зөвлөлөөр батлуулсан. Ингээд шинэчлэлийн бодлогын онолын болоод гадаад, дотоод орчин нь бүрдсэн. Өмнөх Засгийн газрын үед хууль баталсан ч энэ Засгийн газраас хуулийг хэрэгжүүлэх журмууд гарч байгаа учраас гол гол бодлогоо шингээсэн гэж болно.

-Бодлого тодорхой болчихож. Тэгвэл дөрвөн жилийн дараа бид ямар үр дүнд хүрч чадах вэ?
-Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд найм есөн үндсэн үр дүнд хүрнэ гэж төсөөлж байна. Өнөөдрийг хүртэл ойн хөнөөлт шавжтай тэмцэхдээ химийн бодис хэрэглэж байсан. Тийм учраас БОНХЯ өөрөө үлгэрлээд хортон шавж   ойг устгаж байгаа ч түүнтэй тэмцэхдээ химийн бодисоос татгалзаж, биологийн арга руу шилжихээр хичээж байна. Биологийн аргыг нэвтрүүлж, химийн бодисоос  татгалзана. Энэ бол  Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг дүгнэхэд бодитоор хийчихсэн, бардам хэлж чаддаг байх ёстой. Монголын ойн нөөцийн иж бүрэн тооллого хийж, хүлэмжийн хийн шингээх чадавхыг тогтооно. Түүхэнд 1957 онд Монгол ойгоо анх тоолсон байдаг. 1976 онд хуучнаар ЗХУ-ын тусламжаар схем баталж, хэсэгчилж тоолсон. Хуучин бол хэд нь хөгшин мод байна, хэчнээн шоо метр байна гэдэг байсан бол одоо хэдэн мянган тонн нүүрсхүчлийн хийг шингээх чадвар байна гэдгийг тодорхойлсноор олон улсын хүлэмжийн хийн худалдаанд оролцох боломж нээгдэх юм. Тэгэхээр модлог чанараасаа илүү экологийн чанараараа дэлхийд үнэлэгддэг байхад Монголын ойг бэлтгэнэ гэсэн үг.
Мөн нөхөрлөлд түшиглэсэн ойн менежментийг илүү сайжруулна. Өнөөдөр Монголын ойн нэг хүрэхгүй хувийг нөхөрлөл хариуцдаг. Дор хаяж таван хувийг нөхөрлөлд хариуцуулчихвал ойн түймэр, хууль бус мод бэлтгэл багасна. Тийм учраас нутгийн иргэд нөхөрлөлд суурилсан менежментийг тууштай нэвтрүүлж, нөхөрлөлийг нь зөвхөн хамгаалах үүрэгтэй биш, ногоон ажлын байрны гол нэгж байхаар тооцож ажиллаж байна.

-Мод тарина гэхээр л суулгацын эрэлд гардаг. Гэвч ургадаг нь яг үнэндээ бас л цөөхөн байх юм. Энэ нь үрээс шалтгаалж байна уу, суулгацын буруу арчилгаанаас болоод байна уу?
-Таримал ойтойгоо холбогдуулаад өнөөдрийг хүртэл орхигдуулж ирсэн нэг зүйл бол сонгомол, шилмэл үрийн аж ахуй. Бидний тарьсан мод зуун жилийн дараа үр хүүхэд ач гуч зээ нарт маань байхын тулд сайн үр хэрэгтэй. Дурын үрээр таривал богино муу тахир, яртай  мод ургана. Тийм учраас ойн үрийн селекцийн аж ахуйг нэг жилийн өмнө ч гэсэн нээвэл уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай мод бий болгоно. Өөр нэг асуудал бол газар тариалан болон томоохон зам дагуу ойн зурвас байгуулья гэж байгаа. Замыг механик аргаар далан хашаа барьж хунгар, элс шорооноос хамгаалдаг бол  биологийн аргаар мод тарьж хамгаалья. Хоёрт, газар тариалан гэж бид бахархаад ярьж байгаа ч ногоон газар тариалан биш хүрэн байна. 10-20 жилийн дараа газар нь үржил шимгүй болоод  нэг га-гаас авах ургац багасна. Тэгэхээр бүх газар тариалангийн компани ойн зурвасаар талбайгаа хамгаалбал хөрсөө хийсэхээс хамгаална, чийгээ барина, цасаа тогтооно гэх мэт. Тиймээс ойн зурвас, ойжуулалтын ажлын дараагийн гол зорилт бол зураг төслийн үндсэн дээр хийж, түүнийг хүлээж авах юм. Үүнтэй холбогдуулаад манай сайд Засгийн газарт санал оруулаад Ойн судалгаа хөгжлийн төв гэж зураг хийдэг өөрийн харьяаны байгууллагатай болсон. Эцсийн үр дүнд ойгоо арвижуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ.

-Ойн салбарт мэргэжлийн боловсон хүчин үнэхээр дутмаг юм шиг санагддаг. Манай байгууллага мод тарих гээд л мэргэжлийн хүний эрэлд гардаг. Уг нь МУИС-ийн харьяа нэг лицей сургууль байдаг байх аа?
-Энэ бүхнийг хийх ойн мэргэжлийн ажилтнууд зайлшгүй бэлтгэгдэх ёстой. Тийм учраас бид Зүүнхараа, Хөвсгөлийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг түшиглээд  гадаадын төслийн дэмжлэгтэйгээр боловсон хүчин бэлтгэх программаа шинэчилж байна. Ялангуяа уул уурхайтай адилхан мэргэжлийн хүмүүс зургаан сараар бэлтгээд зургаан сараа 1- 1,5 жил болгож зэрэг ахиулдаг системд шилжихгүй бол манай салбарт ажиллах хүн дутагдалтай л байна. Дээрх ажлуудыг чинь нарийн мэргэжлийн төвшинд хийж байж үр дүнд хүрэх учраас Шинэчлэлийн Засгийн газар ойн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх, үүнд шинэ тогтолцоо хөтөлбөр бий болгох асуудалд анхаарч байна.

-Монголын нийт газар нутгийн хэчнээн хувь нь ой байгаа вэ? Ер нь хэчнээн хувь байвал зохистой хэмжээнд хүрэх вэ?
-Энэ ойлголтыг хүмүүс маш их хольж хутгадаг. Тэгэхээр ойгоор бүрхэгдсэн талбай, ойн сангийн газар гэж хоёр янз. Ойн сангийн газар гэдэг нь нийт ойтой газар болоод ойгоос 100 метрийн зайтай ойн цоорхой нь ордог. Энэ утгаараа Монголын газар нутгийн 11,69 хувь нь ойтой. Яг ойгоор бүрхэгдсэн буюу мод ургаж байгаа газрыг нь Монголын нийт газар нутагтай харьцуулбал 8,03 байна. Энэ үзүүлэлтээр Монгол бараг ойгүй орны тоонд орж байгаа юм. Дэлхий нийтээр авч үзвэл хуурай газрын 31 хувь нь ой байна. Ер нь экологийн зохицуулагч гэж ойг харж байгаа энэ үед аливаа аймаг, сум бол ойролцоогоор 30 хувьд ойтой байж хэвийн уур амьсгалтай сайхан зун болдог, бэлчээр хадлан сайн гардаг болно. Тэгэхээр эцсийн бидний зорилго бол газар нутгийнхаа  30 хувийг ойтой болговол байгалийн зуд турхан үер гэх зэрэг гамшгаас зайлсхийж чадах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан