Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Туяа: Усанд осолдсон дуудлага өдөр бүр хоёроос гурав ирж байна

Өнгөрсөн  сарын сүүлчээр их хэмжээний бороо орж үер, усны гамшиг дагуулсан. Хэдийгээр ойрын өдрүүдэд цаг агаар халуун байгаа ч гол, усны түвшин үерийн хэмжээнд байгаа учир осолдох явдал цөөнгүй гарч байна. Зургадугаар сарын эхээс хойш 12 аймгийн 18 суманд 24 удаа, нийслэлийн дөрвөн дүүрэгт есөн удаагийн золгүй явдал гарч, улсын хэмжээнд 38 хүн усанд осолдож, амь эрсдээд байна. Үүнээс долоо нь бага насны хүүхэд байсан гэсэн харамсалтай мэдээ байна. Онцгой байдлын ерөнхий газарт хүн усанд осолдсон дуудлага тасрахгүй ирж байгаа тухай албаны хүн мэдээлж байна.
Улсын хэмжээнд усны түвшин дээшилж, үерийн хэмжээнд хүрсэн гол, мөрөн олон. Цаг уурын урьдчилсан төлөвөөр энэ сард олон жилийн дунджаас дулаарч үе, үе дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Тиймээс улсын онцгой комисс аймаг, дүүргүүдийн засаг дарга нарт албан даалгавар хүргүүлжээ. Уг албан даалгавар нь үер усны аюулаас иргэдийг урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж эрсдэлтэй газруудад тэмдэглэгээ тавих, үерийн даланг цэвэрлэж чөлөөтэй болгох, шаардлагатай айлуудыг нүүлгэн шилжүүлэх, иргэдэд анхааруулга сэрэмжлүүлэг өгөхөд чиглэсэн таван цогц зөвлөмжийг тусгажээ.
Бид энэхүү мэдээлэлтэй холбогдуулан улсын хэмжээнд үер усны аюул ямар түвшинд байгаа талаар ОБЕГ-ын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Туяатай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм

-Ойрын хэдэн жилд хур бороо ихтэй байлаа. Үүний дагаад үер усны аюул их тохиож байна. Энэ жил ч байдал хүндхэн байх шиг?

-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хүчтэй салхи шуурга болох, гэнэтийн их хэмжээний усархаг бороо орсноос голуудын усны түвшин эрс нэмэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор жил бүр Улсын онцгой комиссоос ажил зохион байгуулдаг. Зургадугаар сар гарсаар баруун болон төвийн аймгуудын нутгаар нэлээд их хэмжээний усархаг бороо орсон. Үүнээс улбаалан үерийн аюултай газар суурьшсан иргэд үерт өртөж амь насаа алдах тохиолдол их гарлаа. Түүнчлэн иргэдийн санамсар, болгоомжгүйгээс усанд осолдож амь алдах тохиолдол их гарч байна. Ялангуяа залуучууд аялал зугаалгад явахдаа архи дарс хэрэглэж, халууцсан үедаа сэрүүцэх зорилгоор усанд орж амь насаа алдсан тохиолдол их гардаг. Мөн асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас бага насны хүүхдүүд усанд унаж осолдох байдал нэлээд гарч байна. Энэ зун гарсаар 38 хүн ийм тохиолдлоор амь насаа алдсан. Үүний долоо 1-11 насны хүүхэд байна.
-Үүний эсрэг сэрэмжлүүлэх ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манайх бол Хүүхдийн төлөө газар болон бусад холбогдох газруудтай хамтарч сэрэмжлүүлэх ажил явуулж байна. Дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэд олон нийтэд хандсан мэдээ, мэдээлэл хүргэж байгаа. Дийлэнх тохиолдол нь иргэд өөрсдөө сонор сэрэмж алдсанаас болж гарсан байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна. Ялангуяа үер буух үед ус гадас зоох, тогоо хөмөрч ус задгайлах аргыг хэрэглэх, суваг шуудуу татах уламжлалт аргуудыг огт хэрэглэхгүй байна. Бороо их орсноос болж суваг шуудуу амархан нурдаг. Түүнийгээ эргэж сэргээдгүйн улмаас гэр орон усанд автдаг. Тийм учраас Улаанбаатар хот дахь Онцгой байдлын хэлтсүүд маань цагдаагийн байгууллагатай хамтарч Туул голын сав дагуу эргүүл томилон ажиллуулж байгаа. Гэхдээ айл болгонд хүрч очиход хэцүү. Тиймээс иргэд маань өөрсдөө сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Улаанбаатар хотод ялангуяа Туул голын орчимд амь насаа алдсан тохиолдол их гарч байна.
-Одоогийн байдлаар ямар гол мөрөн үерийн аюултай байна вэ?
-Цаг уурын байгууллагаас манайд ирүүлсэн мэдээгээр Алтайн нуруунаас эхтэй Ховд гол их хэмжээний үертэй. Хянганы нуруунаас эхтэй Халх гол, Увс нуур, Хархираа, Түргэний голууд, Хэнтийн нуруунаас эхтэй Туул гол, Хэрлэн голын усны түвшин их хэмжээгээр нэмэгдсэн. Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сум, нийслэлийн Багануур дүүрэг орчимд усны түвшин их байна. Тиймээс эдгээр голын сав дагуу нутагласан айл, өрхийг нүүж суурьшихыг зөвлөж байна.
-Ойрын өдрүүдэд их халж, хүмүүс сэрүүцэх зорилгоор гол бараадаж байна. Улаанбаатар хотод усны түвшин ямар байгаа бол?
-Ойрын өдрүүдэд их халж байгаа ч гэсэн цаашдаа өдөртөө их халах боловч гэнэтийн усархаг бороо их орох төлөвтэй байна. Тиймээс усны түвшин дахиад нэмэгдэнэ. Дээр нь Улаанбаатар хотын Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт усанд осолдсон тохиолдол их гарч байна. Өчигдөр (3-ны өдөр) Налайх дүүрэгт 52 настай, 14 настай хоёр хүн усанд амь насаа алдлаа. Булган аймагт өчигдөр мөн хоёр хүн амь насаа алдлаа. Ер нь өдөртөө хоёроос гурван дуудлага ирж байна. Манай хүүхэд багачуудад усанд сэлэх, биеэ хамгаалах мэдлэг олгодоггүй. Усны осол маш богино хугацаанд болдог учир хурдан аврах боломж муу байдаг. Дуудлага аваад очих хооронд урсаад явчихдаг. Гэхдээ аль болох урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байна. Эрсдэл ихтэй газруудад тэмдэглэгээ тавьсан байгаа. Гэтэл тэр тэмдгийг маань аваад хаячихдаг. Цаашлаад завьтай эргүүл хийх зэрэг арга хэмжээ авна.
-Улсын онцгой комиссоос аймгуудын Засаг дарга нарт үер усны аюулаас сэргийлэх албан даалгавар хүргүүлсэн. Ямар агуулгатай, юуны учир өгсөн даалгавар вэ?
-Улсын онцгой комиссын 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 03 тоот албан даалгаврын ажлыг эрчимжүүл гэсэн үүрэг өгч байгаа юм. Энэ тушаалын хүрээнд холбогдох байгууллагуудтайн хамтарч эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, сургуулийн хүүхдүүдийн амралт тохиож байгаа учир хараа хяналтыг сайжруулах ажлыг эрчимжүүлнэ үү гэсэн албан бичгийг аймаг, нийслэлийн засаг дарга нарт хүргэж байна. Хот суурин газарт үе далан барилгын хогоор дүүрсэн байдаг. Үүнийг цэвэрлэх, ус чөлөөтэй нэвтрэх боломжоор хангах ажил бий. Ер нь хавар зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй зарим газар байна.

Ц.Элбэгсайхан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан