Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Бакей: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн бол үндэслэлээ тайлбарлах ёстой


УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй ярилцлаа.

-УИХ-ын чуулган түр хуга­цаанд завсарласан ху­га­цаанд та ямар ажил хийж амжуулав?
-Чуулган завсарласан хуга­цаанд тойрогтоо ажиллаад ирлээ. Баян-Өлгий аймгийн  бүх суманд ажиллаж, сонгог­чидтойгоо уулзаж хаврын чуул­ганаар батлагдсан хууль тогтоомж, тэдгээрийн хэрэг­жилт болон Шинэчлэлийн Зас­гийн газраас гаргасан шийд­вэр тогтоолуудын талаар танилцуулсан. Мөн одоо УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төслийн талаар ярихын зэ­рэг­цээ Ардчилсан намаас Ерөн­хий­лөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрийн талаар тайлбарлаж, таниулах ажил хийлээ. Түүнчлэн гишүүнийхээ хувиар өмнө нь батлагдсан хууль, тогтоомжийн хэрэг­жилт­тэй газар дээр нь танилцсан юм. Өнгөрсөн хугацаанд шүүх засаглал, хууль сахиулах чиглэлд батлагдсан хууль тог­тоомж болон Тамхины хя­нал­тын тухай, Үнэт цаасны тухай хуулийн талаар иргэдэд мэдээлэл өглөө. Сум хөгжүүлэх хөтөлбөрийн талаар иргэд ам сайтай байна. Сумдад хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил зэргээс нь хамааран харилцан адилгүй хөрөнгө мөнгө хуваарилж бай­гаа. Энэ ажлын хүрээнд сумын төвд баригдах барилга байгууламжийг нэг загвараар барихаар Засгийн газарын тог­тоол гаргасан. Сонгогчид маань их, дээд сургууль төгс­сөн хүүхдүүдэд ажил ол­дох­гүй байгаа талаар их ярьж байна. Тиймээс ажлын байр нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж өгөхийг хүсч байсан.

-Та ямар хуулийн төс­лүүд дээр ажиллаж байна вэ?
-Хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж байгаа. Нэн түрүүнд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн. Хөдөө орон нутаг болон хотод олгосон боловсрол чанар, хүртээмжийн хувьд маш их зөрүүтэй байна. Тиймээс боловсролын үйлчилгээнд хот, хөдөөгийн ялгааг арилгана. Энэ утгаараа одоогийн мөрдөж буй Боловсролын тухай хуульд нэлээд хэдэн өөрчлөлт нэмж оруулахаар ажиллаж байна. Би боловсролын салбарт олон жил ажилласан хүн. Дээд боловсролын системд ч дутагдалтай талууд бий. Орон нутагт ажиллаж, сон­гог­чидтойгоо уулзахад "Бо­­ловс­ролын чанарыг дээш­лүүлэх цаг болсон юм биш үү. Төрийн болон хувийн хэвшлийн гэлтгүй чанаргүй их, дээд сургууль олон" байна гэж шүүмжилж байсан. Хуулийн төслөө амжвал ирэх намрын чуулганаар хэ­лэл­цүүлэх бодолтой байна. Мөн нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр ан­хаарч ажиллахаар төлөвлөлөө. Өөрөөр хэлбэл, олон улсын болон дотоодын тусламж, дэмжлэг, халамжийн үйлчил­гээ эзнээ олохгүй байна. Тий­мээс нийгмийн зорилтот эмзэг бүлэгт чиглэсэн халамжийн бодлогыг тусад нь авч үзэх ёстой. Энэ ч утгаараа зарим гишүүнтэй хамтран одоогийн мөрдөж буй Нийгмийн ха­лам­жийн тухай хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулахаар ажил­лана. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулахаар холбогдох гишүүд өргөн барьсан бол Засгийн газраас Нийтийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл боловс­руу­лаад байгаа. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж би боддог. Энэ өөрчлөлтөө дээрх хуулийн төслүүдтэй нэгтгэж эсвэл тусдаа санал болгож, хуулийн төсөл боловсруулна.

-Хаврын чуулганы хуга­цаанд танай байнгын хороо хэр ачаалалтай ажилласан бол?
-Манай байнгын хороо өмнөх намрын чуулганаар маш их ачаалалтай ажилласан бол энэ удаагийн хаврын чуулганы хугацаанд хэвийн ажилласан гэж хэлж болно. Байнгын хорооны чиг үүргийн хүрээнд холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар батлуулсан. Холбогдох хуулийн төслүүд дээр ажлын хэсэг гаргаж ажиллалаа. Энэ талаархи тайлангаа удахгүй гаргана. Одоо ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг бэлтгэж байна. Дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлыг өмнөх чуулганы төгсгөлд Төрийн байгуулалтын байнгын хороо бэлтгэж УИХ-ын нэгдсэн чуулганаар баталдаг. Холбогдох бүх Байнгын хороо, намын бүлгүүд, Ерөнхий­лөгчийн Тамгын газар, ЗГХЭГ-аас санал авч нэгтгэж байна. Ирэх намрын чуулган улс орны хөгжлийн томоохон асуудлыг хэлэлцэж, нэлээд ачаалалтай ажиллах төлөвтэй байгаа. Тухайлбал, одоо хэлэлцэж байгаа Газрын тухай багц хууль ирэх намрын чуулганаар батлагдана. Мөн Ашигт малтмалын тухай болон Төрийн албаны тухай, Сонгуулийн нэгд­­сэн хууль, Улс төрийн на­м­ын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн ту­хай, Компанийн тухай гэх мэт хууль батлагдах байх. Эд­гээр хуулийн төсөлд ажлын хэсэг гарч бэлтгэлээ хангаад дуусч байгаа учраас хаврын чуулганы төгсгөлд хуулийн төслүүдээ өргөн барих байх.

-Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг танай Байнгын хорооноос гарч ажиллаж байгаа. Хуулийн ямар зүйл заалтыг өөрчлөхөөр болсон бэ?
-Одоогийн мөрдөж буй Үндсэн хууль батлагдсанаас хойш 20 гаруй жил өнгөр­лөө. Энэ хугацаанд Монгол Улсын нийгэм эдийн засгийн бү­хий л салбарт маш их өөрч­­лөлт гарсан. Үүнийг да­­гаад нийгмийн болон иргэ­дийн амьдралд ч өөрч­лөлт ор­лоо. Энэ бүхнээс ул­баа­лан Үндсэн хуулийн за­рим зүйл заалтыг зайлшгүй өөрч­лөх шаардлагатай байна. Тухайл­бал, УИХ-ын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд байх уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй байгаа. Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа гүйцэтгэх за­саг­лалтай холилдох нь хэр оновч­той байх бол. Гэхдээ үүнийг би дангаараа шийдэх асуудал биш. Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлыг суд­лах ажлын хэсэг гаргах за­хи­рамжийг УИХ-ын дар­га гаргасан. Ажлын хэсэг дүг­­нэл­тээ удахгүй гаргана. Тэд Үндсэн хуульд өөрчлөлт оруу­лах шаардлагатай юу гэ­дэгт хариу өгөх юм. Хэрэв өөрч­лөх шаардлагатай гэж үз­сэн бол үндэслэлээ гаргасан байх ёстой. Хаврын чуулганы эцэст дүгнэлтээ гаргаж, УИХ-ын даргад танилцуулахаар бол­сон. Ажлын хэсгийн дүг­нэл­тийг харж байж бид намрын чуулганы хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулах үгүйг шийднэ.
-Гадаадын хөрөнгө оруу­лалт 70 хувиар буурс­наас эдийн засаг амаргүй байгаа гэж ярьж буй. Гадаадын хө­рөнгө оруулагчдыг татахын тулд хууль эрхзүйн орчноо таатай болгох ёстой юу. Ер нь, манайх ямар ажил хийх шаардлагатай юм бол?
-Гадаадын хөрөнгө оруу­лалт буурсныг нэг хүчин зүйл­тэй холбож ярьж болохгүй. Эдийн засаг маш олон зүйлээс хамаардаг юм. Гадаадын хө­рөнгө оруулагчидтай хол­боо­той хууль батлагдсанаас бо­лоод хөрөнгө оруулалт буурсан гэж дүгнэвэл хэт өрөөсгөл болно. Хэрэв хууль нөлөөлсөн гэж үзэж байвал өмнөх Засгийн газрын үед баталсан хууль тогтоомжтой холбоотой. Хамгийн гол нь дэлхийн зах зээл дээр алт, зэс, нүүрсний үнэ буурсан нь эдийн засгийн эргэлтийн хурд саарах шалтгаан болсон. Үүнээс үүдэж гадаадын хөрөнгө оруулагчдыг татах дотоодын зах зээлийн чадавхи буурсан. Тиймээс энэ асуудалд нухацтай хандах ёстой. Оюу толгой, Таван толгой гэх мэт томоохон төсөл хөтөлбөрт үүсээд байгаа асуудлаас болж гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээчихлээ гэж ярьж байгаа бол эндүүрэл. Монгол Улсын эрх ашиг хөндөгдөж буй асуудлуудыг цаг тухайд нь ярих л ёстой шүү дээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан