Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.ХОСХАРЦАГА: Эвент арга хэмжээ олон зохиосноор жуулчдыг татдаг


Үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Тэгвэл энэ үеэр  манай орныг зорин ирэх  жуулчдын тоо нэмэгдэж онгоцны тийзийн захиалга сарын өмнө дуусдаг. Өнгөрсөн онд л гэхэд манай улсад 400 мянга  гаруй жуулчин хүрэлцэн ирсэн байдаг. Гэтэл жил бүр  жуулчдыг хүлээн авах тур оператур хүрэлцэхгүй, дэд бүтэц хөгжөөгүй зэрэг нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тушаа болдог. Харин энэ жилээс Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулагдаж  хаягдаад байсан аялал жуулчлалын салбар эзэнтэй болсон. Энэ жил манай орныг зорин  ирэх жуулчдыг хэрхэн угтах талаар  ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн С.Хосхарцагаас тодрууллаа.

-Аялал жуулчлалын сал­ба­рыг хөгжүүлэхээр энэ жил улсын төсөвт  хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Үр өгөөжөө хэр өгч байна  вэ?
-Салбарын  шууд төсөвт хөрөнгө суугаагүй. Харин дэд бүтэц, харилцаа холбоонд хөрөнгө оруулалт тусгагдсан. Аялал жуулчлалын сан гэж бий. Энэ сан нэг тэрбум төгрөгийн төсөвтэй. Бид сангаараа дам­жуулан Монгол Улсыг  сур­талчлах болон бусад эвент арга хэмжээнүүдийг санхүүжүүлдэг. Сангийн төсвийг ирэх онд танахгүй байх хэмээн найдаж байгаа.

-Салбарын мэргэжилтэн боловсон хүчнийг  бэлтгэхэд яамны зүгээс анхаарч байгаа юу. Жуулчид хөтөч  дагуулаад  явдаг гэтэл тэр нь өөрийн орны ёс зан заншлыг сайн мэдэхгүй байх тохиолдол олон байдаг шүү дээ?
-Салбарын хүний нөөцийн бодлого 2006 оноос хойш алдагдаж эхэлсэн гэхэд  бол­но. Учир нь, энд  ажиллаж байсан олон гадаад хэлтэй, өндөр мэргэшсэн хөтөч нар бусад салбар руу орох нь ихэссэн. Цалин хөлс бага өрсөлдөх чадвар багатай салбарт  байх хүсэлгүй байсан хэрэг л дээ. Иймээс салбарын хүний нөөцийн бодлого до­голдсон. Гэхдээ хувийн хэв­шил болон бизнесийн бай­гуул­лагынхан хүний нөөцийн бод­логыг нуруун дээрээ аваад  хөгжүүлж ирсэн. Иймээс бид эрхзүйн талаас нь хүний нөөцийн бодлогод  хөтө­чийг Монгол Улсын иргэн байна гэж заасан. Ингэснээр байнгын тогвортой ажлын байрыг аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаа залуучууддаа баталгаажуулна гэсэн бодолтой байгаа. Үүний хажуугаар  мэргэжил дээш­лүүлэх сургалтуудыг   байн­га явуулсаар байна.

-Үндэсний их баяр наадмаар олон  жуулчин  ирэхээр онгоц хүрэлцэхгүй, тийз дууссан гэсэн зүйл яригддаг. Энэ жилийн хувьд уг асуудлыг хэрхэн шийдэж  байгаа вэ?
-Бид захиалгыг урьдчилж өгдөг байя гэдэг бодлого барим­талдаг.  Монгол наадам үзнэ гэдэг жуулчдад бахар­­­халтай аялалын хөтөлбөр болчихоод байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бусад төрийн байгууллагуудтай хамтраад ирэх жилээс тодорхой арга хэмжээ авна. Энэ жилийн хувьд Монгол Улс  анх удаа өөрийн гэсэн онгоцтой боллоо. Шууд нислэгүүд хийж эхэллээ. Энэ бол онгоцны тийзны асуудлыг цэгцлье гэсэн анхны оролдлого.

-Өнөөдрийн байдлаар аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ. Түүнээс гарах гарцын тухайд?
-Эхний ээлжинд энэ сал­­­барт шинэчлэл хийх хэрэг­тэй. Мөн стандартуудыг гар­гаж ирэх шаардлагатай. Ту­хайл­бал, үйлчилгээний, орон байрны гэх мэт.  Аялал жуулч­лалыг хөгжүүлье гэвэл  эрхзүйн орчин сайн байх ёс­той. Мөрдүүлдэг журам, дү­рэм стандарт байж түүнийгээ дагаж мөрддөг бол энэ салбар  манайд бүрэн утгаараа хөгжих боломжтой. 

-Энэ оны аялал жуулч­ла­лын цагалбар гарсан бай­на билээ. Өмнөх жилүү­дийнхээс ямар онцлогтой  хийсэн бэ?
-Бид энэ жил туршилтын байдлаар 21 аймгаас зохиох 104 эвент арга хэмжээ оруул­­сан.  Цаашдаа тоог хяз­гаар­­­­лахгүйгээр аль болох бүх аймгуудад зохиогдох эвент арга хэмжээнүүдийг оруулъя гэсэн бодол бий.  Оны  эхнээс зургадугаар  сар хүртэл хийгд­­сэн арга хэмжээнүүдийг багтаасан. Энэ нь  дараа жил материалаа ашиглах мөн  жил бүр тогтвортой нэг байр­шил, цагт болох эвент арга хэм­жээнүүд оруулсан. Ирэх оныхыг  бол 12 дугаар сард хэвлэлтэд өгнө. Ер нь  аялал жуулчлалын салбарыг хөгжүүлье гэвэл эвент арга хэм­жээ олноор зохион байгуулах хэрэгтэй. Энэ асуудалд дотоодын болон га­даадын хөрөнгө оруулагчид гол анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай. Учир нь орон нутагт дэд бүтэц сул байгаа гэдгийг санах учиртай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан