Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наадмын нээлтийн тасалбар авахаар гурав хоног оочирлож байна

Үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Гэтэл ердөө 12 мянган хүний суудалтай цэнгэлдэхийн тасалбарыг борлуулах ажлыг зөв зохион байгуулаагүйн улмаас баярлах гэсэн хүмүүс гурав дөрвөн хоног хонон өнжин оочирлож, бөөн уур бухимдал болж байж сая нэг тасалбар олж авч байна.
Жилийн жилд л билет зарж байгаа газрын гадаа уртаас урт дараалал үүсч, наадамлах гэсэн зон олон хоорондоо маргалдаж, эмх замбараагүй байдал үүсгэдэг. Энэ жил ч энэ дүр зураг давтагдлаа. Наадмын тасалбарыг борлуулж буй Соёлын төв өргөө, Бөхийн өргөө, Нийслэлийн аялал жуулчлалын газар бухимдсан олны хөлд дарагджээ.
Бөхийн өргөөнд гэхэд өргөөгөө бараг бүтэн тойрсон хүмүүс дараалалд зогсч, тасалбар авах ээлжээ хүлээж байгаа бол Соёлын төв өргөөний гадна оочир дугаар манатай бужигнасан олон касс руу байн байн дайрч, нэгнээсээ урьтах гэж улайрна. Ийм байдалтай Соёлын төв өргөөний гадна гурав дахь өдрөө өнжиж буй гэх  залуутай цөөн хором ярилцлаа.


- Энд хэзээнээс эхлэж оочирлов?

- Бараг гурав хонож байна. Урд дараалалд зогсч байсан хүмүүс энд ч оочир авчихсан байсан, таньдаг мэддэг хүн нь байна гээд л урдуур орсоор байгаад өнөөдөр л нэг юм дөрвөн билет олж авлаа.   
 - Энд хүмүүс ер нь хэдэн цагаас эхэлж оочирлож байна. Касс нь цагтаа онгойж байна уу?
- Шөнийн 12 цагаас эхлээд л хүмүүс оочирлохоор ирж байна. Касс нь 10 цагаас онгойно гэчихээд бараг 11 болж байхад онгойно. Тэгээд орой эрт хаана. Эхний өдөр дугаар тарааж байснаа сүүлдээ тэр нь хүчингүй болсон. Өдөржингөө очирлоод буцаад л явна, ирэхэд бөөн хүмүүс урд орчихсон байдаг. Сүүлдээ бүр эндээс явалгүй өдөржин, шөнөжин оочирлодог болсон. Тэгэж байж билет олж авлаа. Зохион байгуулалт үнэхээр муу байна.

Тасалбарт дугаарлаж байгаа иргэд иймэрхүү зүйл ярьж байгаа бол албаныхан ингэж ярьж байна. НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний тасгийн дарга Х.Гантулгыг Бөхийн өргөөний билетийн касс дээр ажиллаж байхад нь цөөн асуултад хариулт авсан юм. 


- Хэдэн билет худалдахаар төлөвлөсөн бэ. Өнөөдөр хэдийг нь борлуулаад байна вэ?
- Нийслэл маань сая гаруй хүн амтай, харин цэнгэлдэх хүрээлэн 12000 хүний суудалтай. Тийм учраас 12000 тасалбар гаргасан. Хөдөө орон нутгаас иргэд ирж байгааг тооцвол үндсэндээ 20 хүний дунд нэг тасалбар оногдож байгаа. Үүнээс үүдэн оочир дарааллын хувьд маш их ачаалалтай байна. Өнөөдрийн хувьд мянга гаруй билет зараад байна.
- Тасалбарыг цааш дамлахаас яаж сэргийлж байгаа вэ. Нэг хүний тасалбар авах норм гэж тогтоосон уу?
-Өчигдөр, уржигдар нэг хүнд дөрвөөс дээш билет зарахгүй байсан бол өнөөдрөөс аль болох олон хүнд хүртээхийн тулд нэг хүнд хоёроос илүүг зарахгүй байна. Гэхдээ энэ олон хүн дунд өөрийн 5, 10 хүнээ дагуулаад ирэхэд та дамын наймаачин байна гэж таних боломжгүй учраас дарааллынх нь дагуу өгөхөөс өөр аргагүй.
- Тасалбарыг энэ сарын 6-наас эхэлж худалдаална гэж байсан. Яагаад хугацааг нь хойшлуулсан юм бэ?
-Тэр бол баяр наадмын зохион байгуулах комисоос гаргасан шийдвэр.
- Билетийн касс цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа юу. Цагтаа онгойхгүй байна гэсэн гомдол их байна?
- Өглөө 8:00 цагаас эхлээд бэлтгэл ажлаа хийгээд, 10:00 цагаас онгойж байна.
- Билет дуусах дөхөж байгаа болов уу. 24000, 20000-ын тасалбар нь зарагдаад дуусчихсан байна гэж иргэд ярьж байна?
-Билет дуусах болоогүй. 11,12,13-ны нээлт, хаалтын билет нэг багц болоод зарагдаж байгаа. Багц билет нь 24000, 20000, 16000 гэсэн гурван өөр үнэтэй байгаа. Эхний хүмүүс дандаа багцын билет авсан учраас 24000, 20000-ын билет дуусаад одоо 16000-ынх л үлдсэн байна.


Бөхийн өргөөний гадаа хэв журам тогтоож байсан цагдаагаас тодруулга авлаа.

- Хүмүүс хэдэн цагаас оочирлож байна вэ, цагдаа нар байнга хяналт тавьж байгаа юу?
- Билет зарагдаж эхэлсэн өдрөөс хойш цагдаа нар 48 цаг амралтгүй ажиллаж байна. Маргааш гэхэд билет дуусахгүй бол сунаж ажиллах болно. Иргэд касс хаагдахад яваад шөнө нэг, хоёр цаг гээд буцаад цуглана даа.
- Соёлын төв өргөөг бодвол энд байдал харьцангуй тайван, эмх замбараатай байна. Энд хэдэн цагдаагийн албан хаагч ажиллаж байгаа вэ?
-  Баянзүрх дүүргийн Хэв журмын хэлтсээс 30 гаруй албан хаагч иргэдийг эгнээ дарааллаар нь зогсоож, оочрынх нь дагуу оруулж, тулгалт хийж, хяналт тавин ажиллаж байна.

Ж.Балжинням

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан