Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их гүрнүүдийн уулзалт ба жижиг улсын хувь тавилан


Жил болгон явагддаг Их найман гүрний уулзалт энэ жил Их Британид, бүр тодруулбал Умард Ирландад байдаг Лох Эрн нэртэй амралтын газар болж өнгөрлөө. АНУ, ОХУ, Герман, Канад, Япон, Итали, Франц, Их Британи гэсэн найман улсын уулзалтыг Их наймын уулзалт гэж нэрлэх олон шалтгаан бий. Дэлхийн хүн ам долоон тэрбум даваад байгаагаас эдгээр улсын хүн ам 880 сая орчим. Найман улсын хүн ам нийлээд манай урд хөршийнхөөс бага байгаа болохоор хүн амын эзэлдэг хувиар нөлөө бүхий биш баймаар санагдаж болох юм.
Гэтэл наймуулаа нийлээд дэлхийн ДНБ-ий 50, аж үйлдвэрлэлийн 50, дэлхийн экспортын 49, Олон улсын валютын сангийн 49 хувийг эзэлдэг. Шинжлэх ухааан техникийн хөгжлөөрөө бүгд дэлхийд тэргүүлж яваа. Иргэдийнх нь боловсролын төвшин мөн л толгой цохидог. Дэлхийн эрчим хүч, шатахууны дийлэнхийг энэ найман улс хэрэглэдэг. Энэ наймын иргэдийн орлогын хэмжээ дэлхийд жишиг болсон өндөр. Зах зээлийн багтаамж, иргэдийнх нь худалдан авах чадвар мөн л тэргүүлнэ.

Үүний дээр Их наймын дотор зэвсэглэл хамгийн өн­дөр хөгжсөн, зэвсгийн экс­портоороо дэлхийд тэргүүл­дэг АНУ, Орос, Герман, Франц, Итали, Их Британи гэсэн таван улс байна. Цөмийн зэвсэгтэй нь Орос, Америк, Франц, Их Британи дөрөв.
Ийм хүчирхэг гүрнүүдийн амбиц, бөмбөрцгийн хэм­жээнд ямар нөлөөтэй байх нь ойлгомжтой.

Дэлхийн эдийн засаг, улс төрийн тавцанд байнга ил далд хоорондоо өрсөл­дөж, сөргөлдөж байдаг.  Сөр­­­­­гөлдөөн хурцадвал дэл­хийг хамарсан хямрал, дайн үүсгэж ч болзошгүй. Тиймээс жил болгон уулзаж ээдрээтэй асуудлуудын та­лаар хэлэлцэн ярилцаж, са­нал бодлоо солилцдог. Уул­залт яриа нь хамгийн өндөр төвшинд Ерөнхийлөгч, Ерөн­хий сайд нарын хэмжээнд явагд­даг болохоор хүрсэн тохи­ролцооны үр дагавар асар их.

Жил болгоны уулзалт нь тухайн үеийн хамгийн хурц асуудлуудтай холбоотой нэг сэдэвтэй. Энэ жилийн уулзалтын үеэр уг найман гүрний тэргүүнүүд Ойрх Дорнод, Хойд Африк, Афганистаны талаар, алан хядлагын асуудлыг ярилцлаа.
Гэхдээ энэ жилийн уулзалтын хамгийн чухал сэдэв нь Сирид бүрэлдээд байгаа нөхцөл байдал байв.

Энд нэг зүйлийг заавал тодруулах хэрэгтэй. Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь Башар Асадыг хаанаас ч юм гарч ирээд Сирийн төрийн эрхийг гэнэт булааж авсан дарангуйлагч, босогчид нь булаалгасан төрөө эргүүлж авахын тулд ардчиллын төлөө байлдаж буй эх орончид, ард түмэн мэтээр харуулж байгаа. Үнэн хэрэг дээрээ Башар Асад нь хууль ёсны сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч, олон жилийн турш Сирийг удирдаж байгаа хүн. Босогчдын эсрэг байлдаад байгаа “балмад” хүмүүс нь Сирийн албан ёсны арми юм. Башар Асад армийн хүчээр ард түмнээ айлгаад бариад байгаа юм биш ард иргэдийнхээ ихээхэн хэсгийн дэмжлэгийг авдаг болохоор ийм ээдрээтэй нөхцөлд ч Ерөнхийлөгч хэвээр байгаа. Тиймээс босогчид гэгдээд байгаа хүмүүсийг Сирийн ард түмэн гэж ойлгох нь төөрөгдөл. Үүний дээр босогчид нь нэгдмэл биш хоорондоо түнжин муутай олон бүлэглэлүүдээс бүрддэг.

Америк нь уулзалт эхлэ­хээс хэдхэн өдрийн өмнө Ерөнхийлөгч Башар Асадын арми химийн зэвсэг хэрэглэсэн нь батлагдсан болохоор босогчдод зэвсгийн тусламж үзүүлэхээр болсноо албан ёсоор мэдэгдсэн. Иордан ул­сад хээрийн сургууль хийх нэрийдлээр Сирийн хилийн орчим олон зуун цэрэг, агаарын довтолгооноос сэр­гий­­лэх систем, сөнөөгч онго­цуудаа байрлуулсан. Тэр бүү хэл Америкийн зарим улстөрчид Сирийн армийн эсрэг пуужингийн цохилт өгөхийг Обамад санал болгож байв. Франц, Их Британи хоёр сүүлийн жил гаруй турш Сирид цэрэг оруулах, босогчдыг хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникээр хангах замаар, өөрөөр хэлбэл ямар ч хамаагүй арга хэрэглэж байгаад Башар Асадыг түлхэн унагана гэдгээ мэдэгдээд удав.

Цаашилбал, удахгүй газар нутгийнх нь нэг хэсэг дээгүүр Сирийн армийн онгоц нисэхийг хориглосон бүс байгуулж, Америк, Франц, Английн онгоцууд тэр бүсд нь эргүүлж хийж, шаардлагатай гэж үзвэл хэнийг ч, юуг ч бөмбөгдөхөөр болж магадгүй байна. Ливид яг ийм бүс байгуулж, армийг бөмбөгдсөөр байгаад босогчдыг ялуулж байсан. Армийнхан танк, онгоц, нисдэг тэрэг их хэрэглээд байна гээд босогчид гомдол­лосон болохоор тэдэнд танк эсэргүүцэгч шинэ пуужин, онгоц эсэргүүцэгч зөөврийн төхөөрөмж нийлүүлнэ гэсэн.

Сирийн босогчид нэртэй хэдэн “нөхдүүдийг” ийм бай­дал их оодруулж байгаа. Дайнд ялагдал хүлээх болгон­доо энэ гурван улсад хандан зэвсэг, мөнгө өгөөч, Башар Асадын армийг онгоцоо оруулж бөмбөгдөөгүй боло­хоор ялагдаад байна гэсэн мэдэгдэл хийдэг болсон. Кусейр хотын төлөөх тулаанд ялагдах нь гарцаагүй болсон үед босогчид  армийнхан галаа бүрэн зогсоож, хотыг тойрсон бүслэлтээ  болиулж, гаднаас зэвсэг, нэмэлт хүч оруулах боломж өгвөл энхийн хэлэлцээрт оролцоно гэсэн болзол тавьж байсан юм. 

Оросын байр суурь огт өөр. Хууль ёсны Ерөнхийлөгчийг дэмжиж байгаа бөгөөд Сирид болж байгаа иргэний дайныг зогсоохын тулд талууд галаа зогсоож хэлэлцээрийн ширээний ард суух ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс уулзалтын үеэр Франц, Англи, Америкийн удирдлагууд Башар Асадыг дэмжихээ боль гэж Путинийг ятгаж чадах эсэх нь хамгийн сонирхол татсан зүйл байв. Гэвч Оросууд байр сууриа өөрчилсөнгүй.

Оросын Ерөнхийлөгч  Путин нь Их Британийн Ерөнхий сайд Кэмеронтой уулзахдаа Сирийн дайнд хоёр тал олон хүний аминд хүрсэн гэдгийг онцлоод босогчдыг дэмжих хэрэггүй гэдгийг  анхааруулсан. Тэрээр Сирийн босогчдыг “...олон хүний нүдэн дээр, камерын өмнө алагдсан дайсныхаа гэдсийг хүүлэн дотор эрхтэнийг иддэг хүмүүс. Та нар ийм хүмүүст зэвсэг нийлүүлэх гэж байгаа юм уу. Тэгвэл Европт олон зуун жилийн турш мөрдөгдөж байгаа хүмүүнлэг үзлийн үнэт зүйлс яах болж байна. Ямар ч байсан Орос орон тийм зүйлийг төсөөлж чадахгүй юм” гэжээ.

Үүний дээр Сирийн асуудлыг шийдэхэд шийдвэр­лэх нөлөө үзүүлэх АНУ, ОХУ –ын Ерөнхийлөгч нар Сирийн талаар уулзаж ярилцаад асуудлыг хэлэлцээрийн замаар шийдэхийн төлөө чармайна гэж тохиролцжээ.

Өрнөдийн орнууд Асадыг унгах гэж улайраад байгаад хачирхалтай зүйл олон байна. Жишээлэхэд, Сирийн босогчдын байлдах чадвар хамгийн сайтай хэсэг нь Америк, Европчуудын маш ихээр үзэн яддаг лалын хэт даврагсад байгаа явдал юм. Тэд олон орны алан хядагч­дыг хөлслөн эгнээндээ элсүүлээн байлдаж байгаа. Хүчирхэг тагнуулын албатай Англи, Франц, Америк үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй. Ийм хөлсний  хүмүүс Америкт, эсвэл Европт ороод ирвэл нүд ирмэхийн зуур баривчлаад хорьж эсвэл хөөж гаргах байсан. Гэтэл өөр улсын нутаг дээр мөнгө, зэвсгээр хангаад байлдуулж болдог бололтой.

Дотроо хагаралтай жижиг улс байхын зовлон хэцүү гэдгийг Сирийн асуудал хам­гийн тод харуулж байна. Дотоодын асуудлаа өөрсдөө ч шийдэж болохгүй. Хаа хол Америк, Франц, Анг­ли, Орос гэсэн хүчирхэг гүр­нүүд танай дотоодын хага­рал­­­­­­­­­­­­­­­­­­даанд хэн ялахыг бид шийднэ гээд амралтын газар цуглачихаад ярилцаад байж байдаг. Өөрсдөө үг хэлэх ч эрхгүй. Жижиг, нөлөө багатай ч стратегийн чухал ач холбогдолтой улс байх тусам нь дотоод эв нэгдлээ эрхэмлэхгүй бол энэ мэтээр их гүрнүүдийн шатрын хөлөг дээрх хүү болж таарах нь гарцаагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан