Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сингапурыг түймрийн утаа нөмрөөд байна

Сингапурын агаарын чанар сүүлийн өдрүүдэд гамшгийн байдалд хүрээд байна. Тус улсын хөрш зэргэлдээ Индонезид томоохон хэмжээний түймэр гарч,  утаа нь Сингапурыг бүрхээд байгаа юм. Сингапураас хэдхэн зуун километрийн зайд орших Индонезийн Суматра аралд гарсан түймрийн утаа Сингапур, төдийгүй Малайзыг нөмөрч, тус улсын оршин суугчид тэсгэл алдаж байна. Түймрийн хортой утаа үзэгчдэх орчинг хязгаарлаад зогсохгүй эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул Сингапурын эрх баригчид иргэдээ аль болох гадуур явахгүй байхыг анхааруулж байна. Амны хаалтны эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсэнээс аптекууд нөөцөө барж, утаанаас хамгаалах маск хүн бүрт хүрэлцэхээ больжээ.  Малайзад гэхэд өчигдөр 500 гаруй сургууль хичээллээгүй бөгөөд хүүхдүүдээ гэртээ үлдэхийг зөвлөсөн байна. Сингапурт олон нийтийн цөөнгүй үйл ажиллагаа тасалдаж, “McDonalds” тэргүүтэй түргэн хоолны газрууд хүргэлтийн үйлчилгээгээ түр цуцалжээ.

Жил бүр л Индонезид гардаг гал түймрийг цаашид хэрхэх, одоо үүсээд байгаа түймрийг дарж унтраах талаар нухацтай ярилцахаар Сингапурын Байгаль орчны сайд Индонезийг зорьсон байна. Индонезид байдал Сингапураас ч дор байгаа бөгөөд ойрын өдрүүдэд түймэр гарсан бүс нутаг руу нисдэг тэрэг илгээж, үүл буудаж бороо оруулах замаар түймрийг унтраахаар зэхэж байна.
Сингапурын  зүгээс Индонезийн эрх баригчдыг түймрийн эсрэг дорвитой арга хэмжээ авахыг шаардаж, ард иргэд нь ч хурцаар шүүмжилж байгаад тийм ч таатай хандахгүй байгаа ажээ. Тэд түймэр гарсан тариалангийн талбайд Сингапур, Малайзын өөрсдийнх нь компани үйл ажиллагаа явуулдаг учраас тус улсууд ч бас хариуцлага хүлээж, түймрийн эсрэг ажиллах ёстой гээд хүүхэд шиг аашилж, гомдоллох нь зохисгүй хэрэг гэж мэдэгджээ.

Ер нь, Индонезид жилийн энэ үед гал түймэр гарах нь байнга давтагддаг, хэвийн үзэгдэл мэт болсон ч энэ жил түймрийн утаа хэрээс хэтэрч байгаа учир хөрш орнуудын дипломат харилцаанд ч сэв сууж мэдэхээр байна. 











0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан