Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Галсандорж: Индонезийн Грасбэрг уурхай зогссон нь зэсийн үнийг ирэх саруудад өсгөнө


Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр эрдэс баялгийн үнэ хямдраад буй. Ялангуяа,  нүүрс, төмөр, жоншны үнэ нэг л сэргэхгүй,  экспорт удааширсан.
Ингээд Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, профессор Д.Галсандоржтой голлох эрдсийн бүтээгдэхүүний экспорт, үнэ ханш, чиг хандлагын талаар ярилцлаа.

-Одоогоор манай улсын ашигт малтмалын экспорт ямар байна. Төлөвлөсөн хэмжээндээ хүрэх болов уу?
-Зэсийн хувьд энэ жил “Эрдэнэт” үйлдвэрийнх дээр нэмээд “Оюу толгой”-гоос 342 мянган тонн зэсийн баяжмал гаргана гэж улсын төсөвт тооцсон. Ингээд улсын хэмжээнд 945 мянган тонн зэсийн баяжмал экспортлох юм. Оюу толгойн ил уурхай туршилтын журмаар ажиллаж байна. Албан ёсоор өнгөрсөн 14-ний өдөр экспорт нь эхлэх гэж байгаад хойшилсон. Энэ сард багтаад эхэлчихвэл зэсийн экспортод хувь нэмрээ оруулна. Энэ оны эхний таван сард “Эрдэнэт” үйлдвэр 231.7 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон. Тэгэхээр зэ­сийн баяжмалын экспорт боломжийн төвшинд байна. Харин энэ онд 570 мянган тонн жоншны баяжмал экспортлох ёстой. Өнгөрсөн таван сард 107 мянган тонныг борлуулсан. Дээрх төлөвлөгөөнийхөө дөнгөж 19 хувийг биелүүлсэн гэсэн үг. Уг нь, 40-50 хувийг нь экспортолсон байх хугацаа биз дээ. Энэ жил нүүрс, төмөр, жоншны баяжмалын экспортод анхаарч  тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Зах зээлийн үнэ унасан, экспортын хэмжээний хувьд ч буурчихлаа шүү дээ.

-Нүүрсний экспорт сэргэх янз байна уу?
-30 сая тонныг экспортлох том төлөвлөгөөтэй байгаа. Энэ оны эхний таван сарын байдлаар 6.3 сая тонныг экспортолсон.  Өөрөөр хэлбэл, төлөвлөсөн хэмжээнийхээ дөнгөж 18 хувийг экспортолчихлоо. Үүнд шалтгаан бий. Нэгдүгээрт, Хятадын хэрэглээ буурсан. Үүнийг дагаад нүүрсний зах зээлийн үнэ хямдарсан. Манай нүүрс экспортлогчид энэ оны эхний гурван сар бараг ажиллаагүй. Дөрөвдүгээр сараас л ажиллаж эхэлж байна. Тэгэхээр энэ жил экспортлох нүүрсний төлөвлөгөө тасарна. Хоёрдугаарт, Сангийн яамнаас нүүрс, жонш, төмөрт жишиг үнэ тогтоодог. Энэ үнийг зах зээлийн бодит үнээс их өндрөөр тогтоож байгаа. Ийм учраас экспортлогчдод хүнд тусдаг. Яагаад гэвэл, тухайн ашигт малтмалын зах зээлийн үнэ нэг тонн нь 100 ам.доллараас доош унасан. Энэ үед тэр өндөр үнээс таван хувийн нөөц ашигласны татвар төлөхөд хүнд тусч байгаа. Уг асуудлаар Сангийн яам, Уул уурхайн яамны холбогдох хүмүүстэй уулзаж ярилцсан. Уул уурхайн яамнаас уг жишиг үнийг боловсронгуй болгох, зах зээлийн бодит үнэд ойртуулах талаар арга хэмжээ авч өгөхөөр ярьсан.

-Тэгэхээр энэ жишиг үнийг яаж тогтоох ёстой гэж?
-Олон улсын зарчмаар жишиг үнэ тогтоох сонгомол арга нь уурхай бүрийн өөрийн өртөг, Монгол-Хятадын үйлдвэр хүртэлх тээврийн зардал тодорхой байна. Дээр нь Монгол -Хятадын авч буй гаалийн бүрдүүлэлтийн хураамж бусад хураамж, тэр дуулал гаалийн бүрдүүлэлт агаарын бохирдлын хураамж нь тодорхой болох юм. Ийм учраас жишиг үнийг тогтоохдоо Хятадын хувийн компанийн дотоодын вэб сайтыг  авч ашиглалгүй Монгол-Хятадын хил дээр байгаа жишиг үнийг бодитой гаргах хэрэгтэй юм.
Тэгэхээр манай Сангийн яамны тогтоож буй жишиг үнэ нь Хятадын нэг вэб сайтад зарласан хэрэглэгчидийн үнийг аваад байгаа юм. Энэ үнэд тээврийн зардал, Хятад-Монголын хилийн дамжин өнгөрөх зардал, мөн хятадын нутагт тээвэрлэгдэж буй зардал ч бас орсон байдаг. Нүүрсэнд тэр тээврийн зардлыг хасч тооцож байгаа. Харин төмрийн баяжмалын жишиг үнэд  тэр нь үнийн дүнгийн 17 хувь нь орсон байдаг. Өөрөөр хэлбэл, Хятадын нөөц ашигласны төлбөрийг хасч тооцдоггүй гэсэн үг. Жонш бол бүр хэцүү. Манай жонш ОХУ, Укрианд гардаг. Бүтээгдэхүүнээ Монгол-Оросын хилийн Сүхбаатар нөхцөлөөр зардаг. Гэтэл энэ жишиг үнийг тооцохдоо Хятадын АНУ-д зардаг Тяньжин боомтын үнийг аваад нөөц ашигласны төлбөр хураадаг. Гэтэл манай жонш экспортлогчид Монгол-Оросын хил дээр худалдаа хийж байгаа. Тийм учраас Тянжингээс Монгол-Хятадын хил хүртэлх тээврийн зардал 40 орчим ам.долларыг хасах учиртай юм. Одоо энэ тээврийн зардлыг хасалгүйгээр нөөц ашигласны татвар төлж байгаа.
Дэлхийн зах зээлд өнөөдөр нэг тонн цэвэр зэсийн үнэ 7040 ам.доллар байна. Сүүлийн саруудад үнэ ханш нь 8000 ам.доллараас ихээхэн уналаа. Богино хугацаанд үнэ нь өсөх хандлага бий. Индонез зэсийн томоохон нийлүүлэгч орон. Хятадад бүтээгдэхүүнээ борлуулдаг юм. Гэтэл хүчин чадлаараа дэлхийд хоёрт ордог  Грасбэрг зэсийн уурхай нь техникийн саатлаас зогссон. Олон улсын судлаачдын мэдээллээс харвал энэ үйлдвэр нь гурван сар зогсч магадгүй гэж байгаа. Иймд тус улсын экспорт буурах нь тодорхой. Дэлхийн зэсийн хэрэглээний таван хувийг хангадаг үйлдвэр зогсоно гэдэг нийлүүлэлтэд шууд нөлөөлнө. Тэгэхээр гурав, дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ өсөх хандлага байгаа юм.
Жоншны хэрэглээ буурсан. Учир нь, Европын зах зээл эдийн засгийн хямралд өртөж худалдан авах зах зээл буурсантай холбоотой. Ингээд ОХУ-ын хөнгөн цагаан, химийн үйлдвэрлэл их багассан. Иймд манайхаас худалдаж авах жоншны хэмжээ дагаад буурсан.
Жишээлбэл, манай улсын төрийн өмчит “Монголросцветмет”-ээс жоншны баяжмалын үйлдвэрлэл энэ эхний гурав, дөрвөн сард зогсонги байдалд орлоо. Энэ сарын эхээр л худалдан авах гэрээ хийж эхэлж байна. Нөгөө талаас, АНУ-ын жоншны хэрэглээ ч бас буурсан. Тэгэхээр жоншны үнэ энэ онд өснө гэдэг нь бүрхэг юм. Мөн төмөр, нүүрсний үнэ ч бас төдийлөн дээшлэхгүй байгаа шүү дээ.

-Манай улсын уул уурхайн салбар нэгдсэн бодлогогүй явж ирлээ. Одоо ийм бодлого үгүйлэгдэж байна гэдэг. Уул уурхайн эдийн засагч хүний хувьд та энэ талаар  ямар санаа бодолтой байна вэ?
-Монголын уул уурхайн ассоциац, Хятадын нүүрс импортлогчдын холбоотой хамтран ирэх сарын эхээр Хөх хотод хоёр улсын хоорондох нүүрсний салбарын өнөөгийн байдал, худалдааны хэтийн төлөв, зах зээлийн нөхцөл байдлын талаар ярилцах гэж байгаа юм билээ. Энэ уулзалт тодорхой үр дүнд хүрэх болов уу гэж харж байна. Хятадууд манайхаас нүүрс худалдаж авахдаа нэгдсэн бодлоготой. Яагаад гэвэл, аль болох хямд үнээр худалдаж авахыг л зорьдог. Гэтэл манай нүүрсний худалдаанд маш олон аж ахуйн нэгж оролцдог. Харамсалтай тэд нэгдсэн бодлогогүй, нүүрсний чанар, үнэ нь өөр өөр байгаа юм. Угаагаад баяжуулсан нүүрс өнөөдөр үнэтэй. Ганцхан Ухаа худагийн уурхай л нүүрсээ угааж байна. Түүхийгээр нь экспортолж буй нүүрс нэг тонн 60-70 ам.доллар байгаа. Энэ үнэ хоёр, гурван сардаа нэг их өсөхгүй байх. Гэхдээ нэгдсэн зохион байгуулалттай, уялдаа холбоотой бодлого явуулах талаар Уул уурхайн яам нэлээд ажиллаж байна. Худалдан авагч нь цөөрсөн, зохион байгуулалтад орсон нэг худалдан авагч улстай энэ хүнд үед Монголын нүүрсний чанар, экспортыг уялдуулсан төрийн бодлого хэрэгтэй. Уул уурхайн яам ашигт малтмалын салбарыг  2025 он хүртэл хөгжүүлэх стратегийн баримт бичиг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барьсан юм билээ. Төрийн энэ бодлогын хүрээнд нүүрс, төмөр, жоншны  салбарыг яаж хөгжүүлэх гэсэн дэд хөтөлбөр яаралтай боловсруулах хэрэгтэй гэж бодож байна.

-Ер нь, манай эрдэс бүтээгдэхүүний экспорт цаашид ямар байх төлөв байна вэ?
-Манай холбоо эрдсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл экспорт 2023 он хүртэл ямар байх талаар төсөөлөл судалгаа хийсэн. Тэгэхдээ  бүхий л уурхай, үйлдвэрлэгчдээс мэдээллийг нь авсан. Өнгөрсөн онд 22.5 сая тонн нүүрс экспортолсон юм. Энэ онд 30 сая тоннд хүрнэ гэсэн төлөв бий. Судалгаанаас үзвэл, манай нүүрсний уурхайнуудын  олборлох хүчин чадал  80 сая тоннд хүрнэ.  Үүнийг өнөөгийн тээвэр хийж буй зам, 100 тоннын ачааны машинаар экспорт хийнэ гэж байхгүй. Ер нь жилд 30 сая тонноос гарч чадахгүй. Яахав, хатуу хучилттай зам тавилаа ч дээд хэмжээ нь 40 сая тонн болно. Тэгэхээр Шинэчлэлийн Засгийн газар төмөр замынхаа хөрөнгө оруулалтыг  нь яаралтай босгож гурав, дөрвөн жилийн дотор барьж дуусгах хэрэгтэй. Ирэх сарын эхээр манай холбоо Уул уурхайн яамтай хамтарч эрдсийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, логистик, хилийн боомтын асуудлаар хэлэлцүүлэг хийж, гарч байгаа хүндрэл бэрхшээлээ ярилцахаар төлөвлөсөн.

-Уул уурхайн бирж байгуулна гэж ярьж байсан. Энэ ажил юу болсон бэ?
-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Эрдсийн бүтээгдэхүүнийг нэг цонхны бодлогоор арилжаа хийнэ гэж тусгасан. Манай холбоо бирж байгуулах боломжийн талаар судалгаа хийсэн. Дараагийн шатанд хууль эрх зүйн орчин хэрэгтэй юм. Бирж байгуулах давуу талууд бий.
Өөрөөр хэлбэл, манай аж ахуйн нэгжүүд янз янзын үнээр бүтээгдэхүүнээ худалдаж байна гэсэн яриа гардаг. Мөн эрдэс баялгаа бараг үнэгүй шахам экспортолж байна гэдэг. Биржтэй  бол эхний ээлжинд үнэ бүрдэх зарчим нь олон улсын жишгийн дагуу тогтоно гэж байгаа.  Хоёрдугаарт, экспортод гарч буй бүтээгдэхүүний стандарт ангилалтай болно. Жишээлбэл, түүхий болон коксжсон нүүрс гэж юуг хэлэх вэ гэдэг нь тодорхой болох юм. Ний нуугүй хэлэхэд, манай экспортын бүтээгдэхүүнийг голдуу зуучлагч, худалдааны компаниуд авдаг. Биржтэй болбол тухайн бүтээгдэхүүнийхээ стандартад тохирсон нэгдсэн үнэ мөрдөнө. Тэгээд эцсийн хэрэглэгчид шууд хүргэх юм. Эрдсийн бүтээгдэхүүний арилжаа ил тод байлгах, зах зээлийн үнэд нийцүүлэх  боломж нь бирж л дээ.

-Гадаадын хөрөнгө оруулалтын орчин манайд ямар байна вэ. Шинэ хууль гарснаас болоод хөрөнгө оруулалт хумигдлаа гээд байгаа шүү дээ. Та юу гэж үзэж байна вэ?
-Энэ оны эхний таван сард орж ирсэн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэлээд буурсан. Стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль гаргасан. Энэ нөлөөлсөн байж магадгүй. Уул уурхайн ашиглалт хайгуулын лиценз шинээр олгохгүй, бусдад шилжүүлэхийг хориглосон. Үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт буурлаа гэж ярих нь бий. Гурван жилийн өмнө манай улсын нутаг дэвсгэрийн 40 гаруй хувь нь лицензээр олгогдсон байлаа. Нийт 6000 мянган лиценз байсан юм. Одоо буураад 3000 мянга боллоо. Энэ бол зөв зүйтэй алхам болсон. Яагаад гэвэл үндэсний аюулгүй байдал, байгаль орчиноо хамгаалах талаасаа зөв алхам гэж эрдсийн эдийн засагчийн хувьд үздэг. Өнөөдөр хүчинтэй байгаа лицензээс ашиглалтынх нь 1200 байгаа. Гэтэл яг ажиллаж буй нь 300, 400 л байна. Жишээ нь, маш олон нүүрсний уурхай нөөцөө батлуулаад ашиглахад бэлэн болсон.

Гэтэл өнөөдөр ажилладаг уурхайнуудын хүчин чадал таван жилийн дараа жилд 80 сая тонн нүүрс олборлох бололцоо бий. Тэгэхээр дахиад шинэ шинэ уурхай ажилд оруулаад байх хэрэг байна уу гэж боддог. Тийм учраас уурхайнууд, экспортын хүчин чадлаа маш нарийн уялдуулахгүй бол Хятадын зах зээлд их хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлж үнэ унана. Түүнээс биш ихээхэн орлого олж чадахгүй. Жишээлбэл төмрийг аваад үзье. Бид төмрийн хүдрээ жилд 10, 20 саяар ашиглалаа гэхэд хорин жилийн дараа нөөц дуусна шүү дээ. Хятад өнөөдөр жилд 600 сая төмрийн хүдэр, баяжмал худалдаж авдаг. Гэтэл манай илрүүлсэн нөөцийг ердөө хоёр жил л ашиглана. Тэгэхэд бид өнөөдөр тооны хойноос хөөцөлдөх шаардлага байхгүй. Ер нь, гадаадын хөрөнгө оруулалт буурчихлаа гэж тэд л яриад байгаа юм. Нөгөө талаар тэднийг дэмждэг Монголын аж ахуйн нэгжүүд ийм яриа гаргаад байна гэж боддог. Бодит байдалд дэлхийн эдийн засаг хямарчихаар  хөрөнгө оруулалтын хэмжээ  буурч л таараа шүү дээ. Манаa улсад  гадаадын хөрөнгө оруулалт буурсны тавь, жаран хувь нь энэ хямралтай шууд холбоотой гэж боддог.

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан