Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Биднийх л байх өв соёлоо бусадтай хуваах шаардлага байна уу


Тал нутгийн ард түмэн өөрийн гэсэн зүйлээрээ дэл­хийд гайхуулах, онгирох, ба­хархах дуртай. Гэвч өнөөдөр өөрсдийн өв соёлыг харь оронд алдах вий гэсэн болгоомж­лолтой амьдрах болов.
Энэ болгоомжлол аль эртнээс үүсэл­тэй. НҮБ-ын дэргэ­дэх Соёл, боловсрол, шинж­лэх ухаан хариуцсан газарт буюу ЮНЕСКО-д дэлхийн 195 орон өөр, өөрсдийн соёлын биет бус өвөө бүртгүүлэх болсон үеэс урд хөрш маань бидний олон зуун жилийн турш өвлөн ирсэн соёлын биет бус өвүүдийг өмчлөхийг санаархсан талаархи яриа гарах болсон.
2005 онд уртын дууг Хятад улс өөрсдийн соёлын өвөөрөө бүртгүүлэх гэж байсныг нь манайхан мэдэж, бөөн дуулиан болсон ч, тэр ондоо уудам тал нутаг шиг ээ хэмээн бэлгэддэг уртын дуугаа урд хөрштэйгөө хамтран хамгаална гээд ЮНЕСКО-д бүртгүүлчихжээ.


Уртын дууны тухай нэгэн түүх

Зээ, уяхан замбуу тивийн наран нь
Энэхэн бүх дэлхий даях­наараа
Мөхдөлгүй мандсаар бай­даг л бил үү зээ, та мину зээ... гээд дуулахаар сэтгэл нь ог­шиж, омогшдоггүй монгол хүн үгүй биз ээ.
Тэгвэл Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад жаахан охин байхдаа айлын найранд очоод бүтэн дуу мэдэхгүй учраас нутгийн өвгөнд хандан “Та надад нэг дуу заагаач” гэжээ. Өвгөн “За яахав, нэг дуу бий. Чи дуулж чадахаар бол сур л даа” хэмээн голонгуй зааж өгсөн нь “Уяхан замбуу тивийн наран” уртын дуу байв. Охин ч уйгагүй сургуулилсан дуугаа өөрийн болгож, хожим ард түмэндээ дуулж, үндэсний өвөөрөө бахархах үзлийг улам бадраасан билээ. Ардын жүжигчин Н.Норовбанзад нэгэн удаа нарны орон гэгддэг Япон улсын томоохон тайзнаа энэ дуугаараа ая өргөхөд үзэгчид уйлсан гэдэг. Тоглолтыг нь үзэж суусан Японы нэрт хөгжим судлаач орчуулагчаасаа “Энэ юуны тухай дуу вэ” гэхэд хэрхэн орчуулахаа мэдэхгүй тэвдсэн орчуулагч тэнгэр огторгуй, нарны тухай дуу байна гэжээ. Харин нөгөө хөгжим судлаач “Даанч тийм байх аа. Дэлхийгээс халиад явчихсан утга, агуулгатай сонсогдоод байсан юм” хэмээн хэлэн нулимсаа арчсан гэдэг.
Малч монгол хүн заавал наран ургахаас өмнө босч ажил үйлээ эхлүүлсэн байх нь тал нутгийн бичигдээгүй хууль гэлтэй. Айлд очсон шинэхэн бэр, нар гартал босолгүй унтчихвал айл хотлын шившиг болдог, амьдралынхаа турш төдөн оны наран ургахыг үзлээ дээ хэмээн хөгшдийн ярилцах нь мөнөөх нараа эрхэмлэн шүтэхийн ёсон хадгалагдан байгаагийнх. Бусад ард түмнээс ихээхэн ялгаатай нь монголчууд өглөө бүрийн нарыг угтан баясч, шүтэж ирсэн төдийгүй амьтан болоод хүмүүнийг ижилгүй гийгүүлэгч алтан нараа магтсан домог үлгэр, дуу дуулал, ерөөл магтаал, сан, даллага зохион зан заншлынхаа дээд оюун сэтгэлгээндээ гүнзгий хадгалан хөгжүүлсээр ирсэн юм. Түүний дундаас нарны өргөл болсон “Уяхан замбуу тивийн наран” хэмээх айзам их уртын дууг зохион зуун зууны турш дуулсаар иржээ. Энэ дуу хэзээ зохиогдсоныг өнөөдөр ямар ч судлаач бараг багцаалдан хэлж чадахгүй. Гэхдээ уртын дууг монголчууд хэзээнээс зохион дуулж ирэв, тэр үед л энэ дуу төрсөн нь гарцаагүй.

Толгойг маань илж байгаад...

Саяхан БНХАУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийж, элчин сайдын зөвлөх Вэй Хуншэн гэгч эрхэм хоёр орны соёлын харилцааны талаар танилцуулсан юм. Тэрээр мэдээллийнхээ эхэнд манай орныг өвөрмөц түүхэн уламжлал гялалзсан соёлтой орон гээд дэлхийн олон сайхан соёл иргэншлийн дунд орших хачин сайхан цэцэг хэмээн тодорхойлсон. Мөн манай хоёр орны олон соёлын өвд нэгдсэн шинж байна. Тиймээс адил төстөй соёлын өвүүдээ бид хамтран хамгаалах хэрэгтэй гэдгийг дуулгалаа.
Манайхан хөршүүдтэйгээ соёлын талаар хамтран олон зүйл хийсний дотор 2010 онд соёлын өвөө хамгаалах тухай хамтын санамж бичиг гэх зүйлд гарын үсэг зурсан байна. 2011 онд Бээжин хотноо “БНХАУ-ын Соёлын яам, манай БСШУЯ хоорондын Соёлын биет бус өвийг хамгаалах тухай хамтын ажиллагааны хэлэлцээр” хийжээ. Хамгийн сүүлд манай улсыг төлөөлж ССАЖЯ-ны дэд сайд М.Түмэнжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Хятадын талтай хуралдаж, одоо байгаа нөхцөл байдлыг ярилцсан гэнэ. Энэ үеэр тус улсын талаас манайтай хамтран ЮНЕСКО-д бүртгүүлэх дараагийн соёлын биет бус өвийн саналыг дуулгасан аж. Гэхдээ хуучин БСШУЯ-ны соёлын талаар барьж ажиллаж байсан бодлогыг үргэлжлүүлэх болсон ССАЖЯ-ныхан таагүй хариу өгсөн нь Хятадын тал хэвлэлийнхэнд мэдээлэл хийхэд хүргэсэн гэж бодогдохоор байсан. Манай ахуй болон урлагийн соёл дэлхийн хаана, хэний ч шүлсийг гоожуулахаар баялаг.
Тэдгээр орны нэг нь урд хөрш маань болж байна. Тэд манайтай найрамдалт харилцаатай ч харилцах болон хамгаалах зүйл аль вэ гэдгийг нь уудам ухаандаа тунгаах цаг бидний өмнө иржээ.

Яамдын биш Монголын асуудал

Хятадын төлөөлөгч гурван хуудас бэлдсэн материалаа уншиж танилцуулаад асуултад хариулах боломжгүй гэсэн юм. Тийм учраас Хятадын дараагийн онилсон бай манай ямар соёлын өв болохыг мэдэж чадсангүй. Энэ асуултадаа мэдээлэл авахаар ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэнгээс тодруулах гэсэн болов ч тэрээр “Энэ талаархи мэдээллийг сонссон хүнээсээ тодруул.
Бид хэлэлцээрийн түвшинд яваа учраас хариулах боломжгүй” гээд хуучин БСШУЯ-руу бурууг чихэв. Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суухав гэдэг шиг анх БСШУЯ Хятадын талтай хамтран ажил­лах бичиг үйлдээгүй бол бид энэ асуудлын талаар ярих бит­гий хэл, санах ч үгүй байсан биз. Гэхдээ энэ асуудал Мон­гол Улсын түүх, өв соёл, тус­гаар байдлын илэрхийлэл бо­лох учраас одоо хоёр яам хоо­рондоо буруу, зөвөө ярих цаг биш.

Монголчууд уртын дуунд гүн бат нэвтэрч чаддаггүй

Монгол Улсын гавьяат багш, СУИС-ийн уртын дууны тэнхмийн багш, уртын дууч Ц.Дэлгэрээс уртын дууг хамгаалах, өвлүүлэх талаар асуухад “Миний шавь нар уртын дууг заавал над шиг дуулах албагүй. Тиймээс хүн бүрт тохирсон дуулах арга барилыг би зааж өгөхийг хичээдэг. Дэлхийд уртын дууг таниулсан хүн бол миний багш Ардын жүжигчин, Хөдөл­мөрийн баатар Н.Норовбанзад яахын аргагүй мөн. Багш маань “Сэрүүн сайхан хангай” дууг дуулж дэлхийн санд оруулсан түүх-тэй. Багшаасаа сурсан бүхнээ шавь нартаа өвлүүлэх нь миний гол зорилго. Бас нэг бодож явдаг бодлоо хэлье. Монголчууд уртын дуундаа гүн бат нэвтэрч чадахгүй байна. Хүн бүр уртын дуугаа ойлгон мэдэрч, хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлж чаддаг болоход төр засгийн багахан туслалцаа хэрэгтэй.
Тухайлбал,  ӨМӨЗО-нд Шилийн гол аймгаа “Уртын дууны өлгий нутаг” хэмээн дархлаад тусгай бодлогоор уртын дуугаа хөгжүүлэн хамгаалж байна. Яагаад би үүнийг сайн мэдэж байна гэвэл Шилийн гол аймгаас маш олон оюутан над дээр ирж байгаа юм. Үүн шиг бид өөрсдийнхөө үндэсний уртын дууг дархлан хамгаалж түгээн дэлгэрүүлээд эхэлбэл олон нийт уртын дуу руугаа хошуурна. Ингэснээр үндэсний том дархлаа тогтох юм” хэмээн ярилаа.

Тэд наашаа элэгтэй ч харь иргэншилтэй

Энэ асуудлыг өнөөдөр сониноороо дамжуулан хөндөж суух маань бас л нөгөө уудам сэтгэлээс эхтэй. Харь иргэншилтэй ч наашаа элэгтэй, ар Монголыг нутгаа хэмээн үзэх өвөрлөгч ард түмэн маань яах аргагүй бидний ах дүүс. Гэхдээ тэдний өвлөсөн өв өөрийн гэсэн онцлогтой. Нөгөө бидний ярих уртын дууг ч тэд өөрсдийнхөөрөө өвлөн үлдсэн ард түмэн. Үүнтэй маргах учиргүй. Гэтэл манайхаас сүүлийн жилүүдэд морин хуур, уртын дуу, хөөмэйн багш нар маань урд хөршид суурьшин аль эрт нутаг заагдсан ард түмэндээ уламжлалаа өв­лүүлсээр. Энэ нь нөгөө өвөрлөгч ард түмний өвлөсөн соёл манайтай холилдон уламжлагдаж уртын дуунд л гэхэд адил төстэй чанар их байх болсноос ЮНЕСКО 2005 онд судалж үзээд хоёр орныг хамтраад хамгаал гэж бүртгэж авсан хэрэг шүү дээ. Наашаа элэгтэй ч аль хэдийнэ харь иргэншилтэй болсон ард түмнээ өрөвдөж, гансарсан сэтгэлээ ядаж уртын дуугаараа уяраа хэмээн уужуу сэтгэл гаргасан явдал эцэстээ бидний өр рүү өшиглөсөн хэрэг. Тэгвэл анхнаасаа манайхан энэ явдлыг таамаглаж, ардын соёл уламжлалаа тээж яваа багш нарыгаа санхүү, уран бүтээл талаас нь дэмжсэн бол өвөрлөгч ард түмэн рүү гүйхгүй байсан биз ээ.

Халаглах цаг биш

Одоо халаглаж, толгойгоо барих цаг биш. Хятадын тал манайтай хамтран уртын дууг ЮНЕСКО-д бүртгүүлснээс гадна хөөмэйн урлагийг “хоолойн цуур” нэрээр яаралтай хамгаалах соёлын өвөөрөө аль хэдийнэ бүртгүүлсэн. Гэхдээ манайхан ч гэсэн алдахаа дөхсөн хөөмэйгөө дуулиан шуугиантайгаар өөрсдийн нэр дээр давхар бүртгүүлээд авсан. Өнгөрсөн хугацаанд ЮНЕСКО-д Монголын гэх найман соёлын биет бус өв бүртгүүлснээс “Бүргэдээр ан хийх” зан үйлээ ч гэсэн дэлхийн 12 оронтой хамтран бүртгүүлсэн байна. Гэхдээ энэ жилээс ЮНЕСКО жилд нэг улс зөвхөн нэг л соёлын биет бус өв бүртгүүлэх ёстой гэсэн захирамж гарсаны дагуу манайх шиг хойрго улсуудын өвийг ангуучилдаг орнуудын боломж хаагдаж байгаа юм. Бүртгүүлсэн найман өвийнхөө хоёрыг бусад оронтой хамтран бүртгүүлээд, нэгийг нь давхар бүртгүүлчихсэн гэнэн бас уудам сэтгэлтэй монголчуудын хэдэн өв цаашид гадаадын таньж мэдэхгүй улс оронтой хамтран хамгаалах нэрээр хуваан эзэмшихийг ССАЖЯ-ны бодлого л мэдэх боллоо. Зөвхөн бидэнд уламжлагдан, дамжин ирсэн соёлын өвүүдээ яагаад харийн оронтой хуваах ёстой гэж. Дэлхийн улсуудыг бус нутаг, түүх соёл, өв уламжлалаараа эзэгнэх цаг монголчуудын өмнө иржээ.

1 Сэтгэгдэл
Тийшд
Хамгийн их уншсан