Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.ТҮВШИНТӨГС: ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ОРЧИМД МАШИН ТАВИУЛАХГҮЙ

Их Монгол Улс байгуулагдсаны 807, Тулгар төрийн 2222 жилийн ойн их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд маргааш ёслол төгөлдөр нээгдэх гэж байна. Энэ жилээс наадамчин олны аюулгүй байдал, ая тухыг бодолцон Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын 100 метрээс дотогш иргэдийг хувийн тээврийн хэрэгслээр нэвтрүүлэхгүй байхаар болсон. Түүнчлэн Баяр наадмын нээлт болоод, бөх, сур, шагайн харваагаа үзэж баясахаар Цэнгэлдэх хүрээлэнг зорих иргэдэд хүндрэл учруулахгүй байх үүднээс тодорхой цэгүүдээс үнэгүй автобус үйлчлэхээр болсон байна. Мөн наадмын өдрүүдэд усархаг, дуу цахилгаантай бороо орно гэсэн мэдээг УЦУОШГ-аас ирүүлж байгаа. Тиймээс Баяр наадмын үйл ажиллагааг тасалдалгүй зохион байгуулж, хэв журмыг сахиулах, гэнэтийн гамшиг ослоос сэргийлэх үүднээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргаж холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Энэ тухай мэдээллийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгстэй ярилцаж тодруулсан юм.

-Наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах Засаг даргын захирамж гарсан гэсэн?

-Нийслэлийн Засаг даргын А 648 тоот захирамжийн дагуу энэ жилээс эхлэн наадамчин олны аюулгүй байдлыг хангах үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд 100 метрийн дотор тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байхаар болсон. Үүнтэй холбогдуулан Дүнжингарав, Мишээл экспо худалдааны төвийн авто зогсоолд наадамчид машинаа тавиад Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобусаар очих юм.  5-8 минутын зайтай үйлчлэх эл автобус нь үнэ төлбөргүй иргэдэд үйлчилнэ. Түүнчлэн Цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын 12-нд усархаг бороо орно гэж мэдээлсэн. Тиймээс НОБГ болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах бол “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчмыг найдвартай эрчим хүчээр хангах үүрэг хүлээж байна. Түүнчлэн 11-ний үдэш наадамчдад зориулсан цэнгүүн болох учраас нийгмийн хэв журмыг сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, худалдаа үйлчилгээний эрүүл ахуйд хяналт тавихыг НМХГ, НЦГ-т үүрэг болгосон.
-Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төв хэдэн машины зогсоолтой юм бэ?
-Зөвхөн энэ хоёр худалдааны төвөөс гадна “Суруга Монгол”, “Хурд” хорооллын өмнө том талбай бий. Тэнд ойролцоогоор 2000 машин тавина гэж тооцож байна. Замын ард талд нь барилга барихаар хашаажсан газрын талбайд 3000-аад машин тавина гэж тооцсон. Энэ мэт ойр орчмын талбайг чөлөөлж машин тавихад бэлтгэж байна.
-Өмнөх жилүүдэд Цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт машины зогсоол олддоггүйгээс ойр орчмын замын ачааллыг нэмэгдүүлдэг байсан. Дээрх газарт ийм байдал үүсчихгүй байгаа?
-Хүй долоон худгийн хувьд өмнө нь албан ёсны машины зогсоол гэж байгаагүй. Энэ жил 7000 авто машины зогсоол байгуулахаас 5000 орчим нь наадмаас өмнө ашиглалтад орно. Дашрамд, энэ жил Хүй долоон худагт очих 8,5 км хоёр урсгалтай замыг шинээр ашиглалтад оруулсан. Мөн 108 автобусны зогсоолтой болж байгаа.
-Цагдаа хүчний байгууллагын хувьд наадмаар яаж ажиллах вэ?
-Мэдээж хэрэг, Замын цагдаагийн хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Цэргийнхний хувьд урьдынх шиг морь барианы газарт хүч нэмж ажиллана.

Т.Баяр

0 Сэтгэгдэл
МАНАЙ ГЭР ЦЭНГЭЛДЭХИЙН ДЭРГЭД БИД МАШИНАА ХААНА ТАВИХ ВЭ ХӨ
МАНАЙ ГЭР ЦЭНГЭЛДЭХИЙН ДЭРГЭД БИД МАШИНАА ХААНА ТАВИХ ВЭ ХӨ
МАНАЙ ГЭР ЦЭНГЭЛДЭХИЙН ДЭРГЭД БИД МАШИНАА ХААНА ТАВИХ ВЭ ХӨ
Хамгийн их уншсан