Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЭНГЭР УЯРААЖ, ХУР ДАГУУЛАХЫН УЧИР

Эзэн Чингис хаан Дэлүүн Болдогийн оройд морилж, дээд тэнгэрт мөргөхдөө дээлийнхээ хормойг дэвсэн байж дэлхийн өмнө бөхийгөөгүй тэргүүнээ гудайлгасан. VIII Богд Жавзундамба гэгээний хатан Дон­дог­дулам сувдаар хээлсэн дээлээр чамирхаж байсан бол жороо морь, ховор чулуун үнэт хөөрөгнийхөө наймааг монгол эрчүүд дээлийнхээ нударган дор хэлэлцэж ирэв. Төрийн сайд мяндагтнууд өмссөн дээл, гоёсон хантааз, эмжээр, товч шилбэний хийц хийгээд малгай, залаа, бүч сэлтээрээ төрийн албаны утга санаа, зорьж ирсэн зорилгоо илэрхийлдэг үе ч байв. Угаас монгол дээл нүүдэлчин түмний зуун зууны түүхийн гоёо, зовлонгийн хань, найман зүгийн салхийг элээсэн гоёл, ганган омогшил билээ
Дээлээрээ гоёж, дэг­жир­хэж, гайхуулсан өдрүүд хуучирч байгаа энэ цагт монголчууд “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулах болсон нь тэнгэрийг хүртэл уярааж, хур дагууллаа. Жил бүрийн долдугаар сарын  13-нд зохиогддог уламжлалтай ч өглөөнөөс эхлэн орсон хур борооноос болж долоон өдрөөр хойшлуулсан юм. Товлосон өдрийн өглөө тэнгэрт хурц нар мандаж байсан ч “Дээлтэй Монгол” наадамтай зэрэгцэн тэнгэрт борооны үүл хуралдан, ширүүн бороо шаагих нь тэр. Дүүрэг дүүргээрээ жагсан дээлээр гоёсон монголчууд цаанаа л нэг ихэмсэг.
Монгол дээл хэмээх энэ ерөнхий тодотголын дор  хоёр үндэстэн 28 ястны, мөн төдий тооны янз, хийц бүхий үндэсний гоёл жагсдаг. Дээл үндэсний соёлын тод илэрхийлэл, үе үеийн түүхийн үнэн гаргалгаа, судар бичгийн гол дүр, зарим хууль тогтоомжийн “сүнс” гэж хэлж болно. Тийм ч учраас жил жилийн наадам өнгөө зассаар. Энэ жилийн наадамд оролцогчдын тоо ч нэмэгджээ.
Казах түмнээрээ ман­лайлуулсан Налайх дүүр­гийнхний жагсаалаар эхэлсэн наадамд дүүрэг бүр өөрийн онцлогтой оролцлоо. Баянзүрх дүүргийн жагсаалд бөөгийн хувцастнууд байсан нь сүрдмээр байхад Баянголын ахмадууд домбор, шанзаа тоглож, дуулсан нь наадамд нэгэн өнгө хэмнэл нэмсэн. Үйлдвэрийн дүүрэг болсон Хан-Уулчууд маань хамгийн өнгөтэй нь байлаа. Ноолууран дээлээр ижилсэн гоёсон Говь, Гоёо компанийн цуваа энэ дүүргийн өнгө. Харин Сүхбаатар дүүргийн жагсаалд циркийн үзүүлбэр, баатар жанжны хувцастнууд, ардын намын журамт цэргүүд гээд нүд хужирлах зүйл ихтэй байлаа. Д.Сүхбаатар жанжин гэргий Янжмаатайгаа, VIII Богд Жавзундамба Дондогдулам хатнаа дагуулан ирж, морин дэл дээрээс наадамчидтай мэндэлсэн нь үзэгчдийг огшоож байсан.
Ингээд үндэсний хувцасны жагсаал дуусч, урлагийн тоглолт үргэлжилсэн. Бороо асгарч байсан ч “Тэр дуучны хувцсыг хар даа. Ёстой л нэг урлагийн хувцас байна даа” гээд л шивэр авир ярилцан шүхрэн доороос тоглолтыг тольдох. Анх 100 гаруйхан хүнийг хамруулж байсан тус наадамд энэ жил нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл, загварын болон урлаг соё­лын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 12000 гаруй хүнээр хүрээгээ тэлжээ.
“Дээлтэй Монгол” наадмын энэ жилийн өнгийг цэнхэр, улаан байлаа гэж болохоор. Түрүүчийн жилүүдэд төрийн түшээд, урлаг соёлынхон л хүннү дээлээр гангарч байсан бол энэ жилийн загварыг хүннү дээл тодорхойлжээ. Энгийн тэрлэгтэй мань мэт жагсаал дунд гологдохоор. Учир нь дээлийг хантааз, малгайтай нь хослуулан өмсөх нь элбэг болжээ. Мөн гэр бүлээрээ ижилсэх нь ч нийтлэг болсон харагдлаа.
Эртний хатдын өмсгөлөөр гангарсан бүсгүйчүүд намбалаг алхана. Зодог, шуудаг өмссөн багачууд өөрийгөө бөх болсон мэтээр төсөөлж, дэвж, шавж эгээл хажуугаар нь зөрсөн нэгнийг авч шидэх нь халаг. Морин дэл дээр хазгайдуухан сууж, дээлээ сугалдрагласан эрчүүд ханхалзана. Ач, гучаа холоос ажин суугаа эмээ, өвөө хоёр ч үндэснийхээ дээлээр гоёжээ. Ийм л нэг дүр зураг өнгөрсөн бямба гарагт Нийслэлийн төв талбайд өрнөсөн юм.
Монгол дээлээрээ бахар­хах, үндэсний хувц­саа­раа гоёх энэ өдөр  мон­гол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос, үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон  дүүрэг гээд зургаан номинацын эзэд  тодорлоо. Монгол үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч шалгаруулах номинацид 100 гаруй хүүхэд оролцсон нь үзэгчдийн хайрыг татаж бас тэднийг талцааж чадсан. Уг номинацын ялагчаар ах дүү ихэр болох н.Содбаяр, н.Содбилэг нар шалгарлаа. Хамгийн гоё хувцастай 10 хүүхдэд  Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга медаль, мөнгөн шагнал, наадмын ивээн тэтгэгч АПУ компанийн нэрэмжит шагнал гардуулсан ч тэдэнд энэ өдөр хамгийн том бэлэг нь үзэгч олны дэмжсэн сэтгэл байлаа.
Монгол дээлний гайхамш­гийг харж, сонжихоор гадаа­дынхан олон цугладаг. Энэ жил ч гэсэн хөндлөнгийн сониуч нүд энэ тэндгүй харагдана. Нүдэндээ гоё харагдсан хүн бүртэй зургаа татуулах тэдгээр иргэдийн дунд монгол дээлээр гангарсан нэгэн ч мэр сэр харагдсан.
Өдөр тутмын гоёл биш ч бидний бахархах хамгийн ойрхон соёл маань дээл гэдэгтэй маргах хүн үгүй. Гэхдээ залуучууд энэ өдрийг хүлээдэг болсон нь наадмаас харагдсан. Жилийн ганцхан өдөр төв талбайдаа цуглах нь чамлалттай мэт. Энэ талаар залуучууд “Үндэсний хувцас маань өдөр тутмын гоёл биш болоод удаж байна. “Дээлтэй монгол” наадам  залуус бидэнд нэг өдөр ч гэсэн үндэсний хувцсаа өмсөх боломж  олгож байгааг хэлэх нь зүйтэй байх. Ер нь залуучууд маань орчин үеийн загварт  нийцсэн, өмсөхөд  эвтэйхэн загварын  үндэсний хувцсыг өдөр болгон өмсч яагаад болохгүй гэж” хэмээн уриалж байсан.
Хүн төрөлхтөний үнэт өвөөр Хятад улс манай үндэсний дээлийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн талаар сонссон монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л шуугиж байсан нь саяхан. Тэгвэл өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн хойноо үндэсний баяр ёслол, тусгай тэмдэглэлт өдрүүдэд л дээлээ өмсдөг нь чамламаар... Эзэн Чингис хааныхаа нэрийг аялал жуулчлалын нэрийн хуудас болгож байхаар дээлээ алдаршуулбал улам их жуулчдыг татах хөшүүрэг ч болж болохоор. Сониуч гадаадынхан дээл урлах үйл явцыг үзэх гэж манай орныг зорин ирдэг болох ч юм бил үү.   
Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бадрах төрийн бүс, түших төрийн гутал  хэмээн монголчууд бид үндэсний хувцас юугаан дээдлэн хүндэлдгээ үе хойчдоо өвлүүлэх учиртайсан даа.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан