Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Эрхэмбулган: Сургалтын төлбөрт эрхзүйн зохицуулалт хийнэ


Их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэх эсэх талаар БШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

-Намар хичээлийн шинэ жил эхлэхэд их, дээд сургуулийн төлбөр хэр нэмэгдэх бол гэсэн айдас суралцагч, эцэг, эхчүүдийн дунд байна. Энэ талаар яамнаас ямар бодлого барьж байгаа вэ?
-Төрийн өмчийн их, дээд сургуу­лийн төлбөрийг төрөөс тодорхой хэмжээгээр зохицуулж ирсэн. Харин хувийн сургуулийн төлбөрийг тухайн сургуулийн Удирдах зөвлөл тогтоо­дог. Манайх оролцох эрхгүй. Өнөөдөр сургуулиудын нийт санхүүжилтийн 90 хувь нь зөвхөн сургалтын төлбөр дээр тогтдог юм билээ. Үүнийхээ 70 хувийг багш нарынхаа цалинд, ганцхан хувийг нь сургалтын хэрэглэгдэхүүнд  зарцуулдаг гэсэн судалгаа гарсан. Тийм учраас дээд боловсролын санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох хэрэгтэй байна. Өмнө нь ШУТИС-ийн оюутнуудын үйлдвэрлэсэн бордоонд МХЕГ-аас төрийн өмчийн сургууль ашиг олох эрхгүй гээд акт тогтоосон байсан. Хэрэв иймэрхүү зүйлд эрхзүйн зохиуцуулалт хийвэл манай сургуулиуд багш суралцагчдынхаа бүтээлээр орлого олж, төлбөрөө нэмэхгүй байх боломжтой.

-Манайд байгууллага нь ирээ­дүйн боловсон хүчнээ ивээн тэтгэн сургах нөхцөл байвал бас сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх боломжтой шүү дээ...?
-Төлбөрийг нь нэмэхгүйн тулд олон зүйлийг санаачлан ярьж байна. “Оюу толгой” компани гэхэд цалинтайгаар ажилчдаа бэлтгэдэг. Үүнийхээ оронд инженерийн сургуульд хөрөн­гө оруулаад суралцагчдаас нь өөрийнхөө шалгуурт нийцсэн ажилтнаа шалгаруулж авч болно шүү дээ. Гэтэл зарим сургуулийн оюутны даац хэтэрсэн. ШУТИС гэхэд л ачааллаасаа гурав дахин олон оюутан сургаж байна. Төрийн өмчийн их, дээд сургууль ашиг олж болохгүй гэхээр сургуулийн орчноо сайжруулахын тулд сургалтын төлбөрөө нэмэхээс аргагүйд хүрдэг. Гэтэл асуудлыг шийдэх гарц нь оюутны ар гэрт хүнд ачаа болдог. Сургуулиуд менежментээ сайжруулах хэрэгтэй. Төлбөр нэмэгдээд байгаа ч чанарт ахиц гарахгүй байна. Хүн бүр л дээд боловсролын чанарт шүүмжтэй ханддаг. Үүний нэг шалтгаан нь оюутны дадлага үр өгөөжгүй байгаа явдал. Үүнийг цэгцлэхээр ажиллаж байна. Оюутнуудыг цалинтай дадлага хийлгэж эхэлсэн.

-Хэрэгцээтэй мэргэжлээр олон оюутныг сургана. Давхардсан мэр­гэж­лийг цэгцэлнэ гээд байгаа шүү дээ. Энэ талаар ямар ажил хийж байна вэ?
-Өнөөдөр хэдэн сургууль ч хамаа­гүй давхардсан мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэн оюутан элсүүлж байна. Үүнийг цэгцэлнэ. Хөдөлмөрийн яамнаас хэрэгцээтэй мэргэжлийн судалгаа гарсан байсан билээ. Судалгаанаас харахад манайд 14 мянган сувилагч хэрэгцээтэй гэсэн тоо гарсан. Гэтэл сувилагчийн сургуульд сурсан хүмүүс ажлаа хийхгүй байна. Энэ талаар зохицуулах бодлого боловсруулж байна.

-Хувийн дээд сургуулиудын төлбөрийг хянах боломжгүй гэлээ. Ийм байдлаар түрий барьж тэд төлбөрөө тэнгэрт тултал нэмвэл ямар арга хэмжээ авах вэ?
-Хувийн сургуулиудын үйл ажиллагаа, сургалтын хэвийн үйл ажиллагааг тухайн дүүргийнх нь боловсролын газар хянадаг. Стандартад нийцэхгүй зүйл хийсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрхтэй.

0 Сэтгэгдэл
Сургалтын чанар зөвхөн дадлага хийхээс шалтгаалахгүй. Үүний цаана тэдгээр оюутнууд ямар хөтөлбөрөөр сурч байна, хамгийн багадаа орчин үеийн шаардлагыг хангаж байна уу? Цаашилбал уг мэргэжлийн хөтөлбөрүүд нь нийгмийг хөтлөгч хүч болж чадах эсэх дээр үнэлгээ өгөх хэрэгтэй энэ л их чухал. Өнөөдөр дээд боловсролын байгууллагууд 70 оны агуулгаар 21 дүгээр зууны мэргэжилтэнг бэлдээд байна шүү дээ БШУЯ-ны дарга нараа. Үүнд л анхаармаар байна.
Хамгийн их уншсан