Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМЕРИКЧУУД 11,8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР САВЛАСАН ЦЭВЭР УС АВЧЭЭ

Орчин үеийн хүн тө­рөлхтний өдөр тутмын амьд­ралын хэрэглээний салшгүй нэг зүйл бол савласан цэвэр ус гэвэл хэтрүүлэг болохгүй байх. Арктикаас эхлээд Антарктид хүртэл хүн амьдарч, ажиллаж байгаа газар бүрт л гартаа савласан цэвэр ус барьсан хүн бий. Тэгвэл дэлхий нийтээрээ хэдий хэмжээний савласан цэвэр ус хэрэглэдэг юм бол? Энэ талаар сонирхож хайж үз­тэл хэдхэн хоногийн өмнө бизнес зөвлөгөөний “ConvergEx Group”-ийн мэргэ­жил­тэн судлаач Ник Коласын гаргасан сонирхолтой мэдээ­лэлтэй таарлаа. Тэрээр АНУ дахь савласан цэвэр усны хэрэг­лээний талаар нэлээд со­нирхол татахуйц статистик мэдээ гаргажээ. Эдгээрээс за­ри­­мыг нь уншигч танд сонирхуулъя.
Америкт нэг галлон /1 гал­лон =3,79 л/ савласан цэвэр ус дунджаар 1,22 ам.долларын үнэтэй байдаг нь цэвэр усны шу­гамнаас буюу манайхны ярьж сурснаар “крант”-аас ав­сан төдий хэмжээний устай зүйр­­лэвэл 300 дахин үнэтэй аж. Үүнтэй холбоотойгоор Ник Колас хэрэглэгчдэд хан­дан “Галлон гэж байгаа ч бодит байдал дээр савлагдан зарагдаж байгаа нийт цэвэр усны гуравны хоёр нь 0,5 литрийн савтай байдаг болохоор бодит үнэ нь бүр өндөр болж таарна. Аме­рикийн усан хангамжийн үйлд­вэрүүдийн холбооноос гаргасан судалгаагаар нэг галлон цэвэр усны үнэ 7,5 ам.доллар. Энэ нь “крант”-ны нэг галлон уснаас 2000 дахин үнэтэй, стандарт чанар бүхий шатахуунаас хоёр дахин үнэтэй байгаа хэрэг юм” гэжээ.
Цаашлаад ноён Коласын гаргасан зарим сонирхолтой статистик мэдээг сонирхоцгооё.

• 2012 онд америкчууд сав­ласан цэвэр ус худалдан авахад 11,8 тэрбум ам.доллар зарцуулжээ. Энэ бол 2011 оныхоос 6,5 хувиар өссөн үзүүлэлт. 2011 он америкчууд 11 тэрбум ам.долларын савласан цэвэр ус авч байв.
• Дээр дурдагдсан 11,8 тэрбум ам.доллараар 9,7 тэр­бум галлон ус худалдан авчээ. Ингэснээр галлон савласан цэвэр усны дундаж үнэ 1,22 ам.доллар болж байна. Гэхдээ дээр дурдагдсан мөнгөний 64 хувь нь 0,5 литрээр савласан цэвэр усанд ноогдож байгаа болохоор галлон цэвэр усны үнэ 7,5 ам.доллар болтол өсч таарна.
• Америкт хэрэглээний цэвэр усны нэг галлон нь 0,004 ам.доллар байдаг нь савласан цэвэр уснаас 300 дахин хямд гэсэн үг.
• Жилдээ 9,7 тэрбум галлон савласан цэвэр ус хэрэглэдгээрээ АНУ нь дэлхийд тэргүүлдэг. Үүний дараа 7,7 тэрбум галлон савласан цэвэр ус хэрэглэдэг Хятад ордог.
• Дэлхийн хэмжээнд жилд 61,4 тэрбум галлон савласан цэвэр ус хэрэглэдэг бөгөөд үүний 15 хувь нь АНУ-д ноогддог.
• Европчууд хамгийн анх цэвэр усыг савлаж зардаг болсон. Бүр тодруулбал франц­чууд “Perrier” гэдэг нэ­рээр усыг савлан худалдаж эхэлжээ.
• Европт савласан цэвэр усны хэрэглээгээрээ Итали толгой цохидог бөгөөд энэ улс жилдээ гурван тэрбум галлон савласан цэвэр ус уудаг.
• Савласан цэвэр усны үнийг 1991 оноос хойш бүртгэж эхэлсэн байдаг бөгөөд түүнээс хойш хэрэглээ ба борлуулалтын хэмжээ нь 312, 371 хувиар тус тус өсчээ.
• 1991 онд америкчууд 2,4 тэрбум галлон савласан цэвэр ус худалдан авахад 2,5 тэрбум ам.доллар зарцуулж байв.

• Нэг хүнд ноогдох сав­ласан цэвэр усны хэмжээ нь АНУ-д 1991 онд 9,8 галлон байсан бол 2012 онд 30,8 галлон болсон байна.
• Нэг хүнд ноогдох сав­ласан усныхаа хмжээгээр Мек­сик дэлхийд тэргүүлдэг. Энэ улсын нэг хүнд 65,5 галлон савласан цэвэр ус ноогддог. Хоёрдугаар байранд 49,9 галлон гэсэн үзүүлэлттэй Ита­ли, гуравдугаарт 44,9 гал­лонтой Тайланд, дөрөв­дү­гээрт 43,2 галлонтой Арабын Нэгдсэн Эмират, тус бүр 38,3 галлонтой Бельги ба Люксембург тавдугаарт ордог байна. /Нэг хүнд ноогдох цэвэр усны хэмжээ нь тухайн улсын нийт хэрэглээнээс ялгаатай гэдгийг анхаарна уу/
• Нэг хүнд ноогдох савласан цэвэр усны хэмжээгээрээ АНУ нь дэлхийд 11 дүгээрт ордог.
• 2008-2009 оны хямралын үед америкчуудын савласан цэвэр усны хэрэглээ гурван хувиар буурч байжээ.
Дэлхийн хэмжээнд савла­сан цэвэр усны хэрэглээ энэ мэтээр нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь хэрэглээний цэвэр усны хүртээмж хангалт­гүй  байгаа юм. Том хотуудад хэрэг­лээний цэвэр усны асууд­лыг шийдсэн гэдэг ч “крант”-ны цэвэр усны чанар нь тэр бүр ариун цэврийн шаардлага хангаж чаддаггүй болохоор савласан цэвэр усны хэрэглээ их байдаг. Хүнд үйлдвэрлэл өн­дөр хөгжсөн зарим бүс ну­таг, хотуудад  “крант”-ны усыг зөвхөн шал, хувцас угаах гэх мэт зүйлсэд хэрэглэх бо­ломж­той байдаг болохоор ор­­шин суугчид нь ундны цэ­вэр усаа савласан байдлаар ху­дал­дан авахаас өөр аргагүй болдог.
Гэхдээ  нөгөө талаас цэвэр усыг “крант”-аар түгээснээс олох ашиг бага учраас үйлд­вэр­лэгчид бага зэргийн шүүлт хийсэн болоод савлан дээр дурдсантай адил 300 нугарсан ашиг олдог. Хэдэн сарын өмнө Европын савласан цэвэр ус үйлдвэрлэгч том компаниудтай холбоотой яг ийм дуулиан гарч байсан. Шалтгаан нь үйлдвэрлэгчид гүнээс авсан, сайтар шүүсэн гэж усныхаа шош­гон дээрээ бичсэн бай­даг ч бодит байдал дээр ний­­тийн хэрэглээний цэвэр ус­ны хоолойноос авсан усаа ба­раг цэвэрлэлгүйгээр шууд зар­даг нь илэрч хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлсэн.
Манайд ч савласан цэвэр ус­ны чанартай холбоотой дуу­­­лиан дэгдээд намжсан санагдана.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан