Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.АЛТАНХУЯГ: АЛТ, ЗЭС, НҮҮРСЭЭ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАЖ БАЙГАА Ч НЭГ Ч АМ.ДОЛЛАР ЭРГЭЖ ОРЖ ИРЭЭГҮЙ

Долоо хоног бүрийн пүрэв гарагт Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзаж, 30 минутын хугацаанд сонирхсон асуултад нь хариулт өгдөг уламжлалтай. Энэ удаагийн ээлжит хурал өчигдөр болов. Тэрээр уулзалтын эхэнд Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар дурдсан юм. Сүүлийн өдрүүдэд валютын ханш чангарч, төгрөгийн ханш суларч байгаа нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн. Үүнийг шуурхай шийдвэрлэх үүднээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав уулзаж, цаашид хэрхэх талаар ярилцсан байна. Тэрээр сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

-Оюутолгойн далд уур­хайн олборлолт зогссон нь юутай холбоотой вэ. Тус компанийн зүгээс Засгийн газарт ямар нэг тайлбар хэлсэн үү?

-Монголын талаас Оюу толгойд ямар нэг саад тотгор учруулсан зүйл байхгүй. Бидний дунд анхны хөрөнгө оруулалтын зардал өссөн шалтгааныг тодруулах л зүйл бий. Оюу толгойн зэсийн баяжмал хариуцсан захирлаас манай талд захидал ирсэн байна лээ. Тэр захидалд дөрвөн зүйлийг дурдсан байсан. Тухайлбал, зэсийн баяжмалаа гаргана, дахин санхүүжилтийг ярилцаж шийдье, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэе, нэ­мэлт санхүүжилтээ шийдье зэргийг багтаасан байна лээ. Өнөө шөнө зэсийн баяжмал хариуцсан захирал Монголд ирж, холбогдох албаныхантай уулзана.  
Валютын ханш чангарсан нь Монголбанкнаас олон төсөл хөтөлбөр хэрэг­жүүлснээс болсон гэж зарим эдийн засагч тайлбарлаж байна лээ. Энэ байдал ер нь юунаас болж үүсэв?
-Маш олон шалтгаан бий. Сангийн, Эдийн засгийн хөгжлийн, Уул уурхайн яам болон Монголбанк энэ талаархи нэгдсэн дүгнэлтээ удахгүй гаргана. Судлаачдын дүгнэлтийг буруушааж болох­гүй. Тэдний санал бодлыг ч гэсэн сонсч дараа нь Засгийн газар шийдвэрээ гаргана. Гэхдээ манай эдийн засгийн байдал хүндрээд байгаа гол шалтгааныг би хэлье. Бид дэлхийн зах зээлд алт, зэс, нүүрсээ гаргаж байгаа ч нэг ч ам.доллар орж ирэхгүй байна. Манай улс урьдчилж аваад хэрэглэчихэж. Бид Оюу толгойгоос 250 сая ам.доллар, Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.доллар авсан. Үүний 180 сая ам.долларыг нь нүүрсээ гаргаж, төлсөн. Одоо үлдсэн 170 сая ам.долларыг урд хөрш рүү дахин нүүрс гаргаж төлж дуусгана. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ч хүнд байдалд ороод байна. Зэсээ гаргаж зарахаас өмнө сонгуулийн наана Хүний хөгжил сангаар дамжуулж мөнгө тараах гээд мөнгө авчихсан. Манай улсыг нэг өрх айл гэвэл бид одоо 800 орчим сая ам.доллар буюу нэг их наяд төгрөгийн өртэй болчихоод байна. Тиймээс бид нүүрс нэмж олборлож, тэндээсээ ашиг олохоор төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн Зүүн цанхиас олборлосон нүүрсээ “Чалко” компанийн өрөнд өгөх бол Баруун цанхиас хоёр сая тонн нүүрс олборлож, дэлхийн зах зээлд гаргахаар ажиллана. Мөн энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, ам.доллар хомс байхад зарим сургуулиуд сургалтын төлбөрөө ам.доллараар авна гэж байна гэсэн. Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх гүйлгээ төгрөгөөр хийгдэх ёстой шүү.   
-Гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн эргүүлж татах вэ. Эдийн засгийн өсөлтийг бий болгох боломж харагдаж байна уу?
-УИХ-ын өнгөрсөн оны сонгуулийн өмнө Гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулсан хууль эрхзүйн орчин таагүй гарсан. Бид үүнийг засч, залруулахаар явж байна. Аливаа зүйлд гарц гэж бий. Гагцхүү гарцаа зөв олох ёстой.  
-Жилийн найман ху­вийн хүүтэй орон сууцны зээл гарснаар байрны үнэ өмнөхөөсөө эрс нэмэгджээ. Үүнийг бууруулж, тогтоон барих чиглэлээр Засгийн газраас ямар ажил хийж байна вэ?
-Жилийн 16 хувийн хүү­тэй орон сууцны зээлийг Зас­гийн газраас найман хувь бол­госон. Энэ хөтөлбөрийг хэрэг­жүү­лэхийн тулд бид барилгын материалын үнийг тогтоон ба­рих бодлого явууллаа. Мөн барилгын гүйцэтгэл нь 100 хувьд хүрээгүй барил­гын компаниудыг хө­төлбөрт хам­руулаагүй. Хө­төл­бөрт хам­рагдаагүй өөрийн хөрөн­гөөр барьж ашиглалтад оруул­сан орон сууцаа компаниуд хэдээр зарахыг бид шийдэж чадахгүй.
-Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн энэ оны санхүүжилт дуусч байгаа гэсэн яриа гарсан. Уг хөтөлбөрийг өвлөөс зог­соож, ирэх хавар эх­лүү­лэ­хээр ярьж буй гэсэн үнэн үү?
-Бид нэг эхлүүлсэн ажлаа замын дундаас орхихгүй. Найман хувийн хүүтэй зээл ч зогсохгүй гэдгийг хэлье.

С.Заяа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан