Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАШУУНСУХАЙТЫГ ЧИГЛЭСЭН ТООС БА ОЮУ ТОЛГОЙН ХУВЬ НЭМЭР

Оюу толгойн зэсийн баяжмалын экспорт хоёр удаа хойшилсоны эцэст хил даваад удаагүй байна. Гэвч дахин шинэ маргаан дэгдлээ. Орон нутгийн иргэд болон Монголын байгаль орчны зөвлөлийнхөн ачаа тээврийн зориулалтын зам тавихыг шаардаж эхлэв. Учир нь нутгийн малчин ардууд тус компани зэсийн баяжмалаа тасралтгүй зөөгөөд ирэхээр  хүнд даацын олон авто машины тоос босч байгаль орчин, бэлчээр сүйтгэж хүн, мал, амьтны эрүүл мэндэд хохирол учруулна хэмээн болгоомжилж байна. Энэ талаар “Оюу толгойн хяналт” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Сүхгэрэл “Ханбогд сумын иргэд, уурхайн нөлөөлөлд өртсөн малчид Оюу толгойн зөрчлийн талаар  Олон улсын санхүүгийн корпорац, хөрөнгө оруулагч банкуудад  гомдол гаргасан. Ингээд энэ сарын  6-ны өдөр “Рио Тинто”, Оюу толгойн төлөөлөлтэй анх удаа хэлцэл хийсэн юм. Үүнд бэлчээр талхлагдаж малчид амьжиргаагүй болж байгаа асуудлаа танилцуулж тодорхой шаардлага тавьсан. Энэ шаардлагын нэг нь шороон замаар зэсийн баяжмал  тээвэрлүүлэхгүй байх.
Үүнийг бид эрс эсэргүүцнэ. Таван толгойн  уурхайгаас нүүрс зөөдөг замтай адил шороо тоос босно” гэдгээ илэрхийлсэн  гэлээ.
Тэрээр цааш нь “Рио Тинто”-гоос  энэ шаардлагын хариуд “Техникийн шаардлага хангасан зам ирэх есдүгээр сард ашиглалтад орно. Танай Засгийн газрын байгууллага зөвшөөрлөө өгөхгүйгээс ийм удааширсан байдалд ороод байна. Бид баяжмалаа зөөх зайлшгүй шаардлагатай. Өдөрт хүнд даацын 100 авто машинаар хоёр сар л зөөнө. Нүүрсний зам шиг тийм ачаалал үүсгэхгүй” гэж тайлбарласан хэмээв.  
Гэвч иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид зэсийн баяжмал бол нүүрснээс илүү хүнд тул  тусгай зориулалтын зам хэрэгтэй. Одоо ашиглалтад орох зам нь ханасан ачаатай хүнд даацын олон авто машин нэвтрүүлж чадахгүй. Чанарын шаардлага хангаагүй зам. Хэрвээ шороон замаар явбал газрын хөрсийг маш их эвдэнэ гэв. Үүнээс гадна тээврийн машинуудад мал дайруулах явдал нэлээд гардаг аж.
Тухайлбал хамгийн сүүлд л  гэхэд тээврийн машин нь унага дайрсан хэрэг гарчээ.  Тэр ч бүү хэл хүний амь эрсэдсэн хэрэг ч гарсан байна. Нөгөө талаар шинээр нээх замаа зөвхөн  баяжмал  тээвэрлэхдээ ашиглана. Харин  ачаагаа буулгаад эргэж ирэхдээ шороон замаар явах юм.  “Оюу толгой” компаниас мэдээлсэнээр  эхний удаа 576 тонн зэсийн баяжмалыг  хүнд даацын  16 авто машинаар экспортод гаргасан. Үүнийг хуваагаад үзвэл нэг авто машинд 36 тонн зэсийн баяжмал ачсан болж таарах аж.  Орон нутгийн малчдын мэдээллээр нэг уут нь 2 мянган тонн  зэсийн баяжмал ачсан таван машин л гарсан гэнэ.  Тэгэхээр нэг авто машин 115 орчим тонн ачаатай   авто машин явсан байх юм. Ийм хүнд ачаатай авто машин тусгай зориулалтын замаар явахгүй бол говийн эмзэг хөрсийг орвонгоор нь эргүүлэх нь мэдээж. Иймээс иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид Оюу толгой үнэн зөв мэдээлэл өгдөггүй. Монгол Улсын хуулийг дархан эрхтэй юм шиг зөрчиж байна.   Үүнтэй бид хатуу тэмцэнэ гэж мэдэгдэж байгаа юм.  
Байгаль орчны иргэний зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Батболд “Хамгийн гол нь аливаа ажлыг эхлэхээс өмнө эерэг, сөрөг үр дагварыг сайн тооцоолох хэрэгтэй. Таван толгойн нүүрсний орд бэлээхэн жишээ байна.  Оюу толгой эхлээд баяжмалаа тээвэрлэх зам тавина гэсэн. Гэтэл бодит амьдрал дээр хэрэгжсэнгүй. Бид энэ асуудалд Засгийн газар болон “Рио Тинто” анхаарал хандуулаасай гэж хүсч байна. Төрийн байгууллагууд, Мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа хийх ёстой” гэж үзэж байгаа юм.
Мөн тус байгууллагын тэргүүн н.Батбаатар “Оюу толгойн экспортод Засгийн газрын төлөөлөл оролцсон. Тэгэхээр Засгийн газар ч бас  хууль дүрэм зөрчлөө. Бидний шаардлагын хариуг долоо хоногийн дотор өгөхгүй бол  орон нутгийн иргэд, манай төрийн бус байгууллага нийлж цаашид уг шороон замыг хаана. Хамгийн гол нь бид хуулийг хэрэгжүүлэхийг л шаардаж байгаа юм” гэж мэдэгдлээ.
Энэ онд Оюу толгой 400 гаруй мянган тонн зэсийн баяжмал экспортлох төлөв бий. Харин далд уурхай нь ашиглалтад орж үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэвэл  жилдээ 2.3  сая тонн баяжмал үйлдвэрлэнэ гэдэг.  Үүнд үндэслэн замын хэрэглээг тооцвол жилд ойролцоогоор 180  тонн даацтай  12800  ачааны машин ашиглах нь.
Тэгэхээр ирэх есдүгээр сард ашиглалтад орох авто замын ачааллыг тооцсон судалгаа бий. Үүнд жилд 35 тоннын даацтай энгийн чиргүүлтэй 65700 дээрх замыг ашиглах аж. Мөн хоногийн 24  цагаар үндэслэн,  ойролцоогоор180  тонн ачаатай автомашин явна гэж үзье. Тэгвэл цаг тутамд 15  ачааны машин явж өнгөрөх тооцоо байна.
“Рио Тинто”-гийн төлөөлөгч малчидтай 6-ны өдөр уулзахдаа болчимгүй зүйл хэлжээ. Тэрээр малчдад хандаад  та бүхэн тавьж буй авто замдаа ан амьтан гарах гарц 16-г гарга гэсэн шаардлага тавьж байна. Үүнийг биелүүлэхэд 100 сая ам.доллар болно. Тэгэхээр ан амьтан гарах үгүй нь мэдэгдэхгүй ийм гарц хийх үү, эсвэл Ханбогд Оюу толгойн хооронд зам тавь өгөх үү гэжээ. Энэ нь бидэнд зам тавьж өг ан амьтаны гарц гаргаад хэрэггүй гэж шахсан болчимгүй зүйл. Иймд ачаа тээврийн зам ашиглалтад орохгүй удаж буй нэг шалтгаан нь уг гарцтай холбоотой гэж иргэний нийгмийн байгууллагынхан хэлж байлаа.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
owu tolgoigoos gashuunsuhait ruu avto zam wmuu tumur zam tavi
Хамгийн их уншсан