НӨАТ, Гаалийн татвараас мод модон бүтээгдэхүүн, газрын тосны тоног төхөөрөмжийг чөлөөлөхийг дэмжлээ
2013 оны 6 сарын 6
Манай улс газрын тосоо дотооддоо боловсруулж хэрэгцээгээ хангах зорилго тавиад буй. Тиймдээ ч Дарханд газрын тосны үйлдвэр барихаар зэхээд буй. Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх  асуудлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан юм. Түүний тайлбарласнаар газрын тос, шатдаг занараас хийн түлш гаргаж авах, нүүрсийг шингэрүүлэх төсөл гадаадын олон оронд хэрэгжиж байгаа аж. Тиймээс энэ төслийг монголдоо хэрэгжүүлж, газрын тосны бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангахын тулд тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Гэхдээ газрын тос боловсруулах үйлдвэрт нь төрийн оролцоо байхгүй. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч л хөрөнгөө оруулах аж. Харин төрийн зүгээс татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх юм байна.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун үг хэлэхдээ татвараас чөлөөлөх нь буруу гэсэн байр сууринаас хандсан бол  УИХ-ын гишүүн Су.Батболд татварын асуудал замбараагүй байдалтай байгааг шүүмжилсэн. Тэрээр ямар бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж, алийг нь татвараас чөлөөлснийг тодорхой гаргах хэрэгтэй. Шатдаг занар гэдэг нэрээр Жейни Ойл гэдэг компани ямар ч бараа зөвшөөрөл, лицензгүйгээр Төв аймгийн Бүрэн, Эрдэнэсант суманд газар ухаад байна гэв.
Мөн УИХ-ын гишүүн М.Энхболд, “Татвараас чөлөөлөх бодлого маань Дархан Газрын тос, Жейни Ойл компанид зориулсан бодлого уу. Эсвэл улсын эрх ашигт нийцэж байна уу. Жейни Ойл компани Эрдэнэсант суманд 500 метрийн гүнтэй хоёр нүх ухчихаад байна” гэсэн асуултыг Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодруулсан юм. Сайд, “Гадаадын бүх л оронд газрын тос боловсруулах үйлдвэрийн сайн чанарын тоног төхөөрөмжийг дотооддоо оруулж ирэхэд татвараас чөлөөлсөн байдаг юм билээ. Тиймээс энэ асуудлыг оруулж ирж байгаа юм” гэсэн.
Газрын тосны газрын дарга Л.Өлзийбүрэн, “Жейни ойл компани судалгааны гэрээ байгуулсан. Ингэхдээ Эрдэнэсант, Бүрэн сумын иргэдтэй уулзсан. Иргэд жаахан эсэргүүцэж байгаа. Уулзалтыг дахин хийнэ. Судалгааны гэрээнд газрыг өрөмдөж болно, болохгүй гэсэн заалт байдаггүй” гэсэн тайлбарыг өглөө.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан татварын тухай хуулийг хэлэлцэхгүй мөртлөө ЗГ-ын өргөн барьсан хуулийг хэлэлцээд байна. Газрын тос боловсруулах гурван үйлдвэр төрөөс юу ч нэхээгүй байж болно. Тэгвэл 37 мянган аж ахуйн нэгж байгууллага маань төрөөс нэг ч төгрөг нэхээгүй шүү дээ. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ыг 10 сая бус 200 сая төгрөгөөр босго тогтоох хуулийг хэлэлцээд өгөөч гэв.
УИХ-ын гишүүн Н.Энхболд, хувийн хэвшлийнхний хийж чадаж байгаа зүйлийг төр өөр дээрээ татаж авчраад, тэр ажлыг нь хийсэн, хийгээгүй хоёрын хооронд болгоод байна. Бензин тосны асуудлынх нь хувьд үүнийг дэмжих ёстой. Хууль гараагүй, хувийн хэвшил эрсдэлээ дагаад явж байхад нь төр урдуур нь ороод байгаад л асуудал байна хэмээн шүүмжлэл гаргаж байлаа.
Мөн мод модон бүтээгдэхүүний Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг дэмжиж Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Д.Намнан
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.