Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дуудлага худалдаанаас 64 сая фунтын орлого олов


Урлагийн бүтээлийн дууд­лага худалдаагаараа алдартай “Christie’s”  компани өчигдөр “Имперсионизм ба орчин үеийн урлаг” нэртэй дуудлага худалдаа явуулан 64 сая 76 мянган фунтын орлого олжээ.
Зарагдсан бүтээлүүдийн дотроос хамгийн үнэд хүрсэн нь  Оросын зураач Василий Кандинскийн “Чөлөөтэй туурвих зурвас” нэртэй бүтээл байв. Энэ уран зураг 13 сая 501 мянган фунтээр зарагджээ. Зургийг 12 сая фунт хүрч магадгүй гэж багцаалаад байсан аж.
Амадео Модильянийн “Поль Гийомын хөрөг” гэдэг зураг 6,8 сая фунтээр зарагдаж хоёрдугаарт орсон бол Пабло Пикассогийн “Буйдан дээр сууж буй эмэгтэй” зураг 6,1 сая фунтээр зарагдан гуравдугаарт бичигджээ.
Энэ дуудлага худалдаагаар зарагдсан зургуудаас 18 нь сая фунтээс илүү үнэ хүрсэн байна.
Дуудлага худалдааг зохион байгуулсан компанийн төлөөлөгч “Өндөр чанартай уран бүтээлийн төлөө маш ширүүн өрсөлдөөн явагдсан. Өрсөлдөөнд нэрд гарсан цуглуулагчдаас гадна Хятад, Энэтхэг гэх мэт орноос шинээр орж ирсэн урлагийн бүтээл цуглуулагчид байсан” гэжээ.
Сүүлийн жилүүдэд өндөр хурдацтай хөгжиж байгаа Хятад, Энэтхэг хоёрын шинэ саятанууд урлагийн бүтээлийн дуудлага худалдаанд идэвх­тэй оролцож, таалагдсан бүтээлүүдээ өндөр үнээр худалдан авдаг болоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан