Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ОЮУ ТОЛГОЙ”-Н ЗАХИРЛААР Б.БОЛДЫГ СОНГОВ УУ

“Рио Тинто” компани “Оюу Толгой”-н шинэ захирлаар Монгол хүн тавих нь хэмээн дэлхийн хэвлэлүүд мэдээлж эхэллээ. “Оюу Толгой”-н одоогийн захирал Камерон МакРейн гэрээний гурван жилийн хугацаа ирэх арваннэгдүгээр сард дуусгавар болох учир түүний оронд шинэ захирал томилох хэрэгтэй болоод байгаа. Харин тэрхүү суудалд очиж, 6,2 тэрбум ам.долларын төслийг удирдах хүн нь Монгол хүн, тэр дундаа “Рио Тинто”-гийн  Зэсийн группийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Б.Болд гэж “Reuters” мэдээллээ.
Б.Болд Монголдоо  “Алтан Дорнод Монгол” компани, Ньюком группийн Гүйцэтгэх захирал, Мобиком болон Изинис Эйрвэйс компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, харилцаа холбоо, агаарын тээвэр, үл хөдлөх хөрөнгийн менежмент, уул уурхайн үйлчилгээ болон нөхөн сэргээгдэх эрчим хүч зэрэг олон салбарын хөрөнгө оруулалтыг удирдаж байсан юм.
Мөн тэрээр Нью-Йоркт “JP Morgan”-д ажиллахдаа IPO  гаргах, компанийн хөрөнгийн үнэлгээ, хувьцааны болон зээлийн санхүүжилтийн хөрөнгө босгох, компаниуд нийлэх, нэгдэх хэлцлүүдийн чиглэлээр туршлага хуримтлуулан, Blackstone, Warburg Pincus, KKR, Apollo зэрэг АНУ-ын тэргүүлэх компанид санхүүгийн зөвлөгөө өгч АНУ, ОХУ, Европ болон Азид нийтдээ 30 гаруй хэлцэл амжилттай хийж гүйцэтгэж байжээ. Тийм ч учраас “Оюу толгой” төслийг удирдахад түүнд туршлага, мэдлэг дутах зүйлгүй гэж Рио Тинто үзсэн бололтой.  “Рио Тинто”-гийн томилгооны талаар нэлээд мэдээлэлтэй хоёр ч эх сурвалж “Reuters”-д ингэж мэдээлсэн байна.
Б.Болд гурван жил гаруй “Рио Тинто”-гийн зөвлөхөөр ажиллаж байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сараас зэсийн группийг нь удирдах болсон билээ. Гэхдээ түүний шинэ томилгооны талаар “Рио Тинто”-гийн Мелбурн дахь хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
“Оюу толгой”-н захирлаар Монгол хүнийг томилсноор “Рио Тинто” болон Монголын Засгийн газар хоорондоо ойлголцож, хамтран ажиллахад илүү дөхөм байх болно. Энэ нь ч “Оюу толгой” төслийг цаашид амжилттай хэрэгжихэд дэмтэй хэмээн ажиглагчид үзэж байна.
“Оюу толгой”-н тухай хамгийн сүүлийн сонин буюу “Рио Тинто төслийнхөө таван тэрбум ам.долларын өртөгтэй далд уурхайн хоёр дахь  үе шатны ажлыг түр хойшлуулахаар болсон” тухай мэдээлэл ч хөрөнгө оруулагч хоёр талын харилцан үл ойлголцлоос үүдсэн гэж ажиглагчид харж байгаа. Рио Тинтогийн зүгээс төслийн хоёр дахь шатны санхүүжилтийг батлуулахаар Засгийн газарт хандсан ч энэ асуудлыг УИХ хэлэлцэж шийдэх ёстой гэсэн хариу өгч.
Харин УИХ-ын чуулган ирэх аравдугаар сараас нааш хуралдахгүй тул далд уурхайн ажлыг зогсоох нь зүйтэй, эрх баригчид тодорхой шийдвэр гаргах хүртэл газар доорхи бүтээн байгуулалтын нэг ч ажил хийхгүй гэдгээ “Рио Тинто” мэдэгдлээ. Энэ бол “Рио Тинто” дахин эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ тодорхой илтгэсэн явдал боллоо гэж ажиглагчид үзэж байна. Тус компани одоогийн байдлаар “Оюу толгой”-д дөрвөн тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулчихаад байгаа юм. Тиймээс эрх баригчидтай хэлэлцэж шийдвэрлэх ярвигтай асуудлуудад монгол талын хүн байх нь яриа хэлэлцээрийг урагшлуулж, эрх баригчидтай ойлголцоход илүү дөхөм болно байх гэж “Рио Тинто” найдаж байгаа бололтой.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
gadniihand ashigtai shiidver l gargav dee. mongol hun bna, mongoliihoo erh ashgiig bodooroi
Дэмжиж байна,чадалтай сайн залуу байх
Bold ajliig ni avchih Tegeed Mgl-mhoo tald ashigtai gol heltsluudee hiichih Tegeed halagdana l biz Naaduul chini garaar chini mogoi bariulah gej bgaa ni todorhoi
Хамгийн их уншсан