Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨӨСТЭЙ ҮНИЙН ЭЗДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ АРГА БИЙ ЮУ

Дэлхийн аль ч улсад SALE гэж нэг сайхан зүйлтэй таарна даа. Монголчуудын брэнд гээд байдаг барааг багахаан үнээр авчихдаг болохоор заримдаа цахим ертөнцөөр аялан “SALE”-ийг анаж байгаад л гадагшаа яваад хувцас хунараа цуглуулдаг баймаар ч юм шиг. Ядаж нэг улс орон үзээд ирэх юм даа. Ер нь өөрөө үйлдвэрлэгч бас экспортлогч улс орнын хувьд бүтээгдэхүүнийхээ үнийг буруулах нь хэвийн үзэгдэл. Харин бидний хувьд импортлогч учраас гээд өсөлтийг хөөрөгддөг нэг “сайн” талтай. Нэг өссөн үнэ буурна ч гэж ёстой байхгүй дээ. Тиймээс л Монгол банк Засгийн газартай хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр гээчийг энэ жил хэрэгжүүлж буй. Энэ нь нэг талаар иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөх, нөгөө талаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой. Хөтөлбөр нь дотроо хэд хэдэн дэд хөтөлбөртэйн нэг нь барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны үнийг тогтворжуулах. 370 гаруй тэрбум төгрөгөөр хэрэгжиж байгаа хөтөлбөрийн ачаар орон сууцны үнийг тогтвортой барина гэж байсан ч эрэлтээс шалтгаалсан зах зээл учраас энэ нь бодит амлалт байж чадахгүйг хүн бүр харж буй.
Тэгвэл саяхнаас ам.доллар гуайн ханш огцом өсч, өнөө хэдэн дэд хөтөлбөрийнх нь “үхрийн сүүлэн дээрхи хутга” болоод байна.
Хэдийгээр барилгын материалын бөөний үнэ өсч сүйд болоогүй ч жижиглэнгийн үнэ нэмэгджээ. Худалдаачид үнэ нэмсэн шалтгаанаа  юанийн ханш өсөөд байгааг мэдээгүй хэрэг үү хэмээх асуултаар тайлж байна. Барилгын материалын төрөлжсөн зах болох 100 айлын бөөний дэлгүүрүүдийн дөнгөж  босго алхаад л цементийн үнийг лавлахад шуудай нь 9000 төгрөг буюу тонн нь180 мянга болсон гэв. Сарын өмнө тонн нь 140 мянган төгрөг байсан биз дээ гэхэд нэмэгдсэн шүү дээ гээд авбал ав боливол боль гэсэн царайгаар харна. Ингээд будаг, цемент замаски, лампир бөөний цэг гэсэн хаалгаар ороод л будгийн үнэ асуувал 18 литртэй хятад будаг 35 мянган төгрөг гэв.
 Худалдагчид хандан:
 -Уг нь юанийн ханш долоо хоногийн өмнөөс л бага зэрэг хэлбэлзэж эхэлсэн биз дээ. Гэтэл та нар барааныхаа үнийг аль хэдийнэ нэмчихсэн байдаг. Сургаар л нэмчихсэн юм биш үү?
- Юу яриад байгаа юм бэ. Бид нар чинь завгүй хөдөлмөрлөж байж таван цаас олдог. Бараагаа татах гээд хүн бүр зээл авчихсан байгаа. Барьцаатай чадалтай нь банкнаас овоо хэдэн төгрөг авдаг бол зарим нь өндөр хүүтэй зээл ч  хувь хүн энэ тэрээс авдаг. Тэгэхээр зээлтэй хүмүүс чинь  зогсолтгүй бараа борлуулж байж л жаахан ашигтай ажилладаг. Юанийн ханш өссөн болохоор яах ч аргагүй зарим зүйлээ бага зэрэг нэмсэн.
-Будаг, цемент гээд л барилгын гол нэрийн зарим зүйлийн үнэ нэмэгдсэн харагдаж байна. Хашаандаа байшин барих гэсэн хүмүүс ч мөн л зээл энэ тэрээр л болгодог учраас л?
-Хүнийг бодоод өөрөө ашиггүй ажиллах хэрэг үү. Угаасаа л бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж л байгаа биз дээ.
-Монголбанк, Засгийн газ­раас бодлогоор энэ салбарыг дэм­жиж, Замын-Үүдэд наад зах нь гацаахгүй, нийлүүлэлт хэвийн байгаа биз дээ?
-Тэглээ гээд авч байгаа үнэ маань нэмэгдсэн шүү дээ гэх худалдагч бид хоёрын хэг ёг хийх яриа нэг л нийлж өгсөнгүй.

Ингээд цемент бөөнөөр болон жижиглэн зарна гэсэн 9191... дугаартай утас руу залгалаа.

-Сайн байна уу. Хаанахын цемент ямар үнэтэй зарах вэ?
-Хятадын 4-25. Тонн 135 мянган төгрөг. Их хэмжээгээр авбал тохиролцоно оо хө гэв.

“Цемент зарна” гэсэн зар өгсөн хэд хэдэн утас руу залгаж үзлээ. Нэмэгдсэн юм алга. Харин 100 айлын худалдаачид маань ханшийн хэлбэлзлийг далимдуулж, хөөрхий биднийгээ монжихоор шийдсэн бололтой.
100 айлын “бөөний” гэсэн цэгүүдээр орж, барилгын зарим нэг бараа бүтээгдэхүүний үнийг сонирхлоо. Угаадаг замаск буюу цэцэгтэй нь 9500, бүргэд хаалга 120 мянгаас дээш, модон бол 60 см өргөнтэй хаалга 75-250 мянган төгрөг байна.
 Харин 15х1,6 метр солонгос обой 18 мянган төгрөг, плита 30х40см нь 2500-гаас дээш, арай жижиг нь 1000-1500 төгрөг, суултуур 120-270 мянга, ванн 1,5-1,7 метр урттай нь 200-250 мянган төгрөг байгаа юм.
Дөрвөн жилийн өмнөх үнээсээ төдийлэн хөдлөөгүй санагдав.  Энэ бүхнээс үзвэл ам.долларын ханш, юанийг чангааж хариуд манай жижиглэн худалдаачид хамгийн гүйлгээтэй зарим барааны үнээ “хөөсөртөл нь савандаад” хөөрхөн ашиг олох боломж хайж буй бололтой. Харамсалтай нь тэдэнд хяналт тавьж, барааныхаа үнийг тогтвортой барих даалгавар өгөх боломж үгүй. Учир нь чөлөөт ардчилсан нийгэмд өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан зүйлээ бусдад шахалгүй зарж борлуулж байгаа хэмээн эрх чөлөө ярина. Хамгийн гол нь хөөрхий бидний хэдэн амьтан хөлд нь үрэгдэж, халааснаасаа ахиухан мөнгө гаргах нь дээ.

Н.Бат

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан