Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Пүрэвтогтох: Хөшөөтийг стратегийн ордод авснаар ямар ч ашиг хүртэхгүй


- Уул уурхайн сонгодог онолд бичил уурхай, хувь хүмүүс олборлолт хийдэг зүйл байдаггүй-

ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн профессор, Ph.D Б.Пүрэвтогтохтой Монголын уул уурхайн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.  


-Монгол Улсын эдийн засаг бараг бүхэлдээ уул уурхайгаас хамааралтай боллоо гэдэг. Уул уурхай өмнө нь манай эдийн засагт ямар үүрэг нөлөөтэй байж ирэв?
-Ер нь, ДНБ-ий дийлэнх хувийг уул уурхай бүрдүүлж ирсэн шүү дээ. Монголын уул уурхай хөгжлийн маш олон үеийг туулсан. Одоо 90 гаруй жил боллоо. Монголчууд эрдэс баялгаа эртнээс ашиглаж ирсэн. 1921 оноос өмнө гадаадын хөрөнгө оруулагч нэлээд байсан юм. Ялангуяа алтны талаар Богд хааны Засгийн газар том бодлого хэрэгжүүлсэн.  Тэр үеийн хууль дүрэмд эрдэс баялгийн талаар нарийн зааж өгсөн байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед зэр зэвсэгийн үйлдвэрт зайлшгүй шаардлагатай ашигт малтмалын ордуудыг ашиглаж байв. Дараа нь 1960-аад оны үеэс аж үйлдвэрийн томоохон бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм.  Ингээд олон орд нээгдсэн, олон уурхай ашиглалтад орсон доо.

-Монголын уул уурхайн өнөөгийн байдал ямар байна. Мөнгө олдог ч бай­галь байгаль орчин сүйтгэгч гэж  хүмүүс ойлгож, эсэр­гүү­цэж байгаа шүү дээ. Та салбарын эрдэмтэн, судлаа­чын хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Одоо уул уурхайн хөгжил ямар байгааг хэлэхэд хэцүү болчихоод байна. Тухайлбал ямар бодлоготой байгаа, хэний эрх ашгийг хамгаалаад байна гэсэг асуудал бий. Монголын ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж чадаж байгаа юу.  Лиценз эзэмшигч хөрөнгө оруулагчаа хамгаалаад байна уу гэдгийн аль нь ойлгогдохгүй замбараагүй байдал ноёрхлоо шүү дээ. Одоо харин зүг чигээ олох шинж тэмдэгүүд нэлээд гарч байна.
Гэхдээ уул уурхайг яг номоор нь ТЭЗҮ-ийг нь үндэслээд, зураг төслөөр барьж байгуулах юм бол байгаль орчны асуудал ингэж хурцаар тавигдахгүй. Угаасаа тухайн уурхайг ашиглахад нэн тэргүүнд анхаарах асуудлын дотор нь байж байдаг зүйл юм. Монголд 1990-ээд оноос 2000 он гартал замбараагүй, ямар ч зураг төсөлгүй, мэргэжлийн инженер техникийн ажил­тангүй  компаниуд бай­галь орчин сүйтгэсэн. Энүүгээр уул уурхайг шинжлэх ухаантай нь, салбартай нь төлөөлүүлэн ойлгож болохгүй.  Харин сүүлийн жилүүдэд ТЭЗҮ-д нь шаардлага сайн тавьж байна. Үүнийхээ дагуу хяналт шалгалт хийх болсон. Энэ бол том алхам. Цаашдаа уурхайнууд зураг төсөлтэй байх ёстой. Ухаж эхлэхээс нь өмнө зураг төсөл, ТЭЗҮ-д нь сайн шүүлт хийгээд дараа нь түүнийгээ барьж байна уу үгүй юу гээд шалгахад л уул уурхайн үйлдвэр ямар ч асуудалгүй хөгжих учиртай. Түүнийгээ зөрчиж алдаа оноо гарвал хууль дүрэмийнхээ дагуу шийдээд явах хэрэгтэй.  Жишиг болсон ямар ч асуудалгүй дүрэм журмаараа ажиллаж байгаа олон уурхай, үйлдвэр олон байна. Тухайлбал  уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет”-ын харьяа үйлдвэрүүд бий. Эдгээр уурхайнууд  экологийн хувьд маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа уурхайнууд. Гэвч уурхайгаа чанд  хөтлөөд байгаль орчинтойгоо зөв харьцаж байна. Уурхай ашиг­лаж эхэллээ нөхөн сэргээлт хийнэ гэж бас туйлшруулж ойлгож болохгүй. Зарим орд тухайн ашигт малтмалын зах зээлийн үнээс эхлээд хүдэр нь тодорхой агуулгын шаардлага хангавал ашиглалт явуулдаг. Гэтэл бага агуулгатай хүдэр байдаг. Энэ нь тухайн ашигт малтмалын үнэ өсөхөд ашигтай болно. Тэгэхээр үүнийг мэргэжлийн үүднээс сайн хийсэн зураг төслөөр ашиглана. Жишээ нь “Эрдэнэт”-ийн хүдрийн захын агуулга нь 0.35 хувьтай байсан. Дараа нь 0.25 боллоо. Зэсийн үнэ огцом өсөхөд 0.15 хувийн агуулгатай хүдрээ ашиглах боломжтой болсон.  Ингээд нөөц нь өсч байгаа хэрэг  юм. Ийм зураг төслөө хийсэн шүү дээ.

-Алтны шороон ордууд нөөц нь дуусч хаагдаж бай­гаа. Манай нөхөн сэр­гээл­тийн дүрэм журам, эрх зүйн орчин нь  үүнд тохи­руул­сан гэсэн яриа бий. Энэ талаар юу хэлэх вэ?
-Байгаль орчин нөхөн сэргээлтийн асуудал хурц яригдаж байгаа. Би нэг зүйлд эмзэглэдэг. Одоо байгаа нөхөн сэргээлтийн стандартаа уншсан хүн ховор. Гэвч энэ талаар дарга, цэрэггүй яриад байдаг юм. Тэгээд нөхөн сэргээлтийн тухай 2008 онд гарсан стандартуудыг алт­ны шороон ордуудад зориулсан гэдэг. Гэхдээ тийм биш. Би энэ стандартуудыг сайн мэднэ. Яагаад гэвэл үүнийг боловсруулахад бу­сад нөхөдтэйгээ хамтарч ажилласан. Уул уурхайн нө­хөн сэргээлтийн ерөнхий шаард­лагууд, нэр томъёо , био­логийн нөхөн сэргээлтийн тухай бий. Ил ба далд уурхайн нөхөн сэргээлтийн чиг хандлагууд байдаг. Энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй, стандартын заалтууд хэвээрээ байх болно. Дараагийн шатны нөхөн сэргээлтийн стандарт юу байх вэ гэхээр ашигт малтмалын төрөл тус бүрээр гарах ёстой. Мөн орд тус бүрт тохирсон стандарт гарах ёстой. 2008 оны стандарт боловсронгуй болохыг үгүйсгэхгүй. Харин цаашдаа задраад явах ёстой. Юу ч байхгүй биш бий. Сайн стандартууд байгаа. Хаалтын стандартууд бас бий. Энэ нь өнгөрсөн онд батлагдсан. Ер нь нөхөн сэргээлтийн стандарт уурхай тус бүрт байдаг. Өөрөөр хэлбэл ерөнхий стандарт байна. Мөн уурхай бүрт, ашигт малтмалын төрлөөр байх ёстой. Ашигт малтмалын төрлийн нөхөн сэргээлтийн стандарт нь ил, далд уурхайнх гээд хоёр янз. Орд бүр өөр өөрийн онцлогтой тул тухайн уурхайд тохирсон нөхөн сэргээлтийн төсөл, стандарт байх учиртай.  Гэхдээ бүгдийг нь стандарттай болгоно гээд хомроголон дайрч бас болохгүй. Гагцхүү уурхай бүрт  нөхөн сэргээлтийн төслөөр зохицуулаад явах бололцоотой.

-Манайд нинжа гээд хэсэг нөхөд бий. Үүнийг бичил уурхайчид гэж өхөөрдөөд тэднийг зохион бай­гуулалтад оруулахаар тө­сөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бол­сон. Уул уурхай хөгжүүлж буй бусад оронд ийм үзэгдэл байгаа болов уу?
-Манайхан дарга, цэрэггүй л нинжа нар дэлхий даяар байна аа л гэдэг.  Энэ нь үнэн хэрэгтээ уул уурхайн үйлдвэрлэлийг буруу хөтөлс­ний үр дүн шүү дээ. Тэнд авах хаягдал байна л гэсэн үг. Үүнийг хүн авалгүй яах юм. Уул уурхайн сонгодог онолд бичил уурхай юм уу, хувь хүмүүс олборлолт хийдэг зүйл байдаггүй. Нийгмийн энэ үзэгдэл тухайн байдлаас шалтгаалж гарч ирдэг юм. Ялангуяа алтны шороон орд бол ашигласны дараа бас л орд шиг л байсан. Ер нь, уул уурхайн зураг төсөлд ашигт малтмалын ордын нөөцийг бүрэн авах, иж бүрэн ашиглах асуудал тусгадаг. Бүрэн гэдэг бол нөөц үлдээхгүй гэсэн үг юм. 

-Баахан газар ухчихаад сорчилж олборлоод орхиж байна гэсэн яриа, маргаан нэлээд гардаг л даа. Энэ талаар та мэргэжлийн хүний хувьд ямар санаа бодолтой байдаг вэ?
-Ялангуяа гадны хөрөнгө оруулагчид богино хугацаанд ашиг олох сонирхолтой. Үүний тулд сорчилж ашиг­лах сонирхол байж магад. Тэгэхээр хяналт шалгалтаар үүнийг залруулна гэвэл янз янзын аргаар зайлсхийх, бул­тах асуудал бий. Наад зах нь хайгуулыг нь өөрсдөө хийж байгаа боло­хоор бага сорьцтойг нь нөөцдөө бүртгэхгүй орхихыг үгүйсгэхгүй. Бид хүнийг хар­даа­гүй ер нь тийм боломжууд байгаа юм. Одоо гадаадын хөрөнгө оруулалтай уурхай ажиллуулахад лиценз эзэм­шигч нь тусдаа, хөрөнгө оруу­лагч өөр, гүйцэтгэгч оператор хөлснийх болсон. Операторт эдийн засгийн хэмнэлт гэсэн ойлголт сул. Тэд ямар ч хамаагүй газар шорооны ажил хийгээд мөнгөө авах сонирхолтой. Уул уурхайг ингэж хөгжүүлж болохгүй. Өнөөдөр зарим уурхайд очиход уурхайн дарга нь норм нормативууд,  хэмнэлт гэсэн ойлголтгүй байх тохиолдол байдаг. Энэ бол харамсалтай асуудал.

-Таван толгойн уурхайн эрчим хүчний нүүрс нь овоол­го болон үлдэж бай­на. Үүнийг яаж ашиглах бо­ломж­той вэ?
-Энэ бол төрийн бодлогын нэг алдаа гэж би боддог.  Уулын үйлдвэрүүдийг төлөвлөж байхдаа цогцоор нь харах хэрэгтэй. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг хар. Ус, цахилгаан, ажиллагсад, нийгмийн асуудлуудыг бү­хэлд нь шийдсэн. Дээр нь жендерийн асуудлыг бас шийдсэн юм. Яагаад гэвэл Эрдэнэтэд эмэгтэйчүүд ажил­лах бололцоотой хөнгөн үйлдвэрүүд бий. Тухайлбал хүнс, хивсний үйлдвэр байна. Дээр нь эсгий, эсгий гутлын үйлдвэр байгуулахаар төлөвлөж байсан юм. Ийм төлөвлөлтөөр л ашиглах ёстой. Оюу толгойн анхны төслийг үзэж байсан бол гэр кемптэй л ашиглаад дуусах байв. Баахан гэрийн зураг байсан биз дээ. Эрдэнэт, Багануур, Бор-Өндөрийг хар. Бүгд нийгмийн асуудлуудаа шийдээд яв­сан байдаг. Тэгэхээр төр засгийн бодлого байгаад Таван толгойн эрчим хүчний нүүрсийг ашиглах өндөр хүчин чадалтай цахилгаан станын асуудлаа эхнээс шийдээд явах учиртай байсан юм. Тэнд цахилгааны хэрэглээ асар их байна. Оюу толгойгоос  гадна  уулын үйлдвэрүүд маш олон бий. Тэр бүгдийг цахилгаанаар хангаад явбал аль аль талдаа хэрэгтэй байлаа. Одоо тэгээд жижиг жижиг станц барина гээд л байх юм даа. Эрчим хүч бол маш том асуудал. Үүнийг зөв шийдэх ёстой байсан. Одоо нэгэнт алдсан юм чинь түргэн шуурхай зөв шийдвэрлэх нь чухал. Нэг нэгнээ муулж сайлах биш. Монгол Улсын төр засаг алдсан бол түүнийгээ залруулах нь  ухаантайн шинж юм.

-Тэгэхээр манай уул уурхайн салбар тодорхой бодлогогүйн улмаас алд­даг байх нь. Аливаа том төсөл хэрэгжүүлхэд эрдэм­тэн, судлаачдын үгийг сонс­доггүй гэсэн яриа байдаг?
-Ер нь, судлаач, эрдэмтэн бүр бодлогын чанартай асуудлыг мэднэ гэдэг бол худлаа. Өөр өөрийн чиглэлийг л мэддэг. Манайд стратеги боловсруулах түвш­ний мэргэ­жилт­нүүд алга. Хуучин яам­дуу­дад стратегийг барьж байдаг, бодлогоо гадаад дотоодтой нь нэвт шувт мэддэг олон жил ажилласан мэргэжилтнүүд байсан. Одоо стратегийн ийм боловсон хүчин байхгүй болсон. Дөрвөн жилийн хугацаанд л яам өөрчлөгдөж байна. 

-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буурлаа. Үү­ний шалтгааныг  хууль эрх зүй, эдийн засгийн хям­рал гээд олон янзаар тайл­бар­лаж байна. Та юу гэж үзэж байна вэ?
-Лицензийн тоо цөөрч байна. Үүнийг дагаад хөрөнгө оруулагч цөөрч мөнгөний хэмжээ нь буурах тооны хууль. Энэ бол зүй ёсны юм. Гэхдээ лицензийн тоо их байг гэсэн үг биш. Буурдагаараа буураг. Шаардлагагүй хөрөнгө оруулалт хэрэггүй. Нэг хэсэг нь хууль эрх зүйн орчны тогтворгүй байдлаас боллоо гэж байхад нөгөө нь зүй ёсны үзэгдэл гэж хүлээж авч байна. Ер нь, янз янзын ашиг сонирхлын үүднээс хүлээж авч байгаа байх.

-Ашиглалтын 1000 гаруй  лиценз бий гэдэг. Ийм олон уурхай нээх шаардлага манайд байна уу?
-Хамгийн сайн загварч­лагддаг шинжлэх ухаан бол эдийн засаг. Тодорхой төрлийн ашигт малтмалын  олборлолт ямар хэмжээнд байх, хэрэглээ нь хэд вэ гэдгийг тодорхойлно. Тэгэхээр хэрэгцээтэй үйлдвэр­лэлээ явуулах ёстой. Гадны хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалж хэрэггүй үйлдвэрлэл явуулах нь буруу. Одоо ТЭЗҮ нь батлагдсан нүүрсний бүх уурхай ажиллах юм бол экспортлох борлуулах зах зээл хязгаарлагдмал. Иймд олборлолтын нийт хэмжээг зөв төлөвлөх учиртай. Дотоодын олборлолт зах зээлээс давбал үнэ унах нөхцөл бүрдэнэ. Манайх тийм л явж ирлээ шүү дээ. Хилийн боомт дээр асар их нүүрс бөөгнөрсөн байдаг. Цаана нь ганцхан худалдан авагчтай. Тэгээд бүтээгдэхүүнээ борлуулах гэж хоорондоо өрсөлдөөд үнэ хямдруулж ирлээ. Чанарын хувьд манай нүүрс Австралийнхаас хамаа­гүй илүү ч түүнээс хямдаар борлуулдаг нь үнэн. Энэ бол хэн нэгэн албаар тэгээд байгаа зүйл биш. Зах зээлийн хуулиар л зохицуулагдаж буй хэрэг. Манай үйлдвэрлэл их байна. Энэ нь хүлээн авагч талд таатай нөхцөл байгаа юм.

-Цаашид манай уул уурхайн ирээдүй ямар байх бол. Та яаж төсөөлж байна вэ?
-Уул уурхайн үйлдвэрлэл өөрийн жамаар хөгжинө. Гэхдээ бусад үйлдвэрлэлээ ач холбогдолгүй гэж хэзээ ч үзэж болохгүй. Уул уурхайн үйлдвэрлэл их олон салбарыг араасаа дагуулдаг. Том уурхайн орчинд яагаад малчид төвлөрөөд байна. Яагаад тэнд хүн ам олон болж байна. Энэ чинь бусад салбараа дагуулж байгаа хэрэг. Юу ч үгүй байсан газар уурхай нээгддэг. Тэнд орчин үеийн хот бий болдог юм. Дараагийн асуудал нь бид өөрсдийн үйлдвэрлэж чадах зүйлээ гаднаас авч мөнгө зардаг. Үйлдвэрлэлийн бодлого зөв тавигдах юм бол үүнийг шийдэж чадна. Одоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг болсон. Хүн болгон ийм бодолтой болж байгаа нь зөв юм.

-Стратегийн орд гээд ярьдаг. Саяхан хэд хэдэн ор­дыг энэ жагсаалтад нэм­лээ. Ер нь стратегийн ордын талаар ямар бодолтой байдаг вэ?
-Стратегийн ордод саяхан хэдэн орд нэмж орууллаа. Энэ бол зөв. Гэхдээ ямар ордыг вэ гэдэг талаар маш сайн бодож, судлах ёстой. Хөшөөтийн уурхай бол хязгаарлагдмал нөөцтэй. Уул геологийн маш хүнд нөхцөлтэй юм. Дэд бүтэц нь хүнд. Урд нь эзэмшиж байсан компани гадаадын хөрөнгийн бирж дээр Хөшөөтийн уурхайн хувьцааг гаргасан. Тэд үүгээр өөрсдийн ашгаа олсон байхыг үгүйсгэхгүй. Хувьцаа гаргаад өндөр өртөгтэй дэд бүтэц бага зэрэг барьсан. Энэ ордыг стратегид авснаар эргээд хөрөнгө оруулагч олдох  болов уу гэж би боддог. Ашиггүй шахуу асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл Хөшөөтийн уурхай ашиглахад хүнд нөхцөл­тэй тул олборлолт хийгээд ашиг олоход хэцүү. Дээр нь хувьцааны өртэй. Мөн одоо хөрөнгө оруулсан нөхдүүд Монгол Улсыг олон улсын арбитрын шүүхэд өгөхийг үгүйс­гэхгүй. Өөрийн хөрөнгө оруулалтаа зүгээр хаяна гэж байх­гүй шүү дээ. Тэгэхээр ма­най улс энэ ордыг авснаар ямар ч ашиг гарахгүй. Иймд зо­хис­той ашиглуулаад орон нутгийн хөгжилд нь нэмэр болох нь зүйтэй байсан болов уу гэж би бодож байна. Сэтгэлийн хөөрлөөр ийм асуудлыг шийдэж болохгүй. Одоо Хөшөөтийн уурхайд хөрөнгө оруулагч олдох болов уу даа.

0 Сэтгэгдэл
bitgii tenegteed bai. hund nohtsoltei ene ter geed yu yariad bgaa yum. uhuulahgui horongo oruulagch oldohgui baij l baig bidend yamar ashigtai yum. yamar ch ashiggui uchiraas tendee hondogdolgui baij l baig erdemten guai.
Зүгээр л ухуулахгүй орхичихооч, тэрийг ухаагүй байхад наад орон нутагийн иргэд чинь амьдраад л байсан
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан