Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛТЭЙ АЗИЙН АВАРГА

Монгол оронд анх удаа Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Өсвөрийн Ази тивийн чөлөөт бөхийн энэ удаагийн тэмцээн нь хөвгүүдийн ХV, охидын ХII, сонгомол барилдааны ХIV дэх нь болж байна. БНАСАУ, БНСУ, Иран, Йемен, Казахстан, Киргиз, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Энэтхэг, Япон гэсэн 14 орны тамирчин, чөлөөт бөхийн хөвгүүдийн төрөлд 80, охидын төрөлд 62, сонгомол барилдааны төрөлд 84 өсвөрийн бөх уран мэхээ уралдуулан өрсөлдсөн билээ. Тэмцээнийг ФИЛА-гийн төлөөлөгч, тус холбооны товчооны гишүүн, Шүүгчдийн зөвлөлийн дарга Ик Жон Ким удирдаж, ерөнхий шүүгчээр олимпын зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар ажилласан.  Олимпын зэрэглэлийн шүүгч хоёр, олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч 16, олон улсын хоёрдугаар зэрэглэлийн шүүгч зургаа, олон улсын гуравдугаар зэрэглэлийн 21 шүүгчээр удирдуулсан тивийн томоохон тэмцээн болсон гэдгийг онцлох нь зүйтэй. Улс орон бүрийн шилдгээр шалгарсан хүүхдүүд уран мэх, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөн энэхүү тэмцээнд манайх улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн болон дэд байранд шалгарсан шилдэг тамирчдаа сойсон юм.
 “Буянт ухаа” спорт цогцолборт дөрвөн өдрийн турш ширүүн өрсөлдөөн өрнүүлсэн тэмцээнд манай баг нэг алт, нэг мөнгө, найман  хүрэл медаль хүртлээ.
Бөхөд хайртай ард түмэн маань нутгийн дэвжээн дээрээ үүнээс илүү амжилт тамирчдаасаа хүлээж байсан хэдий ч “Тэд бол дөнгөж тамирчин болж байгаа хүүхдүүд шүү дээ” гэх хүмүүс ч байна. Ирээдүйн олимп, дэлхийн аваргуудын амжилтын гараа өсвөрийн Ази тивийн аваргаас эхэлж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
 
Медалийн салхийг хагалсан эхний өдөр

Тэмцээний эхний өдөр сонгомол барилдааны 42, 46, 50, 54, 58, 63, 69 кг гэсэн жингийн барилдаан болж манай долоон бөх дэвжээнд гарснаас анхны хүрэл медалийг 58 кг-ын жинд барилдсан Г.Чойгожид хүртэж үзэгчдээ баярлуулсан. Сонгомол барилдааны спорт манай оронд одоохондоо өндөр төвшинд хүрч хөгжөөгүй хэдий ч сар гаруйхан хугацаанд хичээллэсэн хөвгүүд маань урамтай сайхан барилдаан үзүүлж чадсан. Дэвжээнд гарсан таван бөх маань бүгд медалийн төлөө барилдсан. Олимпын хөтөлбөрт багтдаг энэ төрлөөр манай бөхчүүд цаашдаа тууштай хичээллэх юм бол амжилтанд хүрэхэд ойрхон байгаа нь харагдаж байлаа.

Сонгомол бөхийн охидын төрөлд манайх шилдэг байлаа

Хоёр дахь өдөр охидын сонгомол барилдааны төрөлд 49 кг-ын жинд Г.Отгонжаргал мөнгөн медаль авсан юм. Г.Отгонжаргалын хувьд маш хүнд хоёр барилдаан хийж, алтан медалийн төлөө Японы тамирчин Како Окамототой барилдахдаа техникийн алдаа гаргаж харамсалтайгаар ялагдсан.
Манай бөхчүүдээс 38 кг Н.Азжаргал, 42 кг Т.Аззаяа, 40 кг-д Б.Чимгээ нар хүрэл медаль хүртсэн юм.  Н.Азжаргал хүрэл медалийн төлөө барилдаанд Казахстаны бөхөд ялагдаж байгаад цаг дуусах мөчид шийдсэн мэх хийж ялсан бол Т.Аззаяа эхний тойрогт БНАСАУ-ын бөхийг цэвэр ялж, улмаар Киргизийн бөхийг илт давамгайлан ялж хүрэл медалийг энгэртээ гялалзуулж чадлаа.

Монголчуудын хүсэн хүлээсэн алтан медаль

Манай тамирчдын амжилт дундаас тодоор гэрэлтэх цорын ганц алтан медалийг “Арслан” клубын тамирчин Занабудын Занабазар хүртсэн юм. Тэрээр хөвгүүдийн чөлөөт бөхийн 54 кг-ын төрөлд аваргын алтан медаль авч, багш дасгалжуулагч болон ард түмнээ тэмцээний сүүлийн өдөр баярлуулсан билээ. Монголын тамирчдаас өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан тав дахь алтан медаль нь энэ аж. З.Занабазарын өмнө нь гаргаж байсан амжилтаас дурдвал, Азийн хүүхдийн наадмын аварга, Хүүхдийн спортын наадмын аварга, өсвөр үеийн улсын хошой аварга юм байна. Чөлөөт бөх сонирхогчид болон багш дасгалжуулагчид нь түүнийг “Ирээдүйн тив, дэлхийн томоохон тэмцээнд амжилттай барилдах хүүхэд” гэж ихэд ам сайтай байдаг юм билээ. Өсвөрийн Ази тивийн аварга хүүдээ ирээдүйд эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулсан том ажилт гаргаарай гэж ерөөе.
Л.Лхагвадорж

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан