Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэгэн насны буян

Залуу хүний хийх ёстой гурван үйлийн нэг нь мод тарих. Энэ үүргээ биелүүлэхээр би “Миний клуб” хэмээх сайн дурынхантай нэгдэн нэгэн бямба гаригийг мод тарьж өнгөрүүлэхээр шийдсэн юм. Оюутан голдуу гурван автобус дүүрэн залуус өглөө эртлэн цуглаж 9 цагт Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайгаас хөдөлсөн юм. Хэдийгээр энэ өдөр бороотой сэрүүн байна гэсэн ч хамтдаа мод тарихаар 200 гаруй хүн ирсэн байлаа. Ийм их хүн ирнэ гэж би ердөөс таамаглаагүй билээ. Зохион байгуулагчдын ярьж буйгаар энэ өглөө өмнөх өдөр бүртгүүлснээс 70 хүн илүү ирсэн гэнэ. Дуу хуур, хөгжөөн наргиан тасралгүй хоёр цаг шахам явж Төв аймгийн Эрдэнэ сумд байдаг мод тарих талбайдаа хүрсэн юм. Хоёр зах нь тэртээд үзэгдэх цэлгэр том талбай биднийг угтав.

Миний клубын гишүүд энэ ажлыг нарийн зохион байгуулж сурчээ. Тэдэнд долоон жилийн туршлага бий гэнэ. Бид хамгийн түрүүнд тойрч зогсон хүнээ тоолоод хөнгөн цайлцгаав. Үүний дараагаар эхний ажилдаа орлоо. Эхний ажил мод тарих нүх ухна. Нүхний хэмжээ амсар нь 30 см диамитртай байх ба гүн нь мөн адил 30 см. Нүхний ёроолыг хумбайлгах юм уу амсраасаа нарийн байлгаж болохгүй. Тиймээс амсар нь арай өргөн диамитртай байж болно гэсэн зааврыг бидэнд өгсөн юм. Хүн бүрт дор бүрнээ таван нүх ухахыг зөвлөсөн. Гэвч ажил дуусах үед хүн бүр дор хаяж 7,8 найман нүх ухжээ. Зарим нь бүр 10 гаруйг ухсан гэж ярьцгааж байв. Ёстой л шижигнэсэн залуус. Эндхийн хөрс зөөлөн, чулуу багатайн дээр мод тарих чин хүсэлтэй байсан нь нөлөөлсөн болов уу. Яг л шагналт уралдаан зарласан юм шиг бие, биенээсээ өрсөн ухацгааж байлаа. Хийж буй ажлаа халтуурдах хүсэл тэдэнд бас алга. Хэн ч албадаагүй, хэн ч яаруулаагүй байхад шүү дээ. Зарим нүх нь ялигүй гүн байсныг үл тооцвол яг л зааврын дагуу. Угаас цаг агаар сэрүүн байсан болохоор ажиллах тусмаа дулаацаж байлаа. Нэгэнт төлөвлөгөө давуулан биелүүлсэн учраас амрах цаг ч нэлээд олдлоо. Бидний хэн нь ч ядарсан шинжгүй цовоо, цойлгон байсан.

Хүний тоо төлөвлөснөөс хэтэрсэн болохоор өдрийн хоолны цагийн хуваарь бага зэрэг өөрчлөгдлөө. Үдийн хоолондоо орсны дараагаар гол ажил буюу жинхэнэ мод тарих ажилдаа залуус ханцуй шамлан орлоо. Нүхний ёроолд урьдаас бэлтгэсэн бордоо цацаж дээрээс нь бага хэмжээний шороо хаяна. Үрийн суулгацыг нүхний голд эгц босоогоор барьж шороогоор дүүргэх хэрэгтэй. Шороогоо сайн дагтаршуулж суулгацыг хөдөлгөөнгүй болсны дараагаар услана. Хоёр хувин буюу ойролцоогоор 20 литр ус нэг модонд зарцуулав. Энд ирсэн гол зорилго нь энэ болохоор залуучууд эрч хүчээр дүүрэн байлаа. Хэзээ ч дундаршгүй, хэзээ ч шавхагдашгүй мэт. Мянган модны үрсэлгээг цаг хүрэхгүй хугацаанд тариад дуусгачихав. Энэ үед тэнгэр цэлмэж нар гийгээд хүмүүсийн сэтгэлд илч нэмэх мэт сайхан цаг тохиосон.

Бидний буцах зам ирсэн шиг ээ дуу хууртай, хөгжөө наргиантай явсаар буцлаа. Яагаад ч юм буцах зам нь богинохон мэт санагдаж, автобуснаасаа буумааргүй л байлаа. Гэвч яая гэхэв. Нэгэнт зорьсон хэрэг бүтэмжтэйгээс хойш. Тарьж суулгасан модоо хатаж ширгэх вий гэж айх зүйл бидэнд байсангүй. Тэнд тарьсан модыг арчилж усалдаг, тарьж ургуулдаг ажилчид байдаг юм бил ээ. Нүхийг нь ухаж, өөрөө суулгасан, усалсан мод бүхэн минь өндрөөс өндөр ургаж, алдалж хүрэмгүй том мод болно гэсэн итгэл дүүрэн гэртээ харьсан юм. Харих замдаа эргэцүүлсэн цөөн бодлоосоо уншигч тантай хуваалцмаар санагдлаа.

Монгол орон өргөн уудам нутагтай гэвч ихэнх хэсгийг тал, хээр, говь эзэлнэ. Маш бага хувийг буюу ердөө наймхан хувь гаруй нь ой мод. Тийм ч учраас нэг мод таривал нэгэн насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэж ярьдаг биз ээ. Гэхдээ энэ үгийг Монголчууд ой модоор харьцангуй баялаг байх үедээ хэлсэн. Монгол оронд ардчиллын цэнхэр далбаа мандсанаас хойш арваадхан жилийн дотор бид нийт ойнхоо бараг тал хувийг галдаа түлж, түймэрт шатааж, зарж үрж устгажээ. Өмнө нь монголын нийт газар нутгийн 12 хувийг ой, мод эзэлдэг байж. Тиймээс бид өнөөдөр нэг хүн нэг мод тариад сэтгэл ханах бус өнгөрсөнд үгүйрүүлсэн их өрөө төлөх учиртай. Хүн бүр арван жилийн турш жил тутамд дор хаяж нэг мод тарьж байж сая нэг өрөө төлсөн гэж тооцвол ямар вэ. Харин жил бүр нэгээс олон мод тарьсан бол энэ насны буянаа гүйцээсэн гэж сэтгэл амарцгаая. Мод тарих хамгийн тохиромжтой цаг хугацаа нь хавар намрын богинохон зайнд тохиодог гэдгийг санах хэрэгтэй.

Түүнчлэн нэг суулгац хөрсөнд суулгасан төдийхнийгөө мод тарьсан гэж бодохоо ч больцгооё. Ерөнхийлөгчийн санаачилсан мод тарих өдрөөр хувь хүн, албан байгууллагууд жил болгон л мянга, мянган мод тарьсан. Өнөөдөр тэдний ургаж төлжсөнөөс хатаж хувхайрсан нь олон. Суулгасан суулгац бүрээ усалж, арчилж мод болтол нь тордох хэрэгтэй. Энэ тухай ч сүүлийн үед хүмүүс их ярьцгаах боллоо. Олны дунд яригдаж байгаа зөв зүйтэй санал, санаачлагыг ажил хэрэг болгох тал дээр олон нийт бид л идэвхитэй ажиллах хэрэгтэй биз дээ.

Ц.Элбэгсайхан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан