Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Махмуд Ахмединежадыг мартаж, Ираны шинэ удирдагчтай танилц

 
Өнгөрсөн амралтын өдөр Иранд дөрвөн жилийн өм­нөхөөс тэс өөр сонгууль боллоо. Ердөө дөрвөн жилийн өмнө Махмуд Ахмединежад ялсан сонгуулийн дараа сон­гогчид эсэргүүцлээ илэр­хий­лэхээр Тегераны төв тал­байг зорьж байсан бол энэ удаа харин баяраа тэм­дэглэхээр тал бүрээс хуран цугларчээ. Тэд улсынхаа  шинэ Ерөнхийлөгч Хассан Роуханиг урт наслаг хэмээн ерөөл хэлж, түүнийг л улс орондоо ард­чилал шинэчлэлийг авчирч чадна хэмээн итгэж найдаж байна.


Ираны 50 сая сонгогч 72,2 хувийн ирцтэйгээр сонгуульдаа оролцсоноос 50 гаруй хувийн дэмжлэгтэйгээр Хас­сан Роухани ялалт байгуулаад байна. Ираны дээд удирдагч Аяатолла аль Хаменей түүний ялалтыг баталгаажуулан үг хэлэхдээ  “Хүн бүр шинэ Ерөнхийлөгчид, түүний Засгийн газрын гишүүд, хамтрагчдад нь туслах ёстой” гэдгийг сануулсан байна. 

Сүүлийн найман жил Ираныг удирдсанаас сүүл­чийн дөрвөн жилд нь олон нийтийн эсэргүүцэл тэмцэлтэй байнга тулгарч байсан Махмуд Ахмединежад Ерөнхийлөгчийн суудлаа ирэх наймдугаар сард хүлээлгэн өгнө. М.Ахмединежадыг олон түмний саналыг луйвардаж, Ерөнхийлөгч боллоо хэмээн орон даяар томоохон эсэр­гүүц­­лийн хөдөлгөөн өрнүүлж байсан иранчууд өнөөдөр баяр хөөртэйгөөр талбайдаа эргэн уулзаж байна.  Х.Роу­ханигийн сонгуулийн суртал­чил­гааны бэлгэдэл өнгө болох ягаан өнгийн туг барьсан хү­мүүс төв талбай руугаа тал бү­рээс цувран ирж, за­маар яв­сан машинууд дуут до­хио­гоо хангинуулан, баяраа тэм­дэглэжээ. Тэдний зарим нь “Найман жилийн дараа би­дэнд дахин итгэл найдвар төр­лөө” гэж гадаадын хэвлэлд ярьжээ.
Иран гэхээр л М.Ахмедине­жадаар төсөөлөгддөг байсан улс орныг удахгүй хүлээн авах гэж буй Хассан Роуханигийн тухай товч танилцуулбал тэрээр лалын шашны санваартан хүн. Тэрээр лалын шашны ёс горимоо ягштал дагадаг ч шинэчлэл, өөрчлөлтийг ард түмэндээ авчирч чадна хэмээн итгэлтэйгээр мэдэгдэж байгаа юм.  Хуулийн гурван ч зэрэгтэй, докторын ажлаа Шотландын их сургуульд хамгаалсан, Ира­ны стратегийн судалгааны тө­вийн ерөнхийлөгчийн ху­виар байнга эссе нийтлэл бичдэг тэрээр англи, герман, франц, араб хэлээр чөлөөтэй ярьдаг, улсаа төлөөлөн өндөр албан тушаал хашиж, цөмийн хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байв.

Тэрээр ажилдаа ороод юуны өмнө цөмийн хөтөлбө­рөөс болоод тус улсад тавиад байгаа олон улсын хоригийн нөхцөлийг зөөлрүүлэх талаар ажиллах юм байна. Сүүлийн жилүүдэд Иранд ажилгүйдэл хү­рээгээ тэлж, мөнгө нь үнэ­гүйдэж, инфляц нэмэгдсэн гээд эдийн засгийн томоохон бэрх­шээл амсч байгаа учраас эдийн засгийн хориг арга хэмжээг сулруулах хэрэгтэй байгаа юм.
Ерөнхийлөгчөөр сонгогд­сон Х.Роуханитай хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ АНУ, Их Британи, Фран­цаас эхлээд барууны то­моохон орнууд зарлаад байна.  Гэхдээ тэрээр олон ул­сын харилцаанд цаашид ямар байр суурь баримтлах вэ гэдгийг одоогоор хэлэхэд эрт. Ираны агаараас батлан хам­гаалах хүчнийг удирдаж байхдаа гурван ч удаа дайнд оролцож,  Ерөнхийлөгч Мах­муд Ахмединежадын  үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр 13 жил ажилласан  түүнээс өмнөх төрийн тэргүүнээс тэс өөр бодлого зарчим гарч ирнэ гэдэг эргэлзээтэй.  Гэхдээ хэдий тэрээр өмнөх удирдагчидтай ойр дотно холбоо харилцаатай ч М.Ахмединежадын эсрэг Ногоон хөдөлгөөнийг дэмжиж, улс дахь хэвлэн нийтлэх эрх чөлөөний талаар зоригтой дуугардаг нэгэн юм. Ямартай ч, Ираны шинэ удирдагч олон улсын харилцаанд харцага шиг нэгэн байх уу аль эсвэл энхийн цагаан тагтаа байх уу гэдгийг харах л үлдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан