Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОЮУ ТОЛГОЙН ТАЛААР “РИО ТИНТО”-ТОЙ ТОХИРОЛЦОХ 22 АСУУДАЛ БИЙ ГЭЖЭЭ

Одоогоор манай улсын хамгийн том хөрөнгө оруулалтын эхэнд Оюу толгой бичигдэж байгаа. Тус ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг зургаан жил хэлэлцэж байж Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн төлөөлөл 2009  оны аравдугаар сарын 6-нд гарын үсэг зурсан. Эдүгээ Канадын “Айвенхоу Майнз Лимитед” компани нэрээ өөрчилж  “Turquoise Hill Resources Ltd” болоод буй билээ. Уг гэрээ байгуулагдсанаас хойш манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн. Эдийн засагчид үүнийг уг ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажил өрнөсөнтэй холбоотой хэмээн тодорхойлж байгаа.
Харин өнгөрсөн оноос  гадаадын хөрөнгө оруулалт багассан нь бүтээн байгуулалтын эхний үе дуусч, эрчим нь буурсантай  холбоотой гэдэг.
Оюу толгой  2010-2012 онд Засгийн газарт нэг их наяд 237 тэрбум төгрөг буюу 870 сая ам.долларын татвар төлсөн тооцоо бий. Мөн  онуудад Монголын ханган нийлүүлэгч компаниудаас  1.4 их наяд төгрөг  буюу 1.1 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн мэдээлэл байдаг. Одоогоор анхан шатны бүтээн байгуулалт дуусч баяжмалаа  экспортлоод эхэлсэн. Энэ он дуустал 400 мянга орчим тонн зэсийн баяжмал экспортлох төлөв байгаа. Тэгэхээр улсын төсөвт бас чамгүй орлого төвлөрнө гэсэн үг.  Цаашид далд уурхай ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллах үед манай улсын ДНБ-ий 35 хувийг бүрдүүлнэ гэсэн тооцоо гараад буй юм.  
 Гэвч Оюу толгой тойрсон шийдвэрлэх ёстой зөрчилтэй асуудал нэлээд бий. Тухайлбал, “Оросын дуу хоолой” цахим хуудаст Монголын Засгийн газар, “Рио Тинто” хоёр Оюу толгойн талаар  22 асуудлаар тохиролцох хэрэгтэй байгаа гэж бичжээ. Үүний дөрөв нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнтэй холбоотой. Тухайлбал анхны хөрөнгө оруулалтын зардал гэрээнд тусгасан хэмжээнээс хэтэрч 6.5 тэрбум ам.долларт хүрсэн. Одоогоор аудитын ажлын хэсэг тус компанийн хөрөнгө оруулалтын зарлагын тайланд шалгалт хийж буй юм. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ч бас бий аж. Тэгэхдээ Монголын талын хувь эзэмшлийг нэмэгдүүлэх хүсэлт Уул уурхайн яамнаас тавьж байсан удаатай.
Мөн өнгөрсөн онд төлсөн татвар ч маргаан тарьсан. Уул уурхайн сайд Д.Ганхуяг сэтгүүлчидтэй нээлттэй ярилцахдаа “2012 онд 280 сая ам.доллар төлсөн гэсэн мэдээ бий. Энэ асуудлаар Сангийн яам,  “Оюу толгой”  ХХК-иас тодруулсан. Мэдээлэл нь зөрүүтэй байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд Оюу толгойн төлсөн татвар нь 125 сая ам.доллар юм билээ. Гэхдээ 280 сая ам.доллар дээр хоорондоо учир зүйгээ олох шаардлагатай байгаа” гэж байсан юм.
Ер нь, Засгийн газар болон “Рио Тинто” хоёр тохиролцоонд хүрч, үүсгээд байгаа маргаантай асуудлаа шийдэж ирсэн. Хамгийн сүүлийн жишээ нь   хоёр удаа хойшилсон зэсийн баяжмалын экспорт юм.  “Рио Тинто” Засгийн газрын тавьсан шаардлагыг зөвшөөрч  Бүтээгдэхүүн борлуулах гэрээгээ Монголын талын Төлөөлөн удирдах зөвлөлийн гурван гишүүнд танилцуулах, борлуулалтын орлого гадаад дотоодын ямар банкинд төвлөрч байгааг ил тод мэдээлэхээр тохирсон.  
Оюу толгой одоо эрчим хүчээ хятадаас авч буй.  Хөрөнгө оруулалтын гэрээний  7.3. заалтад  “Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана. Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц,  Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн,  эсхүл барьсан,  нүүрсээр ажиллах цахилгаан станц, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ” байна гэж заажээ. Тэгэхээр эрчим хүчний эх үүсвэрийн асуудал ч одоо яригдах бололтой.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан