Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгүүлчид, сэтгүүлч Ерөнхийлөгчдөө хандлаа

           
Эрхэм Ерөнхийлөгч таны энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Юуны өмнө таныг ард түмнийхээ итгэлийг хүлээн хоёр дахь удаагаа Монгол Улсын төрийн тэргүүнээр сонгогдон, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ өмнөөс баяр хүргэж, цаашдын ажилд тань амжилт хүсье.
Сэтгүүлч хүн төрийн тэргүүний өндөр хариуцлагатай албыг хаших эрхэм хүндтэй үүргийг хүлээн нэр төртэй ажиллаж байгаад үзэг нэгтний хувьд бид бахархаж явдаг юм. Энэ удаа бид таны ажлын үнэт цагаас хумслан байж, энэхүү захидлыг зүрхлэн толилуулахаар шийдсэн нь үзэг нэгт сэтгүүлч хүний тань хувьд сэтгэл, зүрх нэг байгаа хэмээн итгэснийх юм. Хүн хамгийн хүнд хэцүү үед хамгийн дотнын хүмүүсээсээ л тусламж хүсдэг. Сэтгүүлчид бидний хувьд тийм л нөхцөл байдал дунд эрхэм Ерөнхийлөгч танд энэхүү захидлыг зориглон бичлээ.
  Бидний үзэг нэгт анд, сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогт хүнд өвчин тусч, амь нас нь хором хормоор хэмжигдэж байгаа энэ хүнд хэцүү үед үзэг, микрофоноос өөр зэвсэггүй, үгнээс өөр баялаггүй сэтгүүлч, уран бүтээлчид бид сайн санаат хүмүүс, үзэгч, уншигч, сонсогч олондоо хандан дэмжлэг хүсч байгаа билээ. Хилийн чинадад элэг солиулах мэс засал хийлгэж байж анд маань аврагдах боломжтой гэдгийг эмч нар хэлж буй. Бас цаг алдах аваас эрсдэл улам нэмэгдэнэ гэдгийг анхааруулж байгаа.
Цаг нартай уралдан үйл явдлын халуун мэдээг олон нийтэд хүргэх гэж алжаал ядралыг умартан явдаг сэтгүүлч бид энэ удаа үзэг нэгт, мэргэжил нэгт нөхрийнхөө амийг аврахын тулд цаг, мөчтэй уралдахаас өөр аргагүй байдалд хүрээд байна.
Б.Эрдэнэцогт одоо дөнгөж 34-хөн настай залуу хүн. “Eagle”, TV9, “Шинэ дэлхий” зэрэг телевизэд 12 жил тасралтгүй ажиллахдаа эрэн сурвалжилсан нэвтрүүлэг, үйл явдлын сурвалжлага, парламентын тойм, ярилцлагаараа үзэгчдийн танил болсон авьяаслаг сэтгүүлч билээ. Мөн тэрээр яруу найргийн ертөнцөд өөрийн гэсэн дуу хоолойтой уран бүтээлч. Хоёр сайхан хүүгийн аав, айл гэрийн ноён нуруу болсон эр хүн. Хүсч зорьсон мэргэжлээ эзэмшин, сэтгүүлчийн ажилдаа зүрх сэтгэлээ өгч, хийж бүтээхийн төлөө тэмүүлж, ирээдүйгээ өөдрөгөөр харж, амьдралаа өөрийн хөдөлмөр, зүтгэл, ухаан авьяасаар босгож яваа жирийн нэг монгол залуу.
Монголд уул уурхай, алт, зэс, нүүрс биш монгол хүн л хамгийн үнэ цэнтэй. Түүн лүгээ адил Монголын сэтгүүл зүйн үнэт баялаг нь ч сэтгүүлчид, уран бүтээлчид билээ. Ид туурвин бүтээж, мэдлэг, туршлага, авьяас нь жигдэрч яваа цэл залуухан сэтгүүлч анд минь үзгээ алдах ёсгүй. Тиймээс сэтгүүлч бид чин сэтгэлээрээ нэгдэн, үзэг нэгт нөхрөө аврахын төлөө бүхий л боломжийг хайж байна. Эрхэм Ерөнхийлөгч танд хандаж байгаа нь ч тэр л боломжуудын нэг гэж итгэснийх. Сэтгүүлч андыг маань эрүүл саруул болж хөл дээрээ босоход туслалцаа үзүүлнэ үү хэмээн Танаас хичээнгүйлэн хүсч байна.
 
                        Сэтгүүлч, уран бүтээлч нөхөд нь

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан