Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИНИЙ ХАРСАН ЯРУУ НАЙРАГ

Зураач Ж.Болортүвшингийн “Тэмдэглэлийн дэвтэр III” үзэсгэлэн гарсныг дуулаад зорьж очлоо. “Тэмдэглэлийн дэвтэр I” үзэсгэлэн нь 2007 онд, “Тэмдэглэлийн дэвтэр II” нь 2010 онд гарч байжээ. “Уран зураг бол харах яруу найраг” гэдэг. Сайн, муу ээлжтэй байдаг алаг хорвоод амьдран буйгаа, аз жаргал, гунигаа, ганцаардлаа, нууцаа агшин бүрт тэмдэглэн үлдээдэг. Тэгвэл уран бүтээлч сэрж мэдэрснээ ямар өнгөөр тэмдэглэн үлдээснийг, “Тэмдэглэлийн дэвтэр III”-ийн хуудас бүрт шингэсэн баяр хөөр, догдлол, уйтгар гунигийг өөрийнхөөрөө унших гэж хичээлээ.
Үзэсгэлэнгийн үүдээр ороход хамгийн түрүүнд “Миний даашинз” нэртэй байрлуулах урлагийн бүтээл нүдэнд туслаа. Эмэгтэй хүний гоо сайхан биеийн галбирыг харуулсан энэ бүтээлээрээ зураач агаар, орон зайн тухай илэрхийлжээ. Харин миний хувьд энэ зураг хүн өөрөө өөрийгөө бүтээж шинээр төрдөг үзэгдлийг харуулсан мэт. Тод эрчимлэг хийгээд зөөлөн бор шаргал дулаан өнгө хослон буй жаазтай зурагнуудын дунд хэмжээгээрээ том улаан өнгө бүхий зурагны нэр их содон. “Охин нас”. “Би жижигхэн ОХИН байхдаа хув зүүдэг байлаа. СҮНС минь бяцхан эрвээхэй мэт ЭМЗЭГ. Биений минь ДАЛАВЧ яг л жижигхэн хөх шиг минь өвдөн УРГАЖ, бодол маань олон салаа сүлжсэн ҮС шиг минь хөврөн ургадаг байв”. Зураач “Охин нас” бүтээлдээ ийн тайлбарлажээ. Охин насны дүүрэн эмзэглэл, эрх чөлөө, үс шиг ургах ухаан хийгээд гол зурагдан гэнэт уйлаад инээх шиг мэдрэмж төрүүлсэн энэ зургийг хараад л баймаар. Зургийн өмнө хөшөө шиг зогсох надад энэ зургийг үзсэн эмэгтэй бүрт л ийм мэдрэмж төрсөн байхдаа гэж бодогдож байлаа. Үзэсгэлэн гараад удаж байгаа ч зураачийн “Тэмдэглэлийн дэвтэр”-ийг сөхөх хүн олон байв. Сэтгэл оюунаас чухам ямархан өнгө гарахыг бид хэлж мэдэхгүй ч өөрийгөө чагнаж, ганцаардлаа бөөцийлсэн уран бүтээлч хүний дотоод ертөнцийг энд дэлгэсэн 25 хуудаснаас уншиж болохоор.

“Ийм байсан юм”

Зураачийн бага нас руугаа харж зурсан “Ийм байсан юм” бүтээл хүн бүрийн дотор оршигч бяцхан танилыг нь эрхгүй санагдуулна. Тэрээр үсрээд үүлэнд хүрчих юм шиг, үүлс яагаад жижигхэн цагаан хурганууд шиг харагддагийг сонирхож явсан гэнэхэн бага насаа зүүдний ертөнцтэйгээ хамт зуржээ. Яг л хэн нэгний  мэдэх эсвэл мэдэхгүй бяцхан танил шиг.

“Үсэн гэр”-тээ суугаад ганцаардах дуртай нэгэн

Гэрээсээ өөрөөсөө ч гармаагүй үе байдаг. Тийм үед үсээ нөмрөөд л өвдгөө тэврэн бодох дуртай нэгэн таны дотор оршдог уу. Эмэгтэй хүний гоо сайхны сонгодог илэрхийлэл үс. Үс магадгүй сүнсний тайвшралын гэр ч байж болох. Түүний “Цэнхэр”, ”Танилын тухай сонсоод”, “Эва”, “Лийрийн тэмдэглэл”, “Охин нас”, “Үсэн гэр”, “Аквариум”, “Үдэш болтол” бүтээлүүд эмэгтэйг зөвхөн эмэгтэй хүний ганцаардал л ойлгодог юм шиг хачин эмзэг мэдрэмжийг төрүүлсэн.

Зүүдний тэмдэглэл

Амьдрал зүүд юм бол
Нэг л цагт би сэрнэ.
Амьдарч зүүдэллээ гэхгүй,
Үхэж зүүдэллээ гэж ярина...
хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана бичсэн байдаг. Харин энэ урланд тавигдсан зүүдний ертөнц шиг зургууд яагаад ч юм дурсамж сэдрээж, хөнгөхөн гуниг, санаа алдалтыг бэлэглэв. “Улаан уул”, “Сэрвээ”, “Ийм байсан юм”, “Язгуур”, “Охины зүүд” бүтээлүүд бага насны дурсамжийг чихэнд шивнэнэ. Магадгүй түр нойрссон сэтгэлийг тань сэрээж зүүдний ертөнцөөр аялуулна гэдэгт итгэнэм.

Хайрламаар тэд минь “Өндөг шиг”

Тэд. Хэн ч байж болно. Хайрламаар тэдэндээ хэт ойртвол хагарч мэдэх. Хэзээ өндөгнөөсөө гарч үүрээ орхин дэвэн нисэх бол..,
Ийм л нандин оршихуй. “Өндөг шиг”, “Эр цэцэг”, “Би дэлхий”, “Энэ өдрийн өнгө”, “Хүнд ээмэг”, “Модны өгүүлэл”, “Амсхийлт”, “Чандман”, “Туулай”, “Лийрийн тэмдэглэл”, “Агаар мэт” зэрэг утга учрын тухай гэгээн тунгалаг совинтой бүтээлүүд амьдрал, хүмүүс, аз жаргалын тухай өгүүлэх нь гэгээлэг.  

“Модны өгүүлэл”

Би яагаад ч юм зөөлөн шаргал бор өнгөнд сүүлийн үед дуртай болоод байгаа.  Миний үсийг хар л даа яг тийм шаргал өнгөтэй байгаа биз дээ гэж инээмсэглэх зураач цаас болчихсон моддыг өрөвдөн тэмдэглэлийн дэвтэртээ мөнхөлсөн нь өөрийнхөө хөргийг зурсан мэт.
Амьдралаа бид тэмдэглэн бичдэг. Дотоодоос гарах хашгирааныг хүлээцтэй сонсогч ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР. Хэн нэгэн амьдрахын тулд зүгээр л тэмдэглэл бичдэг. Голоо зогоох мэт. Яагаад гэж үү. Яагаад гэвэл тэр хамгийн тэвчээртэй сонсогч учраас...
“Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Солиотой жүжиг”, “Эхнэрээ зээлээч”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Аюултай туршилт” жүжгийн тайзыг урлаж явсан энэ зураачийн тэмдэглэл хэний ч өмнө нээлттэй.
Гэхдээ түүний ертөнцийн өнгөнүүд хүн бүрт өөр мэдрэмж, ухаарлыг өгөхөөр энэ сарын 15-ныг хүртэл “976” арт галерейд дэлгээтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан