Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголыг хэрсэн бүтээн байгуулалтууд үргэлжилсээр


Жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай манай орон бүтээн байгуулалтын ажил зуны гуравхан сарын хугацаатай хйидэг. Цаг нартай уралдан өдөр хоногийг алдалгүй замаа тавьж, байшин барилгаа сүндэрлүүлэх нь улсын хөгжлийг нэг шатаар урагшуулах юм. Учир нь, аливаа улсын зам харилцааны салбар хэр зэрэг хөгжсөнөөр нь тухайн орны хөгжил тодорхойлогддог гэж мэргэжилтнүүд ярьдаг. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газраас хийж, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явцын талаар долоо хоног бүр сэтгүүлчдэд мэдээлдэг болсон билээ. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногт улсын хэмжээнд хийж буй замын ажил ирэх долоо хоногт хэдэн хувиар нэмэгдсэнийг нээлттэй ярилцаж байх юм. Хоёр дахь удаагаа болж буй уг уулзалтад оролцсон Засгийн газрын сайдууд ямар мэдээлэл өгсөнийг сийрүүллээ.

Баянхонгорын зам наадмын дараа ашиглалтад орно

“Чингис” бондын тодорхой хэсгийг шинэ төмөр зам болон авто замын салбарт зарцуулахаар болсон. Энэ онд Таван толгой-Гашуунсухайт чиглэлд 267 км төмөр зам барихаар ажлыг нь эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил өмнөх долоо хоногоос дөрвөн хувиар урагшилж 23.8 хувьтай байгаа аж. Одоогоор далангийн суурь цутгалтыг хийж эхэлжээ. Харин Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын ажил өнгөрсөн долоо хоногийнхоос ахиц гараагүй гэнэ. “Насны зам” компанийн гүйцэтгэж буй уг ажил санхүүжилтээс болоод зогссон аж. Нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Зам тээврийн сайд тус аймагт ажиллаж буй гэсэн. Шинэчлэлийн Засгийн газраас энэ онд зургаан аймгийг хатуу хучилттай болгохоор төлөвлөөд байгаа. Энэ ажлыг гацаахгүйн тулд Зам тээврийн яам компаниудад үүрэг даалгавар өгч, яаравчлахыг Ерөнхий сайд үүрэг болгов. Мөн Хөвсгөл-Булган аймгийг холбох замын ажил удаашралтай хэвээр байгаа аж. Нэг компаниас болоод замын ажил долоо хоног гацсанд Н.Алтанхуяг бухимдан “Гүйцэтгэгчээр ажиллаж буй БНСУ-ын компанийг ажлаа хийж чадахгүй бол Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдье. Хоног хугацаа өнгөрөх тусам цаг алдаж байна. Тиймээс ажлаа түргэл. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар асуудлыг оруулж шийдүүл гэхэд өнөөг хүртэл оруулсангүй. Энэ долоо хоногт заавал оруулна шүү” гэв. Харин Баянхонгор аймгийг хатуу хучилттай болгох замын ажил хэвийн явж байгаа бөгөөд ирэх сарын 15 гэхэд улсын комисст хүлээлгэж өгөх аж. Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш 50 км замын 25 километрийг нь барих компани өнөөг хүртэл тодроогүй байгааг ойрын хугацаанд шийдэхийг Ерөнхий сайд тус яаманд үүрэг болголоо.  

Дархан-Уул аймагт арьс шир боловсруулах үйлдвэр байгуулна

ҮХААЯ Сайншандын боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад анхаарч ажиллаж байгаа аж. Тус үйлдвэрийн 66 хувийг хувийн хэвшлийн сонирхлын дагуу эрхийг нь өгөх бол үлдсэнийг нь төр дэд бүтэц болон түүхий эдээр хангаж хариуцан ажиллах юм байна. Одоогийн байдлаар 17.4 тэрбум төгрөгийн тендер зарласан бөгөөд энэ сарын 8-нд гүйцэтгэгчийг нь шалгаруулах аж. Өөрөөр хэлбэл, уг үйлдвэрийг цаашид авч явах баг тендерээр шалгарах юм байна. Зэс боловсруулах үйлдвэрт 2-3 компани саналаа ирүүлээд буй гэсэн. “Чингис” бондоос 172.4 сая ам.доллартой тэнцэх хэмжээний төслийг Хөгжлийн банкинд өгчээ. Уг банк аж ахуйн нэгжүүдэд долоон хувиас доошгүй хүүтэйгээр санхүүжилт өгөхийг Засгийн газраас үүрэг болгосон байна. Энэ дагуу энэ долоо хоногт санхүүжилт нь  хийгдэж эхлэх гэнэ. Мөн ноосны үйлдвэр, ноолууран бүтээгдэхүүнд 100 гаруй, оёмол бүтээгдэхүүнд 13.5, хүнсний ногоо боловсруулах, шингэн сүүний үйлдвэрт 27.7, хүлэмжийн аж ахуйд 17.4 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж, төслүүд нь ч бэлэн болсон аж. Энэ үеэр салбарын сайд Х.Баттулга “ХАА-н бирж үйл ажиллагаагаа явуулаад гурван сар гаруй хугацаа өнгөрч байна. Монгол Улс жилд 6000 орчим тонн ноолуурыг малчдаас худалдаж авдаг. Үүний 4.7 орчим тонныг уг биржээр ба­тал­гаажуулан арилжаалсан. Ин­гэс­нээр ноолуурын үнийн хэлбэлзлийг зогсоож чад­сан. Харин арьс ширний үйлд­вэрүүдийн байршлыг нэ­лээд судаллаа. Нийслэл цаа­шид өргөжих учраас арьс ширний үйлдвэрийг суурьш­лын бүсээс гаргахаар судалж, Эрдэнэт, Дарханыг сонгосон ч Орхон аймагт усны асуудал хүндрэлтэй юм билээ. Манай улс жилд 10 сая орчим арьс,шир боловсруулдаг. Тиймээс Дархан-Уул аймагт боломжтой гэсэн дүн гарлаа. Судалгаагаа энэ долоо хоногт Засгийн газарт танилцуулна. Үүний дараа бүтээгдэхүүнээ тодорхой хэмжээгээр экспортод гаргана” гэв.    

Орон сууцны зээлд 403 иргэн хамрагджээ

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд барилга хот байгуулалтын салбарт 416 тэрбум төгрөгийн ажил хийхээс энэ онд 200 тэр­бу­­маар нь инженерийн барил­га байгууламжийн ажил хийнэ. “Чингис” бон­дын хөрөнгөнөөс орон сууц, гэр хорооллын тус бүр есөн байршилд инженерийн шу­гам сүлжээний 73 төсөл хэ­рэг­­жихээс энэ онд 56-г нь хэ­рэг­жүүлнэ.

Одоогийн байд­лаар най­ман ажлын гэрээ бай­гуул­сан бөгөөд 10-40 ху­вийн гүйцэтгэлтэй байгаа аж. Ту­хайл­бал, Буянт-Ухаа орон сууц­ны цогцолборын гүний хоёр цэвэр худаг, шугам, барилга угсралтын ажил, Яармагийн гүүр орчмын инже­нерийн шугам сүлжээ гэх мэт хэд хэдэн ажлыг хийж эхэлжээ.

Өнгөрсөн сарын 17-ноос ир­гэдэд жилийн найман ху­вийн хүүтэй /эдийн засгийн өсөл­төөс хамаарч +1, -1 хэлбэлзэнэ/ зээл олгож эхэлсэн. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Өмнө нь банкны зээлээр орон сууцтай бол­сон иргэдийн зээлийг най­ман хувь руу шилжүүлж бай­гаа. Одоогоор 250 гаруй тэр­бу­мыг нь шийдсэн. Дахин сан­хүүжилтэд хамрагдсан 8712 хүн бий. Харин шинээр 403 иргэн орон сууцны зээл аваад байна” гэв. Хан-Уул дүү­рэгт 300 ортой ЭХЭМҮТ барьж байгаа ч дэд бүтцийн асууд­лыг нь шийдээгүйгээс барилгын ажил нь зогссон. Энэ асуудлыг шийдэхийн тулд Барилга хот байгуулалтын сайдын багцад байсан гурван тэрбум төгрөгийг гүйцэтгэх компанид нь өгчээ. Мөн 1000 м3 багтаамжтай нисэхийн цэ­вэр­лэх байгууламжийг нэг дахин өргөтгөж байгаа аж. Ингэснээр Буянт-Ухаа хороол­лын нэг барилга болон ЭХЭМҮТ-ийн дэд бүтцийг шийдэх юм байна.

Харин Амгалан дулааны цахилгаан станц барих ажлын хөрөнгө мөнгө шийдэгдсэн ч газар чөлөөлөх асуудал хүндрэлтэй байгаа аж. Засгийн газрын шийдвэр өнгөрсөн хоёрдугаар сард гарсан ч өнөөг хүртэл газрыг нь бүрэн чөлөөлөөгүй гэнэ. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Газраа өмчилж авсан 86 айл байгаагийн 20 гаруйтай нь тохиролцсон.

Байшин барилга барьж, хувиараа аж ахуй эрхэлдэг өрхүүд хөрөнгөө зургаан тэрбумаар үнэлсэн. Энэ мэт байдлаас болж 52 тэрбум төгрөг шаардлагатай болж байна. Тиймээс дахин төлөв­лөл­­төд оролцуулах байдлаар асууд­лыг шийдэх талаар су­далж байгаа” гэв. Өмчилсөн эсэхийг нь мэдээгүй Засгийн газрын шийдвэр гар­гуул­санд Ерөнхий сайд бу­хим­дан цаашид ийм асуудал гаргахгүй байхыг үүрэг болголоо.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан