Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т-БАТААРТ ЭНЭ ӨВЛИЙГ ДАВАХ ДУЛААН БАЙР ОЛДОХГҮЙ НЬ

Говиос олдсон үлэг гүрвэлийн үнэт олдворын тухай дуулиан дэгдэж, хилээр давж, харьд одсон үзмэрээ монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймж, шуугиж байж эх орондоо авчраад хоёр сар хүрэхгүй хугацаа өнгөрчээ. Гэтэл нөгөөх гайхал Т-Батаар чинь эх орондоо ирээд орох оронгүй, түр байранд оршсоор л байна.
“Үлэг гүрвэлийн түр музей” гэж нэрлэсэн байгууламж нийслэлийн төв талбай дээр байгаа ч хүйтний улиралд ашиглахад зохимжгүй учраас Т-Батаар орох оронгүй болж магадгүй гэнэ.
Учир нь Лениний музейг МАН-ын эзэмшлээс төрийн өмчид буцаан шилжүүлэх анхан шатны шүүх хурлын шийдвэр сар гаруйн өмнө гарсан ч МАН-ынхан шүүхийн шийдвэрийг зөвшөөрч төрийн өмчийг буцааж өгөх бодолгүй байна. Тиймээс давж заалдахаар болжээ. Гэтэл энэ асуудлыг хурдан цэгцэлж, Лениний музейн барилгын засварын ажлыг яаралтай хийж, дуусгах ёстой.
Эс тэгвээс нөгөө сүйд болж авч ирсэн Т-Батаар маань халаалтыг нь шийдэх боломжгүй түр байрандаа өвлийг давах нь.
Лениний музейн хажуугаар уржигдар өнгөрөхөд бүх хаалган дээр нь “Засвартай” гэсэн улаан бичиг хаджээ. МАН-ныхан анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлж, ССАЖЯ-наас засварын ажлыг эхлүүлсэн юм байна хэмээн бодоод өнгөрсөн ч өчигдөр дараагийн шатны шүүх хурлын тов гарсныг дуулаад гайхав. Ингээд дахиад л Лениний музейг зорьсон юм. Сураг сонсвол МАН-аас тус байрыг нэгэн компанид урт хугацаагаар түрээслүүлжээ. Харин түрээслэсэн байгууллага нь Лениний музейн барилгыг худалдааны төв болгон зав­сарлахаар бэлтгэлээ базааж, урсдаг шатны тө­хөөрөмж, барилгын материал зөөж байсныг ойр орчмынхон нь ажиглажээ. Гэхдээ засварын ажлаа хараахан эхлүүлж төвдөхгүй байгаа нь шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээснийх биз. МАН-ынхан ч гэсэн ийм учраас л шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй, Лениний музейг өөрийн эзэмшилд байлгахаар улайрч зүтгээд байгаа аж.
Барилгын бүх хаалга, цонх түгжээтэй. Хойд талд байрлах манаачийн байр ч бас цоожтой. Хойгуур нь тойроод баруун талд нь ирэхэд нэг эрэгтэй тамхи татаад сууж байв. Манаач нь гэнэ. Гэхдээ МАН-аас томилогдсон хүн гэж тэрээр өөрийгөө танилцууллаа. Хэрвээ хэн нэгэн ирээд орж үзье гэвэл яах уу гэтэл “Нам руу мэдэгдээд зөвшөөрөл асууна даа” гэлээ. Хэрвээ би одоо орж хармаар байна гэвэл яах уу гэхэд “Чи юугаа харах вэ. Засвар хийх барилгын материалаас өөр зүйлгүй хоосон байшинг” гэлээ. Харамсалтай нь үүнээс өөр олигтой үг түүнээс сонссонгүй.


Харин дараагийн шатны шүүх хурлын талаар ССАЖЯ-ны Төрийн захиргааны газрын нууцын эрхлэгч Т.Энхбаяраас тодруулсан юм.

-Өмнө нь МАН-ын /МАХН/ эзэмшлээс төрийн өмчид шилжүүлэх шүүх хурал болж байсан юм билээ. Тэр үед МАН-ынхан давж заалдах шатны шүүх хуралд ялснаар Лениний музейг эзэмшилдээ үлдээсэн. Энэ удаа ч гэсэн тэр үйл явдал давтагдах вий?
-Наад үйл явц чинь 1997 онд болсон. Гэхдээ тэр үед гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн шүүхээр асуудал дахин хэлцэгдээд “МАН-ын эзэмшилд байхгүй. Төрийн өмч мөн” гэсэн шийдвэр гарчихсан. МАН хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан байгаа. Тэр хурал энэ сарын 31-ний 08:30 цагт болохоор тов нь гарсан.
-Дахиад баримт сэлт хангалттай байгаа болохоор л давж заалдаж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр танайхаас ч гэсэн түүний хариуг бэлдчихсэн үү?
-Өмнөх шүүх хурал болон одоо болох шүүх хурал хоёрын нотлох баримт эрс ялгаатай. Одоо бол бид нар Лениний музейг сайд нарын зөвлөлийн хурлаар байгуулах шийд гаргаж байсан болон 1974-1980 оны хооронд төсвөөс санхүүжүүлж барилгыг бариулсан. 1980 онд ашиглалтанд ороод 1990 он хүртэл төсвийн санхүүжилтээр бүх үйл ажиллагаа нь явагдсан талаархи бүх баримтыг шүүхэд гаргаж өгсөн болохоор тэр нотлох баримтын хү­рээнд шүүх үнэлж, дүгнэж шийдвэрээ гаргана. Бидний зүгээс гаргасан нотлох баримт хангалттай. МАН-ын хувьд хуулийн үндэслэлтэй давж заалдаагүй. Биднийг давахын тулд давж заалдсан. Эрх нь буй учраас л давж заалдсан нь өргөдлөөс нь харагдсан. Бид ч түүнд нь хариу гомдол саналаа бичээд л өгсөн.
-Хэрвээ энэ шүүх хурлаар МАН ялагдлаа гэхэд тэд дахиад дээд шатны шүүхэд хандвал нөгөө музей байгуулах асуудал удааширсаар байх нь?
-Тэгэлгүй яахав. Гурван шатны шүүхээр орох эрх тэдэнд бий. Хэрэв асуудал энэ маягаар сунжирсаар байвал хүйтний улирал залгаад засварын ажил ч хийх аргагүй болно.
-Лениний музейн ба­рилгаас гадна музейн үзмэрүүдийг ч гэсэн МАН-аас гаргуулж авах ёстой шүү дээ. Тэр ажил ямар шатанд явж байна вэ?
-Тэр асуудал прокурорт шилжсэн. Одоо хүртэл соёлын үнэт бүтээлүүд манайд ирээгүй л байна.
Хэрэв энэ чигээрээ ажил удааширсаар, олигтой шийд гарахгүй бол Т-Батаар өвлийг хаана өнгөрүүлэх нь бас л асуудал. Дэлхийд анх удаа хууль бусаар хил давсан олдвороо хууль ёсны дагуу буцаан авлаа гээд л шуугиулаад байсан. Гэтэл одоо Монгол Улс Т-Батаараа байрлуулах барилгын асуудлаа шийдэж чадахгүй байна гээд шуугивал яах билээ. Дуулиантай буцаж ирсэн Т-Батаарт дэлхий нийт анхаарлаа хандуулж л байгаа даа...

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан