Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгос Эх орны дайны ялалтын 60 жилийн ойдоо бэлтгэж байна

Умард Солонгост үндэсний баяр болох Эх орны чөлөөлөх дайны 60 жилийн ойд бэлтгэх ажил ид болж байна. Энэ баярыг эднийхэн 1950-1953 оны Солонгосны дайн дуусч, хэлээлцээрт гарын үсэг зурсан долдугаар сарын 27-ны өдөр тэмдэглэдэг юм.
Энэ сарын 24, 25-нд Пеньянд АНУ-тай энхийн хэлэлцээр хийх, Өмнөд солонгосоос америкийн цэргийг гаргах БНАСАУ-ын шаардлагыг дэмжих олон улсын цуглаан, марш болох нь тодорхой болоод байна. Энэ арга хэмжээг Хоёр Солонгосыг нэгтгэх Ази-Номхон далайн бүс нутгийн хороо болон олон нийтийн бусад байгууллагууд дэмжиж, гадаад орнуудад амьдарч байгаа солонгосчууд, ойд оролцохоор ирсэн гадаадын төлөөлөгчид оролцох юм байна.
Даваа гарагт хамгийн олон хүнтэйгээрээ Гиннесийн дээд амжилтын номд орсон “Ариран” чуулга тоглож хамгийн олон хүн оролцсон спорт, урлагийн шоу болно гэнэ. 150 мянган хүний суудалтай Тавдугаар сарын 1-ний цэнгэлдэх хүрээлэнд болох арга хэмжээнд мэргэжлийн жүжигчдээс гадна оюутан, сурагч, цэцэрлэгийн багачууд нийлээд  100 мянган хүн оролцоно.  
Энэ жил жүжигчид “1953 оны ялалтад аугаа их удирдагч, генералиссимус Ким Ир  Сений үнэлж баршгүй гавьяа, мөн генералиссимус Ким Чен Ирийн сонгуны улс төрийг боловсронгуй болгоход оруулсан хувь нэмэр” гэдгийг яруу тод харуулна гэж энэ шоуны захирал Ким Ок Рён сэтгүүлчдэд хэлжээ. Түүнийхээр бол өнөөгийн удирдагч Ким Чен Уны удирдлага доор солонгосын ард түмний, бүгд найрамдах улсын олж байгаа ололт амжилтыг харуулах юм байна.
Энэ ойд зориулж ухуулгын шинэ хуудас хэвлэсний төвд нь Ялалтын дурсгалын хөшөө, БНАСАУ-ын тугийг өндөрт өргөсөн Солонгосын ардын армийн дайчныг дүрсэлсэн гэнэ. Энэ хөшөөг Солонгосын дайнд ялсны 40 жилийн ойгоор 1993 онд босгосон юм.  
Энэ баярт зориулан 24-ны өдөр Пеньянд Ким Ир Сен болон Ким Чен Ирийн нэрэмжит цэцгийн баяр болж Тэдонган голын эрэг дээх павильонд тус улсын яам тамгын газар, байгууллагууд, цэргийн анги нэгтгэлийн цэрэг офицер ажилтнуудын тарьсан хэдэн арван мянган цэцэг алаглана.
Төрийн удирдагчдын нэрэмжит цэцгийн баяр нь энэ оронд төрийн том арга хэмжээнд ордог, нээлтэд нь гадаад орнуудын элчин сайдууд, энд ажилладаг олон улсын байгууллагын удирдлагууд, гадаадын зочид төлөөлөгч оролцдог юм.
Энэ ойг оросын ИТАР-ТАСС, хятадын Синьхуа, японы Киодо, их британийн Рейьер, АНУ-ын Ассошиэйтед Пресс, францын Франс Пресс агентлагууд сурвалжлах юм байна.
Ер нь АНУ, Өмнөд Солонгос, Японтой харилцаа хурцадмал байгаа үе, энэ долоо хоногт болох энэ ойд БНАСАУ-ын эрх баригчид маш их ач холбогдол өгч улс төр, үзэл суртлын өндөр хэмжээнд тэмдэглэх гэж байна. Ийм ч болохоор хөдөлмөрчдийн жагсаал, цэргийн парад хийхээр шийдвэрлэжээ. Мөн Эх орны чөлөөлөх дайны ялалтад зориулж шинээр нээх музейгээ тус улсын удирдагч Ким Чен Ун “америкийн эсрэг хүмүүжил олгох чухал төв” болно гэжээ.
Дэлхийн хоёрдугаар дайнд Японыг бут цохисны дараа Ялтын гэрээгээр Солонгосын хойгийг 38 зугаар өргөргөөр хоёр хуваасны улмаас 1950 онд умард өмнөдийн хооронд эхэлсэн зэвсэгт мөргөлдөөн нь дайн болон өргөжиж Өмнөд Солонгосын талд америк болон НҮБ-ын зэвсэгт хүчин, БНАСАУ-ын талд хятадын сайн дурынхан байлдсан юм. Дайн 1953 онд дуусч НҮБ, БНСУ, БНАСАУ-ын хооронд хэлэлцээр байгуулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан