Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын эцсийн найдлага тасраад...

Ягдаж, сандарч тэвдэн ядаж яваа хүнд сүүлчийн ганц найдлага гэж байдаг даа. Мөнгөгүй ядаж яваа хүнд бол “Тэр л нэг хэдэн төгрөг зээлүүлж магадгүй дээ” гэх жишээтэй.
Түүн лүгээ булхай луйвар хийж байж гэмээн төрийн эрхийг ээлж халаагүй 20-иод жил барьсан ч сүүлийн хэдэн сонгуульд ялагдаад аргаа барж явсан МАН-ын эрх баригчдын сүүлчийн найдлага нь тасраад амь тэмцэж байна.
Тэдний хувьд эрх мэдэл зөөлөн сандлаа алдаад зогсоогүй, төрийн толгойд луйвраар гарч, төрийн бүх шатанд өөрийн хүмүүсийг тавьчихаад дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байхдаа хийсэн булай бүхэн нь захаасаа илэрч ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байгаа.
Ийм үед МАН-ын эрх мэдэлтнүүдийн сүүлийн ганц найдлага нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч хамаагүй үнээр ялж, өөрийн гэсэн хүнээ төрийн толгойд гаргаж авах явдал байлаа. Ингэснээр эрх мэдэл, албан тушаалгүйгээр, төрийн мөнгө луйвардахгүйгээр амь зууж чадахаа больсон хар мянган хүн нь ажил албатай болж чадахгүй ч Цахиагийн Элбэгдоржийн эхлүүлсэн хууль, шүүхийн байгууллагад хийж байгаа шинэчлэлийг зогсооно гэж тэд тооцсон. Улмаар шүүхийн тогтолцоог өөрийн мэдэлд авч болно гэж бодож байлаа. Уг нь шүүх гэдэг хараат бус засаглал л даа, гэхдээ МАН-ынхан бол эрх мэдлийг энэ улсад зөвхөн нам, намын удирдлага хэдэн хүн, бид л  барина гэж боддогоороо бодож байгаа нь тэр.
Ингэж чадвал МАН-ын эрх баригчид, тун олон хүний хувьд ёстой тэнгэрийн умдаг атгасан лугаа юм болох байлаа. Юу гэвэл  тэдний эрх барьж байх үедээ улсын өмч хөрөнгөнөөс зувчуулсан, луйвардсан аймшигт хэрэг нь ээлж дараалан илэрч эхэлснийг зогсоож болно гэж тэд бодсон. МИАТ-ын “Дайны эрсдэл” нэрээр мөнгө угаасан хэрэг, БСШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийн 36 данс, эрхэм Ё.Отгонбаяр өөрөө хүнээс авлига нэхэж, зодож дарамталсан хэрэг, Газрын тосны газрын дарга Амарсайхан нарын “Дачин тамсаг”-аас 40 сая доллар гадаад руу гуйвуулсан, Татварын ерөнхий газрын удирдлагуудын хэрэг гээд олон хэргийг гацаанд оруулж улмаар цааш цаашдаа ийм олон хэргийг сөхөхгүй болгоход дархан аваргыг “нохойд барьдаг мод” болгож болох байсан.
Энэ олон хэрэг  бүгд бүлэг хэрэг. Монгол Улсад хууль ёс гэж байхгүй, бүхний дээр манай нам байгаа юм чинь гээд МАН-ын боловсон хүчнүүд хуулийн гадуур ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ энэ олон газарт ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ ийм шуналын хар шудамнууд болчихсон юм уу гэдэг асуулт байна.
Ё.Отгонбаяр, түүний эхнэр хоёр тийм улаан шуналтай болчихсон гадаад дотоодын өчнөөн олон банкинд сүлжээтэй юм уу. Ийм юм болоод байхад МАН-аас томилогдоод ажиллаж байсан хяналтын байгууллагууд нь хаана байсан юм. Бүр огт юу ч мэдэхгүй дүлий дүмбэ оргиод сууж байсан юм уу.
МИАТ-ынхан “Дайны эрсдэлийн даатгал” гээд мөнгө угаагаад л халгиж цалгиж байхад Төрийн өмчийн хороо бүр юу ч мэдээгүй байсан уу гэдэг асуулт байна. Мэдэж байжээ. Эрхэм Сугар дарга мэдэж, хувь хишиг хүртэж байсан нь хэдийнээ ил болсон.  
Тэгэхээр бүр цаана нь нам нь, энхрий хайрт МАН мэдэж байсан уу гэсэн асуулт бас гарч ирж байна.
Магадгүй мэдэж байсан байх. Энэ их мөнгө нэг байгууллагад ажилладаг хэсэг бүлэг хүний нэрээр урсч гардаг, өөр өөр газраар дамждаг, буцаад нэг газар луу цутгадаг. Төрийн, ард түмний мөнгөнөөс анх хутгаж авсан хэсэг хүн яахав, зохих хувиа авна, дээр нь албан тушаал, алдар цолоор шагнуулна.
Харин ихэнх мөнгө нь МАН-д цутгаж ороод, эргээд ард түмэн биднийхээ эсрэг ашиглагддаг байсан юм биш биз. Хамгийн наад зах нь сонгуулийг будлиантуулах, санал авахын тулд ард иргэдэд тараадаг тэр их хөрөнгө эндээс урсан гардаг байсан юм биш биз.
ЗХУ-д өөрчлөн байгуулалт эрч хүчээ авч, 70, 80 жил төрийн эрх барьж байсан Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын булай булхай илэрч, гадаад орнуудад байршуулж, эргэлдүүлж байсан мөнгө, энд тэндэхийн зэвсэгт бүлэглэлүүдийг санхүүжүүлж байсан зэрэг нь илрэхийн цагт юу болж байлаа. Энэ намын Төв хорооны олон албан тушаалтан, түүний дотор санхүү  хариуцсан хүмүүс нь “өөрийн сайн дураараа амиа хорлож” байсан. Цонхоор үсэрч, өөрийгөө буудаж.....Чухам өөрөө амиа хорлосон уу, өөр нэгэн хороосон уу.....гэдэг нь бас тодорхойгүй.

Яг үүн шиг л та бидний мөнгийг МАН хэрхэн үрэн таран хийж, Монголын ард түмний эсрэг ажиллаж байсан нь илрэх гээд амь тэмцэж байхад эцсийн найдлага нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудлыг өмчилж авах явдал байлаа.
Тийм дээ ч, нэгд бөхөд хайртай ард түмний толгойг эргүүлж байгаад ялчихаж болно гэж, нөгөө талаас явчихлвал иш мухаргүй, хуучин коммунист Ө.Энхтүвшингээс хамаагүй чих зөөлөн гэж хөөрхий Б.Бат-Эрдэнэ дархан аваргыг нэр дэвшүүлсэн нь тэр.
Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол нам бус албан тушаал л даа. Гэхдээ сонгуульд ялсан бол МАН-д, энэ намын эрх баригчдад бол хамаагүй л дээ. “Бид, манай нам өөрийг чинь энэ албан тушаалд гаргаа биз дээ” гээд л Ө.Энхтүвшин нь Б.Бат-Эрдэнийг дуудаад байна. Ө.Энхтүвшин чинь “Хуулийн нэг муу ганц өгүүлбэрээс болоод бүхэл бүтэн намыг бүлэггүй байлгаж байна” гэж ярьдаг хүн.
УИХ-ын сонгуульд ялагдаж, хууль тогтоох байгууллагад цөөнх болчихоод байхдаа ингэж ярьдаг хүн чинь намаас нь нэр дэвшүүлсэн хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болчихвол бүр сүүлээ сэрвээн дээрээ тавьчихаад ёстой хуульгүй загнана  л даа. Тэгээд энэ намын улаан луйварчин авлигачид ард түмний  хайртай бөх, дархан аваргаар минь тоглож, амин хувьдаа ашиглаж, нэр төрийг нь баллах байлаа.
Чухамдаа МАН эрх барьж байхдаа энэ Монгол Улсын хуулийг ёстой уландаа гишгиж явсны үр нь одоо гарч энэ олон хүн эрх мэдэл албан тушаал руу биш, шорон руу явахад хүрчихээд байгаа нь энэ. Цаашид ч энэ цуваа тасрахгүй үргэлжилнэ.

Одоо нэгэнт өөрийн хүнийг Ерөнхийлөгч болгож энэ бүхнийг тасалж чадахгүй болох нь тодорхой болсон болохоор тэдний хийж чадах, хэзээний сурсан ганц л арга байгаа, үүнийгээ ч бүхий л талаар ашиглахаар ярьж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Биднээс, ард олноос, төрөөс луйвардсан энэ их мөнгөөрөө хууль шүүхийн байгууллага, албан тушаалтныг хахуульдах гэж л тооцож байгаа. Ядаж байхад яр гэгчээр хоёрдугаар ээлж хоолонд орох гээд дотроос нь хатгаад эхэллээ. Одоо энэ “Шинэчилье” гээд байгаа залуучуудын хувьд олон жил үүд хавиар эргэлдэж, гар хөлийн үзүүрт нь гүйж, хамаг л мөнгө төгрөгөө дарга нартаа зулгуйдан өгч өнгөрсөн 2012 оны сонгуулиар сайд, агентлагийн дарга гээд гайгүй юм горьдож байсан ч амаараа шороо үмхсэн болохоор ямар ч байсан нам дотроо эрх мэдэл авч хоолонд орохгүй бол болохгүй байгаа л даа. Ер нь ийм жишгийг өнөөгийн намын дарга Ө.Энхтүвшин нь өөрөө заагаад өгсөн юм чинь. Албан тушаалгүй хоцрохоороо “Шинэчлэл” гэж хашгирч байгаад нэг албан тушаалд очдогийг тэр өөрөө жишгүүр байгуулж хашгирч байгаад Боловсролын сайд болж байсан нь залуучуудад сургамж болж байгаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар ч мөн л Монголын Ардчилсан социалист залуучуудын холбоо гэдэг хийрхсэн байгууллагаар дамжиж дарга нарынхаа өлмий өсгийг долоож явж хоолонд хүрч байсан.
МАН-ын Залуучуудын байгууллага гэдэг энэ холбоо дарга нартаа зулгуйдан төр, ард түмнээс луйвардаж олсон мөнгөө тэдэнд цутгаж байгаад хэн их мөнгө өгсөн нь долдугаар анги төгссөн ч байсан хамаагүй албан тушаалд хүрдэг ийм л нэг байгууллага. Хадгаламж зээлийн хоршооны луйврын хэрэг ид мандаж байхад тэр үеийн Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбооны удирдлагууд болох Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар хэвлэлийн хурал хийлгэв. Тэд “Манай холбооны удирдлагуудыг мөнгө луйвардсан гэж хэвлэлээр бичиж байна. Бид одоохондоо залуу байна, мөнө идэж амжаагүй байна” гэж байсан билээ. Энэ бол зургаан жилийн өмнөх явдал. Одоо бол тэд идэж ууж амжсан байх л даа. Одоо тэр нь илрэх гээд, дээр нь дороос нь залуучууд хатгаад хэцүү л байна даа.  

Ийнхүү муу дээр муухай, мухай дээр улцан гэгчээр МАН гэдэг улс төрийн энэ байгууллагын явах зам улам л мухардаж байна даа.
Гэхдээ л энэ улс оронд гарч байга өөрчлөлт, хийж бүтээж байгаа зүйлүүдийг хараад “Нээрээ бид ингээд хийж байх минь яалаа. Хийе гэж бодоод ажилласан бол болдог л юм байна” гэж бодохоосоо илүүтэй энэ намын эрх баригчид “Яаж нэг дахиад эрх мэдэлд хүрэх билээ. Энэ төр ч овоо л мөнгөтэй болж байна даа. Гарын үсэг зурах эрх нь надад байсан болоосой” гэж бодож дотроо шатаж явах юм даа. Тэр нь алхам тутамд л ил гараад болох биш.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Ах намынхан хээл хахиулыг эхлүүлсэн, Энхбаяр эцэг шүү дээ.МАН-ыг татан буулгаж буулгаж байж л улс орон амрана.
МАН-ынхан албан тушаалд мөнгөөр очно, очсон хойноо шархаа нөёхөх гэж улсын мөнгө хусна.Ер нь татан буулгавал таарна.
Хамгийн их уншсан