Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баярмаа: Хүүхэд, залуус мэргэжлээ зөв сонгоход эцэг эхийн үүрэг хариуцлага их бий

Монгол улсын дээд боловсролын салбараас анх удаа Олон улсад магадлан ит­гэмжлэгдсэн сургууль бол СЭЗДС юм. Сургалтын чанараараа Монголдоо тэр­гүүлэгч тус сургууль байнга шинийг эрэлхийлж, шинэ содон өнгө төрхөөрөө бусдаас ялгардаг. СЭЗДС-ийн гадаадын их дээд сур­гуулиудтай хамтарсан хө­төл­бөрүүд нь амжилттай хэ­рэг­­жиж, төгсөгчид нь олон улсын байгууллага, то­моохон кор­порац, ауди­тын компаниудад өндөр цалин­тайгаар ажилладаг. СЭЗДС-ийг төгсөгчид мэдлэг чадвар, гадаад хэлний түвшин, хамт олны дунд биеэ авч явах байдал, багаар ажиллах чадвараараа гадаадын шил­дэг сургууль төгсөгчидтэй эн тэнцэхүйц байдаг тул хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй байдаг.   
СЭЗДС   2006 оноос эхлэн АССА буюу Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь ихээхэн амжилттай болж төгсөгчид нь га­даад дотоодын шилдэг ком­­­­­па­ниудад ажиллаж эх­лээд байгаа аж. Энэ та­лаар СЭЗДС-ийн Олон Улсын Нягтлан Бо­дох Бүртгэл, Санхүүгийн мэр­­­гэж­сэн сургуулийн захирал Б.Баярмаатай /Дэд профессор, ММНБ/ ярилцлаа.

 -Элсэлттэй холбоотой мэдээлэл эцэг эхчүүдэд  шаардлагатай байгаа энэ үед тантай уулзсандаа таатай байна. СЭЗДС-ийн анхны бүрэлдэхүүн сургуулийн талаар танилцуулахгүй юу?
-СЭЗДС 2006 онд АССА хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Монгол залуус маань дэлхийн түвшинд жинхэнэ утгаараа үнэлэгдэх боломжийг энэ хөтөлбөр нээж өгсөн гэж хэлж болно. Учир нь АССА буюу Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч цолыг Их Британи дахь АССА нийгэмлэгээс олгодог бөгөөд уг цолыг авсан хүн дэлхийн 170 гаруй оронд мэргэжлээрээ ажиллах эрхтэй болдог юм. Олон улсын хэмжээнд хамгийн эрэлттэй байгаа мэргэжлүүдийн эхний тавд Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжил ордог тул энэ чиглэлээр мэргэшсэн хүнд ажлын байр элбэг олддог, хамгийн өндөр цалин авах боломжтой бол­дог юм. Уг хөтөлбөр маань үнэхээр амжилттай хэрэг­жээд үр дүн нь га­раад эхэлсэн болохоор СЭЗДС-ийн удирдлагууд, үүнийг хэрэгжүүлсэн гадаад, дотоодын багш, ажилчид бид их баяртай байгаа. Мөн биднээс илүү энэ хөтөлбөрт хүүхдээ сургаж, олон улсын түвшинд ажиллаад эхлэхийг нь харсан эцэг эхчүүд бүр их баяртай байгаа. Одоо бидэнд нэгэнт туршлага байгаа болохоор АССА мэргэшлийн цол олгох сургалтыг явуулахаас гадна олон улсын түвшинд үнэлэгддэг бусад мэргэшлийн цол, зэргийг олгох сургалтыг явуулахаар зорьж байна. Энэ зорилтынхоо хүрээнд СЭЗДС өөрийн анхны бүрэлдэхүүн сургуулиа байгуулж АССА хөтөлбөрийн суурин дээр Олон Улсын Нягтлан Бо­дох Бүртгэл, Санхүүгийн Мэргэж­сэн Сургуулиа 2012 оны есдүгээр сард байгуулсан юм. Сургууль маань АССА / Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч/, CIMA /Удирдлагын Мэргэшсэн Нягтлан Бодогч /,  CFA /Санхүүгийн Мэргэш­сэн Шинжээч/ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад хам­гийн өндөр цалинтай, хамгийн эрэлттэй мэргэжлүүдээр сур­галт явуулж, Монгол залуустаа эх орондоо хямд зардлаар суралцах боломжийг олгохоор зорьж байна.

-Дөнгөж эхэлж байгаа бүх зүйл бэрхшээлтэй тул­гар­­даг. Анх энэ хөтөлбөрийг хэ­­рэг­жүүлэхэд хэцүү байв уу?
-Мэдээж саад бэрхшээлгүй бүтдэг ажил гэж байхгүй шүү дээ. 2006 онд Их Дээд сургууль төгссөн залууст зориулж оройн анги нээсэн. Харьцангуй гадаад улс орнуудад очоод ажил төрөл эрхлээд үзсэн, мэдлэг чадвар, хэлний түв­шингээсээ шалтгаалж мэргэж­лээрээ гадаадад ажиллаж чадахгүй хар бор ажил хийгээд үзсэн хүмүүс яавал олон улсад ажиллах эрхтэй болдог юм бэ гэдгийг судалж үзээд АССА-ийн талаар дутуу дулимаг ч гэсэн сонссон байдаг тул энэ хөтөлбөрийн ашиг тусыг ойлгуулахад арай хялбар байсан. Харин 2007 онд өдрийн ангид элсэлт авахад хүндрэл бэрхшээл байсан. Эцэг эх, хүүхдүүдэд энэ мэргэжлийн ач тус, гадаадад шилжин суралцах боломжийн талаар нэг бүрчлэн тайлбарлаж ойлгуулахад цаг хугацаа их зарцуулж байсан. Гэхдээ анхны жил элсэж орсон хүүхдүүд үнэхээр шилдэг сайн байж, сургуулиа амжилттай төгссөнийг одоо ч бид бахархан дурсдаг. Хүүхдүүд маань одоо бүгд амжилттай сайхан ажил төрөл эрхэлж, бидэнтэй байнга холбоотой байдаг. Дэлхийд “их дө­рөв” гэж алдаршсан PWC, KPMG, Delloitte, Ernst & Young  хэмээх аудитын компаниуд Монгол улсад үйл ажиллагаагаа явуулах болсон. Эдгээр компаниуд болон олон улсын байгууллага, га­даадын хөрөнгө оруулалттай томоо­хон корпорац, уул уурхайн компаниудад АССА цолтой манай төгсөгчид ажиллаж байна.

-АССА хөтөлбөрийн орой болон өдрийн ангид элсэх боломжийн талаар тайлбарлахгүй юу?
-Оройн ангид их, дээд сургууль төгссөн, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй хүн элсч орох боломжтой. Өдрийн ангид 11-р анги төгссөн, ЕЭШ-ын ма­тематик, англи хэлний шал­галтанд 620-с дээш оноо авсан сурагчид материалаа бүрдүүлж заасан хугацаанд СЭЗДС-д ирүүлнэ. Ингээд хянал­тын тоонд багтсан хүүх­дүүд хуваарь сонгох эрхтэй болно гэсэн үг. Энэ жилийн элсэлтийн нэг онцлог бол хөдөө орон нутагт СЭЗДС-ийн хуваарь очихгүй, хөдөө орон нутгаас тус сургуульд элсэх хүсэлтэй хүүхэд Улаанбаатар руу СЭЗДС-д материалаа ирүүлнэ. Ингээд улсын хэмжээнд нэгдсэн нэг  жагсаалт гаргаж, элсэлт авна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЭЗДС-ийн вэб хуудаснаас авч болно. Дээрх хоёр анги мэдээж хэрэг сургалтын хувьд нэлээн ялгаатай. Өдрийн ангид банк санхүү, нягтлан бодох бүртгэл,  эдийн засгийн онол, Бизнесийн суурь хичээлүүдийг анхан шатнаас нь эхлэн илүү урт хугацаанд судална. Ингэхээр 4,5 жил сурч байж АССА цолд хүрнэ. Мөн энэ хугацаанд Их Британийн Оксфорд, Брүүксийн Их сургууль болон СЭЗДС-ийн бакалаврын цол авах боломжтой болно. Оюутнууд АССА-гийн нэгдү­гээр шатны сургалтаа дуусгаад буюу хоёр жилийн дараа Их Британи, Австрали, Канад,  Сингапур, Малайз улс руу шилжин сурах боломжтой. Одоогийн байдлаар манай 70 орчим оюутан дээрх улсуудад шилжин суралцаж байна.

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ сургууль, сонирхсон мэр­гэж­лээ  сонгоход орол­цох нь зөв үү. Та бо­ловсролын салбарт олон жил ажилласан хүний хувьд ямар зөвлөгөө эцэг эхчүүдэд өгөх вэ?
-Ямар ч хүн үр хүүхдээ сайн сайхан амьдраасай л гэж хүснэ. Тэр ч үүднээс хүүхдээ ямар мэргэжил сонгож, ямар сургуульд сурахыг нь хамтдаа шийдэж, чиглүүлэх үүрэгтэй оролцох нь тодорхой. Гэхдээ бид шийднэ гэж хар муйхраар дайрч хүүхдээ ямар ч сонирхолгүй сургуульд оруулж болохгүй. Хүүхэд сонирхолгүй зүйлдээ хэзээ ч хичээл зүтгэл гаргахгүй, хэзээ ч амжилтад хүрэхгүй. Хайран цаг хугацаа, хайран хөрөнгө мөнгөө үрдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хүсэл сонирхлыг харгалзан үзэж зөв чиглүүлэх хэрэгтэй. Манай хүүхэд ямар зан араншинтай билээ, ямар авъяас чадвартай билээ гэдгээс хамаарч хүүхэддээ тохирох мэргэжлийг сонгох нь зүйтэй. АССА хөтөлбөрт элсэж орж байгаа оюутнуудтайгаа бид заавал уулзаж, хүсэл сонирхол байна уу, үгүй юу гэдгийг хардаг.  Учир нь, манай хөтөлбөр жирийн нэг академик сургалтаас ихээхэн ялгаатай. Их Британи дахь АССА нийгэмлэг рүү онлайнаар шалгалтаа өгдөг учраас хүүхэд маш шаргуу хичээллэж, тухайн хичээлээ өөрийн болгож байж шалгалтаа давдаг. Тэгэхээр энэ мэргэжлийг эзэмшиж, үр шимийг нь хүртэж чадахуйц өөрийн хүсэл, зорилгоо тодор­хойлсон оюутныг элсүүлэх нь бидний ажлын эхний бөгөөд хамгийн чухал үе шат гэж болно.

-Танай хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэ­дээл­­лийг хаанаас авах боломж­той вэ?
-СЭЗДС Их Британи дахь Лондонгийн санхүү, бизнесийн сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөрийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр болон АССА хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЭЗДС-ийн 102 тоот  өрөөнд ирж авч болно. Мөн 457701, 99017784, 99027117 утаснаас лавлаж болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан