Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жуулчилж яваад алуулж мэдэх цорын ганц газар бол Панмунжом

Өмнөд Солонгосын нийслэл Сөүлээс умар зүгт 55 км зайтай орших Панмунжом тосгон бол  Умард, Өмнөд хоёр улсын  хил дээрх хүлээн зөвшөөрөгдсөн бүс. Энд 1953 онд хоёр орны энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Гэхдээ хоёр тал энх тайванд бүрэн хүрээгүй, өнөө хүртэл дайны байдалд байсаар, дайсагнасан хоёр талын дундах  дөрвөн км өргөнтэй энэ бүсийг нэг сая гаруй хүн хамгаалсаар байгаа. Панмунжом бол ийшээ зорчих гэж байгаа хүмүүс “Дайсагнасан ажиллагааны явцад амь үрэгдэх, шархдахад өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ” хэмээн гарын үсэг зурж баталгаа өгч очдог манай гаригийн цорын ганц газар.Энэ тосгоноос зүүн зүгт нэг км газарт хоёр тал яриа хэлэлцээр хийдэг тусгай газар бий. Бусад ихэнх цагт хоёр талын цэргүүд хилийн хоёр талаас өөд өөдөөсөө харж зогсдог.
1976 онд “Сүхээр цавчсан халдлага” гарснаас хойш цэргүүдийг тогтоосон бүсийг давах, дайсны талд нэвтрэхийг хориглодог. Тэгэхэд америкийн хоёр цэрэг зүгээр л мод цавчих гэснийх нь төлөө умард солонгосын цэрэг сүхээр цавчиж алсан билээ.

Энэ бол жуулчдын хувьд хамгийн сонирхолтой атлаа хамгийн аюултай газар юм. Жил бүр энд манай дэлхий дээрх хүйтэн дайны хамгийн сүүлийн голомтыг үзэх гэж мянга мянган жуулчин ирдэг.  
62 км үргэлжлэх энэ замаар явж хилийн энэ цэгт хүрдэг. Эрх чөлөөний зам гэдэг энэ зам бол дайн эхэлсэн тохиолдолд танкууд хамгийн богино хугацаанд хил дээр очих зам. Дайн эхэлбэл цагийн байдлыг харж үнэлэх цамхаг зуун метр тутамд бий.

Замын дэргэдэх толгод дээр пулемёт, гүүрүүд дээр хэзээ ч дэлбэлж, зам хаахад бэлэн том том бетонон блокууд байгаа.
Панмунжомын байгууламж гэвэл хоёр талын хааяа нэг уулздаг нэг давхар цэнхэр байшин. Энэ байшин дотор яг хилийн шугаман дээр байрласан, ногоон бүтээлэгтэй ширээ бол хоёр талын яриа хэлэлцэрийн ширээ. Ширээний яг голд байрлуулсан микрофоны кабель бол хилийн шугамыг тодорхойлдог.
Жуулчид энэ байшинд орох үеэр НҮБ-ын Энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүний америкийн дөрвөн цэрэг дээвэр дээр зогсч, умард солонгосын цэргүүд цонхоор дотогш харж зогсоно.

Жуулчдад цэргүүд рүү харах, тэдий зүг дургүйцлээ илэрхийлэхийг хориглодог. Яагаад гэвэл тэдэнд таалагдахгүй зэвүүг нь хүргэж мэднэ. Цэнхэр жинс, шорт зэрэг өдөөн хатгасан хувцас өмсөхгүй байхыг урьдчилан анхааруулдаг.
“Өмнөд Солонгост ажлаар ч бай, амралтаар ч бай очиж байгаа хүн заавал очиж үзэх ёстой газар бол энэ байж мэдэх юм. Жуулчдын автобусаар очиж болох хамгийн сонин, хачирхалтай газар бол энэ” гэж сэтгүүлч Кевин Салливан хэлж байна.

0 Сэтгэгдэл
очиж үзмээр санагдчихлаа
Хамгийн их уншсан