Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“БИЕЛЭГДЭШГҮЙ ДААЛГАВАР” БУЮУ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН “ХЯМРАЛ”

Зуны налгар өдрүүд дуусч, хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн хичээлийн шинэ жил хаяанд ирлээ. Жил бүрийн наймдугаар сарын дундуур нийслэлд хөл хөдөлгөөн нэмэгдэж, эцэг эхчүүд балчир үрсийнхээ хичээлийн хэрэгслэл, дүрэмт хувцсыг бэлтгэх нөр их ажилдаа ордог. Арван хэдхэн хоногийн дараа эхлэх есдүгээр сарын 1-нд зориулсан бичиг хэрэгслийн үзэсгэлэн худалдаа нийслэлд хэд хэдэн газарт нээгдсэн байна. Саяхан шинээр ашиглалтад орсон “Дүнжингарав”, “Оргил”, “Нарантуул” худалдааны төв өнгөрсөн долоо хоногоос эцэг эхчүүд болон багачуудын хөлд дарагдаж эхэлжээ. Тиймээс валют өссөн гэх дуулианаар импортын барааны үнэ нэмэгдэж буй энэ үед эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлд хэдэн төгрөг зарцуулах тооцоог гаргахаар “Нарантуул” зах болон “Оргил” худалдааны төвийг зорьсон юм.

“Нарантуул” худалдааны төвийн хичээлийн хэрэгслийн үнэ нэмэгдэж магадгүй...

Хичээлийн шинэ жил ойртож буйтай холбоотойгоор тус олон улсын худалдааны төвийн  хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. Гэвч улирлын өсөлт үү эсвэл валютын ханш нөлөөлсөн уу хичээлийн хэрэгслийн үнэ бага зэрэг нэмэгджээ. Энэ тухайгаа наймаачид  “Дэвтэр, балны үнэ бага зэрэг нэмэгдсэн. Одоо зарж байгаа бараанууд харин ч гайгүй. Энэ долоо хоногт шинээр ирэх бараанууд ерөнхийдөө нэмэгдсэн үнэтэйгээр ирэх байх шүү” хэмээн валютын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байлаа. Тухайлбал, монгол дэвтэр 12 хуудастай нь 120, 48 хуудастай нь 450, 96 хуудастай нь 800 төгрөг гэж байсан бол польш дэвтэр 24 хуудастай нь 400, 60 хуудастай нь 650,  үзгэн бал  160-900, тосон бал 100 төгрөг, харандаа 150-600, 0,5 харандаа 500-1200,  зургийн дэвтэр 400-800,  цүнх 10-80000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Харин сурагчийн цагаан цамцны үнэ материалаасаа шалтгаалан 8-15 мянган төгрөг бол биеийн тамирын хувцас гэхэд 18-35 мянган төгрөг байна. Бидний дараагийн очсон газар бол “Оргил” худалдааны төв. Сүүлийн жилүүдэд хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа тогтмол явуулж буй тус төвөөр үйлчлүүлэх иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй. Тус төвийн малайз дэвтэр бусад бараа бүтээгдэхүүн ч өмнөх жилүүдийнхээс тодорхой хэмжээгээр нэмэгдэж ирсэн гэнэ.  

Нэг хүүхэд 150-200 мянган төгрөгөөр хичээлдээ бэлдэнэ

Ингээд энэ хичээлийн жилд нэг хүүхэд дунджаар хувцас болон хичээлийн хэрэгсэлдээ 150 мянгаас 200 мянган төгрөг зарцуулах нь. Энэ нь, зөвхөн эхний ээлжинд “гал унтраах” байдлаар авах мөнгөн дүн шүү. Үүнд, дүрэмт хувцас, дэвтэр, үзэг, шугам, зургийн дэвтэр гэх мэт юун түрүүнд хэрэглэх зүйлсийг тооцсон болохыг хэлэх нь зүйтэй байх. Жил бүр үнэ нь тодорхой хэмжээгээр өсдөг энэ салбарт валютын үнийн өсөлт хурцаар нөлөөлөх хандлагатай байна. Нэг хүүхдэд 200 мянган төгрөг зарцуулж байгаа гэхээр 2013-2014 оны хичээлийн жилд хоёр хүүхэдтэй өрх 400-500 мянган төгрөг зарцуулах төлөвтэй. Хүүхдээ бусдын өмнө нүүр улайлгахгүй явуулахын тулд эцэг эхчүүдэд ихээхэн хүнд даалгавартай тулгарлаа даа.
Г.Лхагвадорж

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан