Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Модыг тарихаасаа илүүтэй арчилж ургуулах нь чухал

Сүүлийн үед хүмүүс мод тарих ажилд маш идэвхтэйгээр оролцдог болжээ. Мод нь нүүрстөрөгчийг шингээн авч, хүчилтөрөгч ялгаруулахаас гадна байгалийн үзэмж, экологийн систем, хөдөө аж ахуй, байшин барилгын материал гээд олон чухал үүрэгтэй. Нэг килограмм чацарганы үрийг тариалахад хэдэн мянгаар тоологдох мод, гурван килограмм шинэсний үр тарихад хэдэн саяар тоологдох тарьц гардаг гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Заавал мэргэжлийн гэлтгүй ногоон байгальд хайртай хэн боловч мод тарьж, түүнийгээ арчилж чадна. Гэхдээ энэ ажилд тэвчээр, сэтгэл гэргах хэрэгтэй юм.  2012 оны тооллогоор нийслэлд 751 мянган мод, сөөг тоологджээ. Энэ нь сая гаруй хүн амтай нийслэл хотын өнгө үзэмж хийгээд эрүүл орчныг хангаж чадахуйц үзүүлэлт биш. Харин модны эрүүл мэндэд нийслэлийнхэн анхаарал тавих нь зүйн хэрэг. Гэхдээ нийслэлд ургасан модонд зовлон их. Хотын өнгө үзэмжинд тааруулж намар бүхэн мөчрөө тайруулна. Өвөл нь нүүрсний утаагаар амьсгална. Магадгүй зарим хүүхэд моддыг навчсаа хаяж дуусаад л дуулаартал унтчихдаг гэж боддог байх. Гэвч тийм биш юм. Мод дөрвөн цагийн турш амьсгалдаг. Тиймээс хүнээс дутахгүй агаарын бохирдолтод өртдөг амьд биет юм.

Жил бүр мод тарих аян өрнүүлж байгаа нь сайшаалтай ч ургасан нь цөөхөн байдаг. Хэсэг хугацаааны дараа эргээд харахад хуй салхи хийсгэчихсэн гэлтэй суулгасан модод нь алга болчихдог. Оронд нь хэдэн хугархай, нарийн суулгац мөчирүүд, харанхуйд бүдэрч унамаар том том нүх үлддэг нь энгийн жишээ юм. Тарьсан модоо хайрлаж, хамгаалж арчлахгүй бол мод тарьсан нэрээр төсвийн мөнгийг дэмий урсгаад хэрэг байна уу даа...

Мод тарьж байна гээд манайхан гүн нүхэнд зулзаган суулгац хийж, хар шороогоор булаад жаахан ус асгаад л орхичихдог. Гэтэл таримал мод насанд хүртлээ хэн нэгний хайр халамжийг хүсдэг байна. Өөрөөр хэлбэл, мод өөрийгөө тариулах бус ургуулахыг л хүсдэг гэж хэлж болно. Байгалийн жамаараа уулын ар газар ургаж байсан модыг шилжүүлэн суулгахдаа нар их тусдаг тал газар суулгаж огт болохгүй. Учир нь тэрхүү суулгац бусад модноос илүү сүүдэр хүсдэг болохоор чийглэг чанар нь алдагдаж, хатах аюулд амархан өртдөг ажээ. Иймд мод ургуулах гэж буй хүн эхлээд ямар төрлийн мод, хаана суулгах гэж байгаа талаар бодолцох хэрэгтэй. Модны үндэс нь усыг өөртөө шингээх үүрэгтэй байдаг. Тиймээс эх хүн хүүхдээ хөхүүлдэг шиг ойр ойр, бага багаар услах нь хамгийн зөв арчилгаа юм. Модыг манай орны нөхцөлд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 10-ны хооронд, мөн газар хөлдөх үе буюу аравдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд тарихад тохиромжтой. Харин бусад үед тарьсан мод хөрсний чийг хүлээж авах чадваргүй учир амархан хатдаг байна.

Монгол оронд 140 мянга орчим нэр төрлийн мод, сөөг ургадаг. Гэхдээ жил ирэх тусам ойн сан багасч байгаа нь тийм ч сайн мэдээ биш юм. Судалгаагаар, 1991 онд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 12.5 хувийг ойн сан эзэлж байсан бол 1998 онд 8.1 хувь болтлоо буурсан. Харин энэ жил долоохон хувийг эзэлж байгаа гэсэн дүн гарчээ. Үүнээс үзэхэд хэний ч гар харалгүй байгалийн жамаараа ургасан ой, хээрийн модод ямар аюул дунд амьдарч буй нь тодорхой байна. Үүний гол дайсан нь хүмүүс өөрсдөө юм. Жил ирэх тусам модны хулгай газар авснаар хэдэн зуун мод үгүй хийснийг тооцоход бэрх болжээ. Сүүлийн таван жилд 800 орчим ойн түймэр гарч 1215.8 га ойн талбай шатаж экологид 496.9 сая төгрөгийн хохирол учруулсан нь өөрийнхөө жамаар ургасан модонд хүмүүс хэр их халгаатайг харуулах бодит жишээ юм.

Эх болсон байгаль дэлхийгээ хайрлана гэдэг энгийн зүйлээс л эхэлдэг. Бид хүүхдүүддээ элдвийн сургамж хайрлахаасаа илүү өөрсдийн биеэр үлгэрлэн хамтдаа бут сөөг тарьж, тарьсан модоо арчлан тордох энгийн аргыг зааж өгснөөр тэднийгээ амьд байгалиа хайрлан хамгаалдаг нэгэн болгож өсгөх сайн талтай. Энгийнээр бодоход  олон хүний тарьсан мод усалгаа дутмагаасаа болж гандаж гундахгүйн дээр хүүхдүүд өөрийн тарьсан модыг хэрхэн ургаж байгааг харах гэж, бас усалж арчлах гэж ирцгээдэг болно шүү дээ.  

Д.Энхмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан