Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Манделаг үхлүүт байх хойгуур гэр бүлийнхэн нь хоорондоо тэмцэлдэж байна

Өмнөд Африкийн домогт удирдагч Нельсон Мандела магадгүй амьдралынх нь сүүлчийн өдрүүд ч байж мэдэх хүнд өдрүүдийг эмнэлэгийн орон дээр ухаангүй өнгөрүүлж байгаа энэ үед түүний ач зээ, ах дүү нар нэгнийхээ дээр гарах гэж хоорондоо хагаралдан тэмцэлдэж байна.  
Өнгөрсөн сарын эхээр эмнэлэгт хүргэгдэн ирснээс хойш биеийн байдал нь маш хүнд байгаа Н.Манделаг огт ухаангүй, комд орсон, зөвхөн тоног төхөөрөмжийн хүчээр амьдарч байгаа хэмээн хэвлэлүүд бичиж байгаа. Тийм ч учраас нас дээр гарсан түүнийг удаан барьж, биеийг нь зовоолгүй явуулах хэрэгтэй гэж эмч нар нь зөвлөсөн ч гэлцэж байна. Үнэхээр ч Н.Манделагийн бие цаашид тэсэхээргүй болсон бололтой. Түүнийг хаана хөдөөлүүлэх талаар гэр бүлийнхэн нь санал зөрөлдөж, бүр шүүх цагдаадаа тулаад байна. Н.Манделагийн ач хүү, түүний өв залгамжлагч Мандла Мандела өвөөгөө өөрийн босгосон Мвезо дахь Манделагийн дурсгалын цогцолборт хүүхдүүдийнх нь шарилын дэргэд оршуулах хүсэлтэй байсан боловч саяхан шүүхийн шийдвэр гарч Мвезо дахь Манделагийн хүүхдүүдийн шарилыг хөндөж, Куну хэмээх газарт оршуулахаар болсон байна.


Н.Манделагийн ач, өв залгамжлагч Мандла Мандела
 
Куну бол Н.Манделагийн өссөн газар бөгөөд талийгч хүүхдүүдийнх нь шарилыг анх тэнд хөдөөлүүлж байжээ. Гэвч ач хүү Мандла нь Мвезо хэмээх Н.Манделагийн төрсөн газарт  өвөөдөө зориулж дурсгалын цогцолбор бариад гурван шарилыг тийш дур мэдэн шилжүүлсэн юм байна. Энэ нь Н.Манделагийн гэр бүлийн бусад гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, тэд шүүхэд хандсанаар шарилыг буцааж, анх оршуулсан газар нь тавих ёстой гэсэн шийдвэр гарчээ.
Ийнхүү Н.Манделагийн эрт үед хорвоог орхисон гурван хүүхдийн шарилыг нааш цааш хэдэнтээ зөөсөн нь явж явж Н.Манделаг нас эцэслэхэд хаана оршуулах вэ гэдгээс л үүдсэн маргаан болж байгаа юм. Н.Манделагийн хууль ёсны өв залгамжлагчийн хувьд Мандла өвөөгөө Мвезо буюу төрсөн газар нь хөдөөлүүлэхийг хүсч байгаа бол гэр бүлийнх нь бусад гишүүд өссөн газар болох Кунуд л оршуулах ёстой гэж зүтгэж байгаа аж.

Манделагийн хүүхдүүдийн шарилыг зөөж байгаа нь

Н.Мандела гурван хүнтэй ханилж, зургаан хүүхэдтэй болсноос гурав нь олон жилийн өмнө нас  барсан юм. Түүний нялх охин 1948 онд, Темби хэмээх бага насны хүү нь 1969 онд машины ослоор, Макгато хэмээх том хүү нь/Мандлагийн аав/ нас барсныг ийнхүү нэг дор оршуулаад байжээ.
Ямартай ч, одоохондоо шүүхийн шийдвэр нэгэнт гарчихсан учир хүүхдүүдийнх нь шарилыг дахин хөндөхгүй бололтой. Харин Н.Манделагийн тухайд хэрхэхийг тэд одоо хүртэл зөвшилцөж чадаагүй учраас энэ асуулт нэг хэсэгтээ хойш тавигдах биз ээ.


Гэвч Н.Манделагийн гэр бүлийн ээдрээтэй маргаан үүгээр дуусахгүй. Мандла Мандела саяхан хэвлэлийн хурал зарлаж, олныг цочирдуулсан мэдэгдэл хийсэн нь түүний өөрийнх нь гэр бүлийн тухай байв. Тэрээр нэг хүүхэдтэй боловч хүүхэд нь өөрийнх нь биш, ахынх нь үр удам гэж тэрээр мэдэгджээ. Тэрээр өөрийнхөө төрсөн  ахыг хүүхдийнхээ эцэг, учир нь би хүүхэдтэй болох боломжгүй гэж ярьсан байна.  Мандла гэр бүл нэртэй энэ хэсэг хүмүүс дэлхийд данстай өвөг эцгийнх нь нэр хүндийг худалдаж идэхийн тулд улайран зүтгэж, түүний нэрэмжит хандивын санг удирдах эрхийн төлөө юу ч хийхээс буцахгүй хэмээн өгүүлжээ.
Гэвч чухам түүний ярьсан нь үнэний ортой юу эсвэл түүний эсрэг зогсч байгаа гэр бүлийнх нь зөв үү гэдэг эцэст нь цаг хугацааны шалгуураар л харагдах биз ээ.

Б.Сэвжидмаа



0 Сэтгэгдэл
tiim ym aa
шившигтэй юм. хичнээн мундаг хүн ч хүүхдээ зөв хүмүүжүүлж чадахгүй бол хүүхэд нохойн доог болох юмаа
Хамгийн их уншсан