Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭКСПОРТ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРЧ ИМПОРТЫН ӨСӨЛТ НОЁЛОЖ БАЙНА

Манай улсын эдийн засагт 2009 оноос хойш уул уурхайн салбар хүчээ авч гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлого нэмэгдэж ирсэн. Гэвч дэлхийн эдийн засгийн уналтын нөлөөгөөр аль аль нь сүүлийн жил хагасын дотор ихээхэн буурлаа. Энэ гарснаас хойш эхний таван сарын байдлаар манай улсын гадаад валютын нөөц 3.76 хувиар буурч 3.4 тэрбум ам.доллар болжээ. Гадаад валютын нөөц дундарч буй нэг шалтгаан нь манай улсын экспортын гол бүтээгдэхүүн зэс, нүүрс гээд ашигт малтмалын зах зээлийн үнэ огцом хямдарсантай холбоотой. Иймд өнгөрсөн онд  экспорт 433 сая ам.доллараар буурсан тооцоо гарсан юм.
Мөн нөгөө талдаа импортын барааны үнэ өссөн билээ. Тухайлбал  өнгөрсөн  онд Монгол Улсын экспортын үнийн индекс 13.9 хувиар буурч, импортынх  5.3 хувиар өссөн. Ингээд манай улсын  гадаад худалдааны нөхцөлийг 18.3 хувиар муудахад нөлөөлөв. Энэ он гарснаас хойш мөн л нөхцөл байдал сайжирсангүй. Эхний  таван сарын байдлаар  экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс долоон хувиар буурсан бол импортынх  1.9 хувиар өсч  гадаад худалдааны нөхцөл 8.7 хувиар муудаад байна.   Жишээ нь өнгөрсөн онд   гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.7 хувиар буурсан үзүүлэлт бий. Одоо ч энэ бууралт үргэлжилсээр. Эдүүгээ экспорт 3.3,  гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.4 хувиар буурлаа.  
Тэгэхээр манай эдийн засагт гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны энэ таагүй байдлын сөрөг нөлөө заналхийлсээр байгаа гэж хэлж болох нь. Гэвч манай эдийн засагт эерэг үзүүлэлтүүд бий. Засгийн газрын бондын зарцуулалт, орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоо нь макро эдийн засаг,  санхүүгийн орчинд эерэгээр нөлөөлөх хандлага ажиглагдаж байгаа аж.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн жилээс буурах болов. Өнгөрсөн оны эхний таван сард гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.9 тэрбум доллар байжээ. Гэтэл энэ оны мөн үеийн байдлаар 36 хувиар буюу 1.2 тэрбум доллар болж  буурсан байна. Хөрөнгө оруулалт ингэж  бууралтад гадаад талаасаа Хятадын эдийн засгийн сааралт, Евро бүсийн эрсдэл нөөлөөлж буй юм. Харин манай улсын зүгээс   Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нөлөөлсөн гэж үзэж болох нь.
Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих эерэг нөлөөлөл гарч эхэлсэн. Учир нь Хятадын төрийн удирдлага өөрчлөгдөж хөрөнгө оруулагчдын эргэлзээ арилсан. Тус улсын шинэ удирдлага дэд бүтэцээ өргөтгөн тэлхэд энэ онд 14 тэрбум ам.доллар зарцуулж буй мэдээлэл бий. Үүний нөлөөгөөр манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт орж ирэх боломж байгаа гэсэн үг. Манай улс ч бас  гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах  дээрх хуульд өнгөрсөн дөрөвдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Харин Евро бүсийн эдийн засгийн хямрал хэвээр юм. Энэ нь түүхий эдийн үнэ ханш болон үйлдвэрлэлд сөрөг нөлөөлсөөр байгаа аж.   Үүнийг манай улс экспортынхоо хэмжээгээр  мэдэрч байна гэхэд хилсдэхгүй. Оны эхний хагас жилийн байдлаар манай улсын экспорт долоо, гадаадын шууд хөрөнгө оруулалт 36 хувиар  тус тус буурсан. Мөн  хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг 62 хувиар бага байгаа бол  урсгал тэнцлийн алдагдал 28 хувиар өсчээ. Гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтын эрсдэлтэй, тодорхой бус нөхцөл байдал, сөрөг хандлага нь төгрөгийн бусад  валюттай харьцах ханшийг сулруулах, гадаад валютын улсын нөөцийн буюу төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлж байна.
Төв банкны бодлого байгаа оносны  үр дүнд  макро  эдийн засгийн харьцангуй  тогтвортой суурь  бүрдүүлж, болзошгүй  хямралын эрсдлээс сэргийлжээ. Өөрөөр хэлбэл мөчлөг сөрсөн, эрсдлээс урьдчилан сэргийлсэн, харилцан уялдаатай бодлого, үнэ тогтворжуулах хөтөлбөр, Засгийн  газрын бонд, түүний санхүүгийн зуучлал,  эрсдлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалт зэрэг  шийдвэртэй арга хэмжээ авсан.  Одоо экспортыг дэмжих хөтөлбөр баталж хэрэгжүүлэх, “Чингис бонд”-ын эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөлд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг чанд мөрдөх замаар хөрөнгө оруулалтыг татах, хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтийг сурталчилж, хөрөнгө оруулагчдын эргэлзээг арилгах,  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулах, түүхий эдийн үнэ унасан, гадаад эдийн засгийн хямралт байдал арилаагүй энэ үед санхүүгийн болон макро тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх  хариуцлагагүй үйлдэл гаргахгүй байх нь чухал ажээ.
Уг нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монголд хөрөнгө оруулах боломж бололцоо их юм. Гэхдээ зайлшгүй анхаарах асуудал олон.  Ялангуяа  дэд бүтцийн хөгжил сул тул экспортын болон импортыг орлох  үйлдвэрлэл хөгжихөд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
Жишээлбэл Таван толгойн нүүрс, Оюу толгойн зэс, алтны   орд л гэхэд  авто болон төмөр зам, эрчим хүч гээд шийдэх асуудал олон бий.  Үүнийг шийдэж байж л улс орны эдийн засагтаа ашигтай ажиллуулж чадна.  Энэ тохиолдолд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татаж зөв ашиглах боломж бүрдэнэ гэж эдийн засагчид үздэг билээ.

Т.Эрдмаа

0 Сэтгэгдэл
2010 onui dund uees tz-un huul budiluu bolson.
orgon tsarig uu nariin tarig uu geseer baigaad iim bolj baij magadgui
Хамгийн их уншсан