Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багахаан зардлаар байраа засах 10 арга

Барилгын материал улам л үнэд ороод байна гэх юм. Гэтэл өвөл болохоос өмнө, зуслангаас орж ирэхээсээ  өрсөөд байраа жаахан ч гэсэн засаад өнгө оруулчихмаар л байгаа биз дээ. Тэгээд ч нэг их хуучирч муудаагүй ч гэсэн орчноо шинэчилж, шинэ хэв загвартай, бас сонирхолтой болгомоор л байгаа биз. Дараах 10 зөвлөгөө бол таны мөнгийг ч хэмнэнэ, гэр орныг чинь ч гайхамшигтай сайхан болгоно доо.

1.    Нэг их чамин тансаг ханын цааснаас зүгээр л шинэ, гэгээлэг тийм өнгөөр ханаа будаад үз. Гэртээ ямар өнгө сонгох нь таны хэрэг. Бас ханан дээрээ хөнгөхөн орчин үеийн зураг шууд будаж болно, эсвэл тийм зураг аваад өлгөж болно.

2.    Хямд үнэтэй жижиг тавилгууд, үзэг харандааны аяга ч юм уу, гэрэл зургийн жааз, баримал, ваар мэтийг аваад тавь. Жижиг зүйлүүд мэт боловч гэрт чинь шинэ өнгө үзэмж нэмнэ шүү.

3.    Ор дэрний цагаан хэрэгслийг аль болох гэгээлэг, зун намарт тохирсон өнгөтэйг сонгоод ав. Хар бараан өнгөтэйг нь өвлийн дүн хүйтэн болтол цааш нь хийчих. Ер нь гэгээлэг өнгө сайхан зүүд зүүдлүүлдэг гэдэг.

4.    Амьд цэцэг чинь зөвхөн цонхон дээр л байдаг зүйл биш гэдгийг сана. Цагны тавиур, явган ширээн дээр цэцэг тавих чинь өрөө тасалгааны өнгө үзэмжинд нөлөөлөхөөс гадна эрүүл агаар, хүчил төрөгч ялгаруулдаг шүү дээ.

5.    Хуучин эд зүйлийг ч гэсэн шинэ юм шиг болгож болно, хаях гэж бүү яар. Шүүгээ, явган ширээ мэтийг шинэ хуулгаар нааж, шинээр будаад үз. Цэцгийн хуучин ваарыг ч гэсэн дээ, хурц өнгийн будгаар, тэгэхдээ жаахан модерн хэв загвараар будаад хар даа. Хуучин гэхээргүй, сонин харагдаж байгаа биз дээ.

6.    Зуслан дээр, ер гэрт ч гэсэн хэрэггүй болсон хуучин эд зүйл бишгүй нэг байгаа биз дээ. Нэг их ад үзээд хэрэггүй, харин шинэ хэв маяг, загвар болгон ашиглаад үз. Зургийн хуучин жааз, эртний шаазан таваг гэхэд ямар харагдаж байна.

7.    Хуучин цагийн тавилга хоцрогдсон гэх хэрэггүй. Цоо шинэ, тэгэхдээ гэгээлэг хурц өнгөөр будаад харахад гэрийг чимээд л өгнө. Хямд атлаа шинэлэг харагдаж байна уу.

8.    Хөшиг чинь заавал л цонхны наана өлгөөтэй байх ёстой зүйл биш шүү дээ. Ханыг чимж болно, эсвэл гал тогоо, унтлагын өрөөг зааглаж болно. Харин өнгийг нь олж сонгох ёстой

9.    Гэрлээр юуг яаж ч аятайхан болгож болно. Тэгэхээр ямар гэрэл, ямар бүрхүүл хаана байх вэ гэдгийг зөв сонгох хэрэгтэй гэсэн үг. Гэрэл зөв газраа байрлаж, зөв тийшээ тусч байвал гэр чинь гэрэл гэгээтэй, өнгөлөг л харагдана.

10.    Гэр орноо тохижуулна, засвар хийнэ гэхээрээ л дэлгүүрээр явж шинэ юм хайхаа түр азна. Гэрт чинь хэрэг болчихоор юм зөндөө л байгаа. Гагцхүү түүнийг өөр нүдээр харж, шинээр сэтгэ. Гэрийн тавилганы байрыг солиод тавихад л  цоо шинэ мэдрэмж төрдөг юм чинь ингээд өнгө зүсийг нь засчихад сэтгэл сэргээд л ирнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан