Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭРТНИЙ ТҮҮХ ЭЗЭНТЭЙГЭЭ МӨХӨХ ЁСГҮЙ

Их хотод маань өдөр ирэх тусам барууны хэв шинжийг агуулсан байшин барилга сүндэрлэж, өнгө нэмсээр. Гэхдээ тэртээх он цагийн дурсгал болсон хэн хүнээс илүү түүх агуулах байшин ч бий. Хэдийгээр шинэ  нийгэм, шинэ бүтээн байгуулалтын хөлд устаж үгүй болсон нь  байгаа ч хэзээ мөдгүй нураалгахаа хүлээж буй нь ч цөөнгүй байна. Хэдэн жилийн турш хүний гар хүрээгүй гэдгийг гаднаас нь хараад л шууд таамаглахаар хуучин байшингууд хотын өндөр барилгуудын нөмөрт нугдайсхийн байгааг уншигч та ч анзаарсан буй за. Тэдэн дунд чинь л Монголын сүүлчийн эзэн хааны амьдарч байсан өргөө байдаг юм.  
VIII Богд Жавзундамба хутагт Шаравпэлжээлин буюу Ногоон, Гунгаадэжидлэн сүм буюу Цагаан, Дэчингалав буюу Шар, Хайстайн Лавиран буюу Хүрэн ордон гэдэг дөрвөн өргөөтэй байжээ. Богд хааны дөрвөн ордонг Сэцэн хан аймгийн Лувсан 1912 онд зурсан “Нийслэл хүрээ” зурагтаа дүрсэлсэн бол Хайстайн Лавиранг Монголын шинэ үеийн уран зургийн нэрт төлөөлөгч, олноо “Марзан” хэмээн алдаршсан Балдуугийн Шарав зурж бүтээсэн нь одоо Богд хааны ордон музейд хадгалагдаж байна. Дээрх дөрвөн ордноос эдүгээ ганц Ногоон ордон нь бүрэн бүтэн үлдэж “Богд хааны ордон музей”-д ашиглагдаж байгаа бол Цагаан ордонг буулгаж, суурин дээр нь нэгдүгээр цахилгаан станцыг барьж, Шар ордон нь хамгаалалт сул байснаас шатаж үгүй болжээ. Харин Хайстайн Лавиран буюу Хүрэн ордон  нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академийн урд талд харьцангуй бүтэн үлдсэн ч тойруулсан хашаанаас өөр харуул хамгаалалт үгүй, харж хандах эзэнгүй шахам болж жил ирэх тусам түүхэн үнэт зүйл ач холбогдлоо алдан бүдгэрсээр байгаа юм.  

XX зууны эхэн үед Богд хаан түүний хатан Дондогдуламын хамт зуны ордон  хэмээх   бөөрөнхий гэр хэлбэрт сэрүүн сүмд амьдардаг байжээ.  Үүнийг Эрдэнийн далай баян сүм буюу Богд хааны Сэрүүн ордон гэж нэрлэдэг байсан гэнэ. Харин 1920 онд Модон цаг хэмээдэг хоёр давхар өндөр 12 жилээр чимэглэж хийсэн цамхаг цагийг барьсан байна. Судлаачдын үзэж байгаагаар энэ ордонд Богд хаан хүүхэд өсгөхөд тохиромжтой газар гэж үзэж байжээ. Тийм ч учраас Богд хаан, хатан Дондогдуламын хамт 300 гаруй хүүхэд өргөж аван уг газарт байрладаг байсан гэнэ. Сүүлд Богд хааныг таалал төгссөний дараа өргөж авсан хүүхдүүдийг гэр гэрт нь буцааж, Хайстайн Лавринг Засгийн газрын мэдэлд авчээ.
1934 онд кино архивын зурагт хуучин төрх нь үлдэж хадгалагдсан байдаг юм. Хайстайн Лаврин нь анх Чингэлтэй уул, Хайлааст уул хоёрын дунд байрлаж байсныг сүүлд Туул голын баруун ар руу нүүлгэсэн гэдэг. 19 дүгээр зууны cүүл үед Ёнзон хамба Хайстайн Лавринг модон хашаагаар тойруулж хамгаалалт хийн эзэмшиж байсан юм.
Мөн Богд хаан зуны ордны хашаандаа олон төрлийн мод, ургамал тарьж,  амьтад тэжээдэг байсныг 1913 оны гэрэл зургаас харж болно. 1920 онд Зуны ордон төрийн үйл хэрэг явуулах гол том газар болон хувирсан бөгөөд  Богд хааны Хайстайн ордны доторх ахуйн хэрэглээний тавилга, үнэ цэнтэй болгоныг зарж борлуулсан байна.

Ганц үлдсэнийг нь яах вэ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт орших Богд Хааны Хайстайн лавиран буюу Хүрэн ордон одоо сүр муутайхан ч хэн нэгнийг хүлээх шиг дүнхийсээр. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “Икэл” сангийн хамгаалалтад өгч, харин дараа онд нь Нийслэлийн Засаг даргын 464 дүгээр захирамжаар “Хүрэн ордон”-ы 664 ам,метр газрыг “Икэл” санд таван жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
Гэхдээ одоо эзэмшлийн хугацаа нь дуусч буй учраас ССАЖЯ Хайстайн Лавиранг Богд хааны ордон музейд шилжүүлэн Ногоон ордны нэгэн адил сэргээн засварлаж, музей байгуулан олон нийтэд сурталчлах чиглэлээр ашиглах саналтай байгаа гэнэ. Ийнхүү Хайстайн лавиранг Богд хааны ордон музейд шилжүүлэх талаар шийдвэр гаргаж өгөхийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга болон бусад холбогдох албаны хүмүүсээс хүссэн байна.

Ногоон ордон ч нэг их дээрдэх зүйлгүй

Монголын хаант төрийн нотолгоо болсон Богд хааны ногоон ордон ч одоогоор төрийн хамгаалалтад, түмний нүдэн дээр сүртэй нь аргагүй эд хаваа гайхуулан дүнхийж байгаа ч аль хэдийнэ дээл нь үжирч муудсан ноён мэт харагдах болж. Гурван талаас нь газрыг нь сөөм сөөмөөр мэрсээр, хажуудаа баригдсан өндөр барилгуудын дундаас нар, салхийг арай гэж мэдрэх ч, замаар давхилдах машины утаа тортог, тоос шороонд дарагдсаар л...
Богд хааны Ногоон ордны хаалга наран ургах зүгт чиглэдэг учраас үүдээр нь жирийн ардууд явах эрхгүй байсан гэдэг. Наран хэний ч сүүдэрт саатахгүйгээр ордныг гийгүүлэх учиртай байсан аж. Гэтэл одоо машин зам, том барилга, баар цэнгээний газар сүндэрлэнэ. Бас хашаанд орох нь байтугай ойртож зүрхэлдэггүй жирийн ардын ёс жаяг алдагдаж, хашаа руу нь морь харж, нураах нь холгүй л байна. Гэтэл Англи, Япон, Хятадын эзэн хааны ордон яг л анх байсан хэвээрээ  дүнхийн, эх орондоо ирсэн хүн бүрийг бахархалтайгаар ордны зүг дагуулдаг. Наад зах нь “Сүүлчийн эзэн хаан” киногоор бидний танил болсон устаж үгүй болсон Манж улсын сүүлчийн хааны ордон өнөөдөр ч хэвээр хадгалагдсаар буй.
Лаврин, Торгон зургийн, Уран зургийн, Найдан, Махранзын, Бурхны зэрэг зургаан сүм, Сэрүүн асрыг VIII Богд Жавзундамба хутагтад зориулан 1893-1903 онд бариулжээ. Ордны зүг, хана, хаалга, цонх бүр бурхны номын дагуу хийгдсэн нь бурхан шашныг дээдлэгч ард түмний түүхийг хадгалан үлдээх гэснийх биз. Сүмийн баруун хэсэгт баруун зүгийн эзэн Ёлхорсүрэн, зүүн зүгийн эзэн Жамжийсанг залсан ч дээд тааз нь бороонд элэгдэж, дусаал орсноос хоёр бурхан энд тэндээсээ эмтэрчээ. Устах аюулд автаад буй эдгээр бурхдын дүр цаасаар шууж хийсэн Монголын хамгийн том урлагийн бүтээл. Ногоон ордонд үй олон хосгүй үнэт бүтээл бий.
Гэхдээ энэ бүхнийг хэний ч зогсоож дийлдэггүй байгалийн хүчин зүйл хэзээ мөдгүй үгүй болгох нь. Ордныг өнөөдөр хаана ч байхгүй хөх тоосгоор барьжээ. Бороонд элэгдэж урссан ханыг заавал хөх тоосгоор сэргээн засна гэвэл устчихсан юм хойно нь дахиад л барих хэрэг гарах биз. Хөх тоосгыг тэр үеийнх шиг үйлдвэрлэх хугацааг ордон хүлээж тэсэхгүй гэсэн үг. Богд хааны ордныг хэсэгчлэн сэргээн засахаар ССАЖЯ-наас 2012 оны намар дөрвөн багц ажлын зураг төсөл гаргасан байдаг. 1913 онд барьж, 1973 онд сэргээн зассан Хувцасны сангийн сүмийн барилгыг нэн түрүүнд засахаар “Ган харш” компани ажилдаа ороод байгаа нь сайн хэрэг. Энэ сүм тэр чигтээ доош сууснаас хана, багана нь чийгтэж, мод нь ялзран, дам нуруу нь хотойжээ. Гэтэл өвлийн ордон ч суулт өгөөд байгаа аж. Тиймээс цаг хугацаатай уралдан сэргээхгүй бол салбарын яам нь тендер зарлачихаад хүлээгээд суух сөхөө байхгүй болоод байна.

Өнгөрсөн жил мэргэжлийн хяналтынхан уг ордныг шалгаад яаралтай сэргээн засварлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Хаянхярваа, Улаан сахиус, Дүйнхор буюу Цагийн хүрдэн, Намсрай, Гомбо, Дамдин Чойжоо буюу Эрлэг Номун хаан, Эсэр тэнгэр зэрэг Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийн жагсаалтад багтсан зээгт наамлууд энэ ордонд бий. Мөн дээр дурьдсан “Марзан” Б.Шаравын “Хайстай Лаврин” буюу Богдын хүрэн ордон, Хүрээний зураач Жүгдэрийн “Нийслэл Хүрээ” зэрэг байгалийн шороон будгаар зурсан монгол зураг, “Жигжид” хэмээх танка зураг гэхчлэн үнэт бүтээлтэй. Гадаад, дотоодын жуулчдын нүдийг хужирладаг хосгүй үнэт бүтээлүүдээ борооноос яаралтай хамгаалж, ордны дээврийг засахгүй бол бороо татрах яагаа ч үгүй байна. Ордны дээд давхрын таазанд бүхэлд нь борооны ус нэвчиж, хойд талын хоёр ч хэсэг газарт дусаал гоожиж байлаа.
Таазнаас нь дусаал гоожиж, дор нь хувин тосчихсон зутруу байдлыг гадаадын жуулчид хараад юу гэж бодоо бол гэхээс яс хавталзав. Ийм байдалтай гурван жил болж байгаа гэнэ.
Гэхдээ Засгийн газрын 2007 оны 303 дугаар тогтоолоор “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр” баталж, 2008-2015 онд үүнийг хэрэгжүүлэхэд 13.2 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2012 он хүртэл 1.9 тэрбумыг нь зарцуулжээ.Үлдсэн хөрөнгөөр нь хэд хэдэн түүхэн объектыг сэргээхээр төлөвлөөд байгаагийн нэг нь Богд хааны ногоон ордон. Мөн хүрэн ордонг төрийн өмчид шилжүүлж чадвал энэ хөрөнгөөс сэргээн засварлах зардлыг гаргана гэдгээ холбогдох мэргэжилтнүүд өгүүлнэ билээ.


Түүх, соёлоо сэргээх хүнгүй байна

Харьяалах яамтай болж, хөрөнгө мөнгө шийдэгдэх нь амархан ч бас нэг асуудал тулгараад байгаа аж. Түүх дурсгалын зүйлийг сэргээн засварлах байгууллага, урчууд дутмаг учраас ногоон ордонд байрлах Махранзын сүмийн дээвэр, ханыг сэргээн засварлах хөрөнгө болох 170 сая төгрөгийг ССАЖ-ын сайдын багцаас гаргаад, хоёр сар гаруйн нүүрийг үзэж байгаа ч саналаараа ирээд ажиллах мэргэжлийн хамт олон олдоогүй байна. Тийм учраас тендер зарлахаас өөр сонголтгүй болжээ. Тэгэхээр дараа жилээс нааш сэргээх ажил хийгдэхгүй. Харин дээр дурьдсан Хувцасны сангийн сүмийн барилгыг засч буй “Ган харш” компани одоо хийж буй ажлаа дуусаад, Махранзын сүмийн дээврийн ажил руу орвол наанадаж хугацаа шаардана. Ирэх хоёр сард нийслэл хот бороошиж, намаршдаг учраас энэ хоёр сарын хугацаанд дээвэр нь нурсан Махранзын сүм тэсч гарна гэдэгт итгэх арга алга. Хоёр сарын дараа сэргээн засах биш, сэргээн барих ажил хийх хэрэг гарах вий дээ..,

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Түүх ду₮рсгалын барилга байгууламж түүний дотор байгаа эд зүйлийг өөрийн өмч мэд хайрлан хамгаалж ав үлдэх нь төр засгийн бодлого байх ёстой. Тийм учраас эхний ээлжин Богд хааныхаа ордон музей болон хэдхэн үлдсэн барилга байшингийн түүх намтарыг түүнд амьдарч байсан түүхэн хүмүүсийнхээ тухай 10 жилийн хүүхдүүдээс эхлээд мах цус ой тойнд нь ортол сайхан тайлбарлаж хэлж өгөх хэрэгтэй. Богд гэж ямар хүн байсан юм тэр хүнийг тойроод байсан тайж ноёдууд хэн хэн байсан монгол орныхоо төлөө яаж зүтгэж, яаж амиа алдаж байсан энэ Монгол улсыг өдий зэрэгт хүргэхэд хэн яаж суурийг нь тавьсан юм. Тэр үеийн хаад ноёд бие биендээ ямар хүндэтгэлтэй, дуулгавартай ажиллаж бодлого боловсруулахад монгол хүнийхээ ёсоор яаж хандаж байсан юм. Мөн гадны түрэмгийлэгчдээс эх орон газар шороогоо яаж хамгаалж байсан юм гэдгийг нь яг үнэн зөвөөр нь түүхэнд бичигдсэнээр нь хэлж өгөх шаардлагатай байна. Одоо бол Түүхийг өөр өөрийн ойлгосоноос ярьж байна. Зарим нь Богдыг элдэвээр муу хэлэх, зарим нь огт мэдэхгүй ийм л байна шүү дээ.Тийм болохоор хүүхдүүд минь Түүхийг их зөвөөр нь ойлгож эх орон минь ямар сайхан хүмүүсээр хамгаалагдаж бидэнд ирсэн юм бэ гэж бахархах юмтай болцгооё гэж настан буурал эмээ нь уриалж байна. Бүгдээрээ Уйгаржин монгол бичигээ сурцгаая.
Хамгийн их уншсан