Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Төмөрсүх: Усан спортод насны ангилал гэж байхгүй


Зуны ид бүгчим халуун үе тохиож байна. Усанд сэлэх, усан спортоор хичээллэхэд хамгийн таатай үе. Энэ удаагийн дугаартаа усан спортоор хичээллэхийн ач холбогдол, давуу тал болон Монголын усан спортын хөгжилд тулгарсан зарим асуудлын талаар Усан спорт сургалтын төвийн хуулийн зөвлөх Ш.Төмөрсүхтэй ярилцлаа.

-Усан спортоор хичээллэхийн давуу тал нь юу вэ гэдгээс хоёулаа яриагаа эхэлье?
-Сүүлийн үед усан спортоор хичээллэх хүмүүсийн сонирхол нэмэгдэж байна. Учир нь, хүний биеийг хамгийн эрүүл байлгаж чаддаг спорт. Мөн биеийн галбирыг өнгө зүстэй зөв хадгална. Турах хүсэлтэй хүмүүс тогтмол, зөв дэглэм барьж хичээллэвэл элдэв янзын эм, тариа хэрэглэлгүйгээр зөв сайхан бие галбиртай болох боломжтой. Энэ спортоор хичээллэхэд , ходоод гэдэс, бүх л цул эрхтэн идэвхтэй ажилладаг  учраас эрүүл мэнд талаасаа ач холбогдол нь өндөр. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч хичээллэж эрүүл болсон тохиолдол гадаадын орнуудад бишгүй байдаг. Усан спортоор олон жил хичээллэсэн хүмүүсийг харахаар шал өөр байдаг шүү дээ. Настай хүмүүс бассейнд яваад нэг сарын дараа гэхэд л бие нь хөнгөрөөд, нүд харц нь эрчтэй, үг хэллэг нь хүртэл зөөлөн болсон байдаг.

-Та гадаадад хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ спортоор хичээллэж эдгэрдэг тухай ярилаа. Манайд энэ чиглэлээр ажилладаг эмч, багш нар байдаг уу? Тухайлбал, төв бассейнд ийм чиглэлээр ажиллаж байгаа хүн бий юү?
-Манай төвд бий. Пара-усан спортоор мэргэшсэн Оюунцэцэг гэж багш байдаг. Олон судалгаа хийж, ном бичсэн. Тэр бүү хэл усанд сэлхэд хэрэглэдэг хөвөгч зэрэг хэрэгслүүд зохион бүтээсэн туршлагатай хүн. Энд тэндхийн эмнэлгүүдэд эмчилгээний усан бассейн байдаг гэж сонсч байсан. Энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж, гадаадтай уялдаа холбоогоо бэхжүүлээд явбал монголчуудад эрүүл байх нэг боломж бүрдэнэ.

-Усан спортоор сонирхон хичээллэж байгаа хүмүүсийг насаар нь ангилбал дийлэнх нь ямар насныхан байдаг вэ?
-Яг нарийн статистик гаргаагүй л дээ. Гэхдээ ажиглахад хүүхэд их. Сүүлийн үед оройн цагаар хичээллэдэг идэр насны хүмүүс, 60-аас дээш насныхан нэмэгдсэн. Энэ насныхан эмээ өвөөгийн үүргээс гадна өөрийгөө эрүүл авч явах бас нэг үүрэгтэй гэдгээ мэдэрч байна.

-Энэ төрлийн спорт манайд хөгжөөд нэлээд хугацаа өнгөрч байна. Гэтэл бусад спорттой харьцуулахад тамирчдын гаргаж буй амжилт ахидаггүй. Зөвлөхийн ажил эрхэлдэг хүний хувьд үүнийг та юутай холбоотой гэж бодож байна?
-Би энэ талаар бодож л явдаг. Уг нь, олон улсын тавцанд нэлээд амжилт гаргасан хүмүүс байдаг. Тэр хүмүүс яагаад тодорч гарахгүй байна вэ гэдэг асуудал. Энэ нь усан спортын үйл ажиллагаа идэвхгүй байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл, Монголын  Усан спортын холбоо үйл ажиллагаагаа идэвхжүүлж, олон улсын холбоодод элсэх хэрэгтэй. Оюунцэцэг багшийн хувьд пара-усан спортын тамирчидтайгаа Солонгос улсад тэмцээнд оролцож медальтай ирж байсан удаатай. Үүний адил тамирчдаа зохион байгуулалтад оруулан дэмжээд өгвөл олон улсын тавцанд ажиллах боломж бий. 

-Монгол хүн бөх, бокс ч юм уу тулааны төрлийн  спортод өндөр амжилт гаргадаг. Бие махбодид нь ч зохицдог гэдэг. Магадгүй, усан спортоор хичээллэхэд тохиромжгүй юм бол уу?
-Монгол хүн гэхээр л бүдүүн хадуун гэсэн ойлголт байж болохгүй. Ийм сэтгэлгээг задалж өгөх хэрэгтэй. Монголчуудын дотор олон янзын бие бялдрын хөгжилтэй хүн байна шүү дээ. Жишээлбэл, уран нугаралтаар бид дэлхийд гайхуулж байна. Тиймээс усан спортод монголчууд гологдохгүй. Ер нь, ямар ч зүйлд хурдан бас сайн дасан зохицдог чадвар нь монгол хүний генийн онцлог юм шиг. Харин ч өндөр амжилт гаргах бүрэн боломж байгаа гэж боддог.

-Зарим спорыг төрөөс дэмжин үндэсний шигшээ байгуулах зэргээр хөрөнгө санхүүг нь шийдээд өгчихдөг. Энэ төрлийн спортод ямар нэгэн тусламж дэмжлэг, хэрэгжүүлж буй бодлого шийдвэр гэж юу байна вэ?
-Манайд нэг ийм зүйл ажиглагддаг. Юу вэ гэхээр, түлхүү хөгжсөн, өндөр амжилт үзүүлэх боломжтой гэж үзэж зэрэглэх хандлага. Спорт л бол спорт. Зэрэг сайхан хөгжүүлдэг, зэрэг дэмждэг л болох хэрэгтэй. Бас эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай. Үүнийг бий болгох боломж хайх хэрэгтэй. Түүнээс гадаад, дотоодод тэмцээн уралдаан зохион байгуулах ёстой. Бүсийн, хотын аварга шалгаруулах , улсын аварга шалгаруулах тэмцээн гэх мэт. Ингэж өрсөлдөөн бий болгож, дараагаар нь шигшээ баг  байгуулах замаар ажиллавал  энэ спорт хөгжинө. Манай Усан спорт сургалтын төвд жилдээ нэг л удаа улсын аваргын тэмцээн зохион байгуулдаг. Гэхдээ цар хүрээ нь хэтэрхий хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл, улаанбаатарчуудын хэмжээнд. Эрдэнэт, Дарханаас цөөн хүн ирдэг. 

-Усан спорт хөгжихөд хөрөнгө мөнгө, материаллаг бааз чухал байх?
-Ер нь, аймаг, орон нутагт усан спортыг хөгжүүлье гэхэд усан сан барих шаардлагатай. Сүүлийн үед нэг ийм зүйл ажиглагдаад байна. Ямар нэгэн зүйл хийх гэхээр л тэрбум төгрөг хэрэг болдог, зарцуулдаг. Хий хөөсрүүлж мөнгө иддэг л арга. Үнэндээ зах зээлийн зарчмаар аймгуудад тендер зарлаад шийдчихмээр л байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан