Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европын зах зээлд машины борлуулалт огцом буурчээ


Европын холбооны 27 оронд өнгөрсөн сард ав­то машины бор­луулалт өм­нөх жилийн мөн сартай харьцуулахад 5,9 хувиар буурч сая 43 мянга болжээ. Ингэснээр борлуулалтын хэмжээ 1993 оны мөн сарын үзүүлэлттэй адил болсон аж. Өөрөөр хэлбэл, 20 жилийн өмнөх борлуулалтын хэмжээнд хүрч унасан байна. Энэ тухай Европын авто ма­шин үйлдвэрлэгчдийн ассо­­циац мэдээлж байна. Үнэ буурлаа гээд хувь заахаар ойлгомжгүй байдаг тал бий. Бараг зургаан хувиар буураад байхад л сард сая гаруй авто машин зарагддаг хайр найргүй өрсөлдөөнтэй, асар том энэ зах зээлд борлуулалт нэг хувь бүү хэл нэг хувийн аравны нэгээр буурна гэдэг хэдэн арван мянган машин борлуулалтгүй үлдлээ гэсэн нүсэр тоо юм. Тиймээс борлуулалтын хэмжээ буурна гэдэг Европын шинэ машины зах зээл дээр өрсөлддөг үйлдвэрлэгч болгоны хувь тун ч таагүй үзүүлэлт.

Европын холбооны шинэ машин борлуулалтын хамгийн том зах зээлүүдийн дотроос зөвхөн Их Британийн зах зээл дээр л 11 хувийн өсөлт ажиглагдсан болж бусад зах зээл дээрх борлуулалт унажээ. Тухайлбал, Испани дахь борлуулалт 2.6, Италийнх найм, Германынх 9.9, Францынх 10.4 хувиар буурсан байх юм. Эдийн засгийн хувьд харьцангуй гайгүй байгаа Герман ба Францад шинэ машины борлуулалт ингэж унасан нь их сонирхолтой.
Энэ оны 1-5 дугаар саруудад Европын холбоонд таван сая 71 мянган шинэ машин бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үейинхээс 6.8 хувиар бага байна.
Борлуулалт буурсан ч Германы авто машины зах зээл нь Европдоо хамгийн том хэвээр. Энд зөвхөн өнгөрсөн сард гэхэд 216 мянга 316 шинэ машин зарагджээ.
Эдийн засгийн уналтаас гарах гэж бүх арга чарга хэрэглэж байгаа Грект борлуулалт тавдугаар сард 1.4 хувиар унасан бол дөнгөж саяхан санхүүгийн салбар нь хямралд орж Европын холбооноос 11 тэрбум еврогийн тусламж авахаар болсон Кипрт машины борлуулалт 41.4 хувиар унасан байна.
Европын зах зээл дээрх хамгийн том өрсөлдөгчдийн үзүүлэлтүүдийг харьцуулах нь зүйтэй байх.

“Volkswagen” группийн тавдугаар сарын борлуулалтын хэмжээ нь 2.8 хувиар буурч 264 мянга 768 болсон хэдий ч Европын авто машины зах зээл дээр манлайлагч хэвээр. Мөн зах зээлд эзлэх хувь нь 25.4 хувь байснаа 24.6 хувь хүрч нэмэгджээ. Энэ компанийн зах зээлд гаргадаг машинуудын дотроос  “Volkswagen” брэн­дийн борлуулалт 7.3, “Audi” - на 3.2, “Skoda”  таван хувиар буурсан бол “Seat”-ийн борлуулалт 12,2 хувь өсчээ.
Дашрамд сонирхуулахад, Германы “Volkswagen” групп нь авто машины үйлдвэрлэл ба түүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлдэг 342 компанийг нэгтгэж байдаг том групп. Жилийн эргэлтийн хөрөнгийн хэмжээ 110 гаруй тэрбум евро, жилийн цэвэр ашиг нь таван тэрбум евро. Энэ группийн охин компаниудад нийт 400 мянга орчим хүн ажилладаг.

Энэ групп нь дэлхий дахинаа нэртэй болсон олон төрлийн брэнд машинуудыг үйлдвэрлэдэг. Тухайлбал, “Volkswagen”, “Audi”,  
“Seat”,  “Škoda”, “Bentley”, “Bugatti”, “Lamborghini”, “Scania AB”. Энэ групп нь 2009 оноос хойш дэлхийн авто машин үйлдвэрлэгч хамгийн том компаниар жил дараалан шалгарч байгаад 2012 онд “Тоёота” компанид байраа тавьж өгсөн юм.
Хэмжээгээрээ Европын зах зээл дээр хоёрдугаарт ордог Францын “PSA Group”-ийн зах зээлд эзлэх хувь 11 хувь болтлоо буурч, борлуулалтынх нь хэмжээ 13,2 хувиар унаж 115 мянга 191 машин болжээ. Үүнд “Peugeot” машины бор­луулалт 11,3 хувиар, “Citroen” машиных 15,4 хувиар унаж. Энэ группийн жилийн эргэл­тийн хөрөнгийн хэмжээ 60 тэрбум евро, жилийн ашиг нь 800 сая евро бөгөөд 200 мянган ажилтантай. Энэ групп нь «Пежо» и «Ситроен» загварын машин үйлдвэрлэдэг төдийгүй дэлхийн бүх л том машин үйлдвэрлэгч нартай хамтран ажиллаж дизель ба бензин хөдөлгүүрээс эхлээд хурдны хайрцаг хүртэл олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Европын зээл дээрх өөр нэг хүчтэй өрсөлдөгч болох “Alpheon”, “Buick”, “Cadillac”, “Chevrolet”, “GMC”, “Holden”, “Opel”, “Vauxhall” гэсэн брэндийг үйлдвэрлэгч Америкийн “GM Group”-ийн борлуулалт өнгөрөгч сард 11.3 хувиар унажээ. Энэ группт дэлхийн олон оронд 200 мянган хүн ажилладаг бөгөөд жилдээ 4.5 тэрбум гаруй ам.долларын ашигтай ажилладаг.
Америкийн өөр нэгэн алдартай үйлдвэрлэгч болох “Ford” харин байр сууриа сайн хадгалж чадсан болохоор борлуулалтын уналт нь ердөө 0,3 хувь байжээ. “Форд” компанид 160 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд жилдээ зургаан тэрбум ам.долларын ашигтай ажилладаг.

Италийн “Fiat”-ын машины борлуулалт 10,8 хувиар унажээ. “FIAT Group” нь “Fiat Automobiles”, “Ferrari”, “Maserati”, “Abarth”, “
“Alfa Romeo”, “Lancia”, “Chrysler” гэсэн брэндийг үйлдвэрлэдэг. Дэлхийн олон оронд байдаг үйлдвэрүүдэд нь 190 мянга гаруй хүн ажилладаг, жилийн эргэлт нь 50 тэрбум евро, цэвэр ашиг нь 800 сая евро.

Германы “BMW”-ийн бор­­луулалт 7.2 хувиар уна­жээ. Энэ компани нь 68 тэрбум еврогийн эргэлтийн хөрөнгөтэй, жилдээ дөрвөн тэрбум орчим еврогийн цэвэр ашигтай ажилладаг, 100 мянга орчим ажилтантай мөн л нүсэр том компани юм.
Японы “Toyota” загварын машины Европын зах зээл дээрх борлуулалт 4.9, “Honda” загварынх 3.5 хувиар унажээ.
Гэхдээ Европын шинэ машины зах зээлийн бүх тоглогчдын үзүүлэлт өнгөрөгч сард унасангүй.

Германы “Daimler” 0,7 хувиар, Японы “Nissan” 5,8 хувиар, “Mazda” 29.8 хувиар борлуулалтаа нэмэгдүүлж чаджээ. Мөн Өмнөд Солон­госын “Hyundai“ 1.9, “Jaguar Land Rover” 9.8 хувиар борлуулалтаа нэмэгдүүлсэн байна. Зах зээлийн дийлэнх тоглогчийн борлуулалт унасан байхад зарагдсан машины тоогоо 29.8 хувиар нэмэгдүүлж чадсан “Mazda” компанийн тухай товч танилцуулах хэрэгтэй. 1920 онд байгуулагдаж байсан энэ компанийн жилийн эргэлт нь өдгөө 25 тэрбум ам.долларт, цэвэр ашиг нь 70 саяд хүрээд байгаа. Японд үндсэн хоёр үйлдвэртэй, бусад оронд 18 үйлдвэр ажиллуулдаг. Нийт 38 мянган ажилтантай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан