Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мах муу энергитэй гэнэ үү


“Мах идэхээр муу энерги ялгардаг, ногоо голдуу хүнсний бүтээгдэхүүн сайн энергитэй”, “Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс тат­галзаж байгаль орчноо аваръя” гэх  мэт уриа нэг хэ­сэг газар авсан. Энд тэнд­гүй зөв хооллолтын курс, дамжаа нээгдэж, уургийн ба амин дэмийн бэлдмэлүүдийг цөл газар таарсан хүн ус авдагтай адилаар мөнгө үл хайрлан хүмүүс худалдан авч эхэлсэн. Одоо ч авч л байгаа харагддаг.

Мах, махан бүтээгдэхүү­нийг хэтрүүлэн хэрэглэх нь хүний биед сөрөг нөлөөтэй гэдгийг шинжлэх ухаан эрт­нээс тогтоосон. Манай урд хөршийнхөн махны хэт их хэрэглээ хүний биед хортой гэдгийг мэддэг байсан бо­лохоор тэртээ дээр үед баригд­сан хүнээ олон хоно­гийн турш дан махаар хооллосоор дотроос нь ялзруулж хөнөөдөг цаазтай байсан гэх. Манайхан ч үүнийг сайн мэддэг байсан болохоор зуны саруудад мацаг барих, цагаан идээ голчлон хэрэглэх зэргээр хоол боловсруулах эрхтнээ амраах замаар махны хэрэглээгээ мэдэгдэхүйц багасгадаг бай­лаа. Гол нь, тэд аль нэг тийш туйлширдаггүй, “мах муу энер­гитэй” гэж ярьдаггүй байжээ.

Юуны өмнө, энерги гэдэг нь эрчим хүч гэж орчуулагддаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүнс­ний бүтээгдэхүүнийг боловс­руулахдаа гаргаж авсан эрчим хүчийг бид амьсгалах, хөдлөх, ярих, бодох болгондоо зарцуулна. Эрчим хүчинд сайн эсвэл муу гэсэн ойлголт байхгүй. Хүн яаж ашиглана тэр чинээгээр л болно. Хэтрүүлбэл хордоно, дутаавал сульдана.

Үнэхээр мах хүний биед тэг­тлээ сөрөг нөлөө үзүүлдэг бай­сан бол бидний өвөг дээ­дэс байхгүй болоод би үүнийг бичээд, та уншаад сууж байх­гүй байсан биз. Тэгэ­хээр хэргийн гол нь муу, сайн “энерги”-дээ биш харин таа­руулж хэрэглэхдээ л байгаа юм. Цаашилбал, үндэстэн болгон өөрийн аж төрдөг бүс нутгийн цаг агаар, улирлын өөрчлөлт, ургамал ба амьтны төрөл зүйл гэх мэт маш олон зүйлд тохируулан хоол хүнсээ байгалиас заяасан зөнгөөрөө сонгож аван хэдэн мянган жил хэрэглэж ирсэн.

Ногоо голдуу хоолыг хэдэн мянган жилийн турш хэрэглэсээр ирсэн сая сая энэтхэг, хятад иргэн үүний нэг жишээ. Энэ хоёр улсын дийлэнх нутаг урин дулаан уур амьсгалтай, хүн ам шигүү суурьшсан, жилдээ хоёр ба түүнээс олон удаа ургац авах боломжтой, эртнээс зам харгуй сайн хөгжүүлсэн, арилжаа наймаа сайн эрхэлдэг одоогоор бол логистик сайтай. Дан ургамлын гаралтай хүнс хэрэглэдэг хүмүүс нийт 300 орчим төрлийн хүнсний ногоо, шош, үр тариа, цэцэг, 600 орчим зүйлийн жимс, жимсгэнэ, 200 орчим зүйлийн самар хүнсэндээ хэрэглэдэг. Эдгээрийн дийлэнх нь ургадаг, ургац арвин.  
Тэгвэл манай эх газрын эрс тэс уур амьсгалын нөхцөлд энэ олон зуун зүйлийн үр тариа, жимс, самраас хэд нь ургах вэ.

Гэтэл дээр дурдсан улсын иргэд энэ хэдэн зуун төрөл зүйл дотроос хүнд шаардлагатай дийлэнх эрдэс бодис, амин дэм, амин хүчил, уураг гэх мэтийг агуулдгийг хэрэглээд сурчихсан. Харин бид өөрийн улсын цаг уур, байгалийн онцлогт тохируулан хүний биед зайлшгүй шаардлагатай бүх­нийг мах, өөрийн нөхцөлд ургадаг ногоо, тарианаас аваад дасчихсан.

Энэ хоёрт сайн эсвэл муу энерги гэгч байна уу. Мэдээж, байхгүй. Өөр өөрийн газар нутагт таарсан хүнс, ногоо хэрэглэх төдий л ялгаа байна.
Үүнийг сайн ойлгохгүй зарим хүн мах, махан бүтээг­дэхүүнээс төдийгүй амьтны гаралтай бүх л бүтээгдэхүүнээс татгалзах явдал цөөнгүй ажиглагдах болсон. Үр дүнд нь хүний бие хүнсээрээ дамжуулан заавал авч байх ёстой зайлшгүй шаардлагатай, орлуулашгүй амин хүчил гэгч зүйлээ авч чадахгүй болдог. Орлуулашгүй, өөрөөр хэлбэл хүний биед боловсордоггүй, заавал хүнсээр дамжуулан гаднаас авч байх ёстой найман амин хүчил шаардлагатай. Эдгээрийг дурдваас валин, изолейцин, лейцин, метионин, треонин, триптофан, фени­лаланин, лизин. Эдний нэг эсвэл нэлээн хэд нь дутагдаад ирвэл бодисын солилцоонд доголдол үүсч, өсөлт хөгжил зогсох, тэжээлийн дутагдалд орох, үс бууралтах, сэтгэл гутралд орох гэх мэт олон сөрөг үр дагавар гардаг. Ялангуяа, хүүхдүүд, жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд, зарим эмгэгийн үед орлуулашгүй амин хүчлийн дутагдал онцгой сөрөг нөлөөтэй.

Амин хүчил зарим хүнсний ногоонд байдаг, нөгөөд нь байдаггүй ч сонголт сайн хийж хослуулж чадвал дутагдлыг бүрэн нөхөх боломжтой. Гэтэл тэр бүгдийг эндээс цуглуулж чадах уу. Цуглуулж болдог юм гэхэд үнэ хөлс нь хэд байх вэ. Дийлэнхи нь манайд ургадаггүй, импор­тын бүтээгдэхүүн шүү дээ.
Харин мах, сүү, өндөг зэрэг амьтны гаралтай бү­тээг­­дэхүүнд бүгд агуулагдаж байдаг. Энэ “муу энерги” юм гэж үү.

Тэгвэл Өрнөдийн орнуудын дан ногоогоор хооллодог хүмүүс яагаад зүгээр байдаг юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Тэд орлуулашгүй амин хүчил, амин дэм зэргийг эмийн бэлдмэлээр авч байдаг. Бидэнтэй адил өвдөж зовоод болохоо байхаар л эмчид үзүүлдэг хүмүүс биш сардаа эсвэл хагас жилдээ эмчид тогтмол үзүүлж шинжилгээ өгч байдаг. Шинжилгээгээр ямар амин дэм, амин хүчил дутагдаж буй  нь гараад ирдэг болохоор эмч тийм бэлдмэл, эм хэрэглээрэй гээд зөвлөчихнө. Манайд ийм юм байгаа бил үү.

Муу махны тухайд нэг зүйл заавал тодруулах хэрэг­тэй. Монгол малын мах нь экологийн хамгийн цэвэр бүтээгдэхүүн. Ямар ч бордоо, химийн бодис ашигладаггүй. Өрнө­дөд манайх шиг бэлчээ­рийн аргаар өсгөсөн малын махыг экологийн цэвэр бүтээг­дэхүүн гээд тусгай дэл­гүүрүүдээр өндөр үнээр зардаг. Хэр баргийн хүн өдөр болгон авч дийлэхгүй.

Харин манайд импортлон оруулж ирж байгаа гахай, тахианы мах тэс өөр. Тахианы дэгдээхэйг хэдий чинээ богино хугацаанд тусгай бор­доо, тариа ашиглан тарга авахуулна, тэр хэмжээгээр эдийн засгийн хувьд ашигтай байдаг болохоор химийн элдэв бордоо, тариаг хайр найргүй ашигладаг. Сүүлийн үед бидний их дурлаад байдаг Америк, Хятад тахианы мах яг ийм. Богино хугацаанд химийн аргаар бордсоор тарга авахуулсан болохоор мах нь ч хямд. Манай хойд хөрш гэхэд Америк тахианы махыг өөрийн улсын ариун цэвэр, эрүүл мэндийн шаардлагад нийцэхгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байна гээд им­портлон оруулж ирэхийг нь нэг хэсэг хорьж бөөн дуу­лиан дэгдсэн. Эцэст нь арга барагдсан Америкийн фермерүүд Оросын стандартад нийцсэн байдлаар махыг нь боловсруулдаг болж байж дахин нийлүүлэх боломжтой болсон нь үүний нэг тод жишээ. Гэтэл бид хошуураад л...

Тиймээс хэн нэгний бизнесийг дэмжин муу эсвэл сайн “энерги” гэж хошууран гүйхийн оронд мах ба ногооны хэрэглээг өөрийн бие ба ажил, цаг агаарын нөхцөлд тааруулан хэтрүүлэлгүй, дутаалгүй идэж, уугаад байхад л хангалттай.

0 Сэтгэгдэл
уучлаарай та махны муу энергийн нөлөөнд орчихоод бухимдаад энэ нийтлэлийг бичээд байгаа юм биш үү, миний иддэг махыг муу энергитэй гэлээ, монголд төрсөн юм чинь идэхгүй гээд яах ий энэ тэр гээд... тэгээд идэлдээ хэн таныг мах идэхээ боль гээд байгаа юм, таны амаар юу орох бидэнд огт хамаагүй ш дээ, махны бизнес хийдэг бол танд амжилт хүсье, махаа зараад баяжихыг ерөөж байна
Хамгийн их уншсан